Степпе Арена буюу бидний нэрлэж заншсанаар Мөрөөдлийн Мөсөн өргөө нь 2019 оны 4-р сард шаваа тавьж, цар тахлын хөл хориотой зэрэгцэн баригдаж, 2021 оны 9-р сард нээлтээ хийсэн билээ. Мөсөн өргөө нь монголчуудын, тэр дундаа мөсөн спортынхны 100 жилийн мөрөөдлийг биелүүлсэн түүхэн бүтээн байгуулалт бөгөөд маш богино хугацаанд баригдаж нээлтээ хийснээс хойш гадаад дотоодын олон шагнал авч, олны талархлыг хүлээгээд байна. Монгол Улсын 2021 оны шилдэг бүтээн байгуулалт, 2021 оны онцлох үйл явдлын нэг, Монголын Үндэсний олимпын хорооны спортын шилдэг бүтээн байгуулалт, Бөртэ чоно цомын эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэршээлтэй хүмүүст ээлтэй барилга байгууламж зэрэг шагналыг дотооддоо хүртсэн юм. Цаашилбал, Олон улсын үл хөдлөх хөрөнгийн байгууллагаас 2021 онд Монгол Улсын Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртэж байсан бол 2022.02.25-нд Ази, Номхон далайн бүсийн 2021 оны Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртлээ. Шагналыг Монгол Улсаас Их Британийн Лондон хотноо суугаа Онц бөгөөд Бүрхэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх Монгол Улсаа төлөөлөн гардан авсан юм. Элчин сайд Б.Энхсүх “Манай үндэсний компани “Степпе Арена” ХХК-ийн бүтээн байгуулсан Мөсөн өргөө соёл, спортын ордон Их Британийн “The International Property Awards” байгууллагын “Ази тивийн 2021 оны Олон нийтэд зориулсан үйлчилгээний шилдэг байгууламж” шагналыг хүртэж байгаад маш их талархаж, бахархаж байна” хэмээн шагнал гардах үед хэлсэн байна.
“Степпе Арена” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Булганбаяр шагналаа хүлээж аваад ”Ази тивийн 2021 оны Олон нийтэд зориулсан үйлчилгээний шилдэг байгууламж шагналын эзэн “Мөсөн өргөө” ордны хамт олон 2022 ондоо багтаж үйлчилгээний ухаалаг систем, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан хамгийн сайн үйлчилгээтэй, үлгэр жишээ урлаг спорт, олон нийтийн байгууллага байхыг зорьж байна” гэж онцолсон юм.
Цаашилбал, Мөсөн өргөө ордныг Олон улсын Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт номинацид нэр дэвшүүлсэн байна. Шалгаруулалт удахгүй болох юм.