Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаантай утсаар холбогдож тодруулга авлаа.
–Таны бариулж байгаа Мөсөн өргөөний нээлтийн урилга тарж байна гэнэ. Үнэн үү?
-Үнээн. Мөсөн өргөөгөө хэдхэн хоногийн дараа нээнэ. Хэцүү хүндрэлтэй цаг үед энэ өргөөг богино хугацаанд барьж байгуулсан бүтээн байгуулагчиддаа, дэмжсэн, итгэсэн хүмүүст баярлалаа гэж хэлье.
–Уучлаарай, хорио цээрийн талаас нь асуусан юм л даа. УОК зөвшөөрсөн юм уу?
-Сэтгүүлчийн сониуч асуулт тавьж байгааг чинь одоо ойлголоо. Цар тахлын аюулаас хамгаалахын тулд тас хорих, аль эсвэл зөнд нь хаяхын аль аль нь буруу. Хоёр туйл, өдөр шөнө шиг ялгаатай. Халдвар хамгааллын нийтлэг стандарт, хэм хэмжээ тогтоогоод амьдрал, бизнесээ явуулахгүй бол хүмүүсийн амьдрал хэцүүдлээ. Энэ уршигт өвчин нэгэнт арилахгүй, хүн төрөлхтнөөс холдохгүй болох нь тодорхой болсон учраас улс орнууд шинэ орчинд дасан зохицох бодлого, уян хатан, ухаалаг үйл ажиллагаагаа явуулж байна. Английн Премьер Лигийн тэмцээн үзэгчидтэй болж байна. Токиогийн олимпийг ч гэсэн халдвар хамгааллын дэг сахиад тамирчид, дасгалжуулагчид, зохион байгуулагчид, сэтгүүлчид гээд тэр олон арван мянган хүн оролцсон олон өдрийн арга хэмжээг зохион байгуулж болдгийг би өөрийн биеэр очоод, үзээд, хараад, туршлага судлаад ирлээ. Тийм болохоор орчин үеийн агааржуулалтын системтэй Мөсөн өргөөнд суудлын тооноос нь 2-3 дахин цөөн хүн уриад, зайтай суулгаад үлгэр жишээ зохион байгуулна. Зөвхөн урилгаар оролцоно. Тийм болохоор хаа хаанаа зөв ойлгож хандаж байгаа. Энэ далимд, нэг зүйл нэмээд хэлчихэд, урилгатай хүмүүс дулаан хувцаслаж ирээрэй.
–Яагаад дулаан хувцаслахыг сануулах болов? Дулаанаа аваагүй байгаа юм уу?
-Үгүй ээ, манай Мөсөн өргөө маш сайн дулаалгатай, эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд ээлтэй ордон. Гэхдээ мөсөн талбайгаа хайлуулахгүйн тулд шалыг нь дороос нь байнга хөргөдөг, халаалтыг дээврээс нь өгдөг онцлогтой гэж энгийнээр хэлье. Тийм болохоор сэрүүхэн. Эхний эгнээнд 5 хэм л дулаан байна. Дээшлэх тусам нэмэгдэж, хамгийн дээд талын эгнээнд нэмэх 15 хэм байна. Тийм болохоор даарахаас сэрэмжилж дулаан хувцастай ирээрэй л гэж хэлж байгаа ухаантай юм шүү.
-Дулаан хувцас гэхээр юу өмсөх вэ. Манайд өмнө нь ийм ордон байгаагүй болохоор би гэхэд дулаан газар орох юм бодоод байна. Төсөөлөхгүй байна.
-Ноосон өмд, цамц, курткатай ирэх хэрэгтэй. Манайхан харин гайхаад л байна. Ийм сэрүүхэн байх юм уу. Зун бол салахгүй юм байна л даа гэцгээж байна.
–Ойлголоо. Энэ цар тахлын талаар цаашид яавал зүгээр вэ?
-Гурван зүйл хэлье. Нэгд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийсэн нэг маш зөв ажил бол яах аргагүй ард иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулсан явдал. Одоо үлдсэн хүмүүсээ вакцинд хамруулахад онцгой анхаарах хэрэгтэй санагдаж байна. Эрсдэл тэдний дунд өндөр байгаа. Бас нэг зүйл хэлэхэд, агаарын хилээ нээмээр байна. Байнгын нислэггүй цор ганц улс болж үлдэх нь ээ. Хоёрт, одоо УОК асуудлыг нэг нэгээр шийдэх, хориглох гэхээсээ илүү нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, стандарт тогтоож мөрдүүлэх, биелэлтэнд нь олон нийтийн оролцоотой хяналт тавихад түлхүү анхаарах цаг болсон. Өвчин тахлын үед битгий хэл дайн дажны үед ч хүмүүсийн ажил амьдрал үргэлжилж, тухайн орчинтой дасан зохицоод явдаг нь жам биз дээ. Гуравт, хүмүүс, хүн бүр хариуцлагатай байх. Тэр нь тийм хэцүү зүйл биш. Гараа байнга угааж, ариутгаж хэвш. Олон нийтийн газар зайгаа барьж, маскаа зүү. Вакцинд хамрагд. Гай болж өвчний шинж илэрвэл нуух хэрэггүй, эмчид ханд, өөрийгөө тусгаарлаж, бусдыг эрсдэлд оруулахаас сэрэмжил гэж хэлье дээ.
–Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.