ЭШЛЭЛ 1
Миний амьдрал ардчилал, ардчилсан үзэл санаа, ардчилсан нийгэм байгуулах үйл явцаас хором ч хол байгаагүй. Монголд ардчиллын хөрс суурь баттай байгааг бүгд мэднэ. Гэтэл ардчиллын тогтолцоо нь дэндүү эмх замбараагүй, арчаагүй байгаа нь үнэн. Тиймээс үүнийг засч залруулах боломж надад байна гэж шууд харж байна.
ЭШЛЭЛ 2
Би хүмүүст боломж олгодог хүн. 1992 оноос хойших найман сонгуулийн долоод нь оролцож, дандаа ялалт байгуулж ирсэн хүний хувьд дүгнэхэд би хүмүүст байнга боломж олгох л юм бол ялалт байгуулж болдог гэдгийг ойлгосон.
ЭШЛЭЛ 3
Ардчилсан намын дарга парламентын гишүүн байх ёстой.
ЭШЛЭЛ 4
Хуваагдаж, талцахыг би хүсдэггүй учраас, бас бусдад боломж олгох зарчмаа баримтлаад намын даргын өмнөх сунгаанд нэрээ дэвшүүлж, материалаа өгсөн байсан ч өрсөлдөлгүй өөрийн нэрээ татсан. Учир нь парламентын хоёр гишүүн өрсөлдөх гээд байсан учрсаа О.Цогтгэрэлд тэгж боломж олгосон.
ЭШЛЭЛ 5
Намын даргын өмнөх сунгаанд О.Цогтгэрэл ялсан. Дээд шүүхээс 38 дугаар тогтоол гэж гарсан. Тогтоолд “О.Цогтгэрэлийг өргөн барьсан Их хурлыг хүчин төгөлдөр байна, Их хурлыг зарласан Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр байна гэж үзсэн байсан. Харин О.Цогтгэрэлийг намын Их хурлаараа ёсчлон батална гэсэн заалт ороогүй байна, өөрөөр хэлбэл процедурын алдаатай байна, тиймээс дахин сунгаа зохион байгуулаад дарга тодруулаад өргөн барь” гэсэн тогтоол гарсан байсан. Уг тогтоолыг үндэслээд сая намын Дотоод сонгуулийн хорооноос дахин намын даргын сунгааг зарласан.
ЭШЛЭЛ 6
Сунгаанд нэр дэвших гэж байсан О.Цогтгэрэл нэрээ гэнэт татсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн нэрээ татаж байгаа бол надад нэрээ дэвшүүлэх боломж гарч ирсэн гэсэн үг.
ЭШЛЭЛ 7
Ардчилсан намын уналтыг түргэн зогсоох, эв нэгдлийг хангах, цаашдын томоохон зорилт, бодлогоо хэрэгжүүлдэг нам болгохын төлөө зорьж нэрээ дэвшүүлсэн.
ЭШЛЭЛ 8
Ардчилсан намыг өнөөдрийн ийм байдалд хүргэсэн хүмүүсийн нэг, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүн намын даргад өрсөлдөх болсон сэтгэл дундуур байна. Харамсалтай нь бид хоёроос өөр хүн бүртгүүлэхгүй байсаар сунгааны бүртгэл дууссан байгаа.
ЭШЛЭЛ 9
Би ямар нэгэн өрсөлдөгчийг сонгоогүй. Хамгийн түрүүнд би бүртгүүлсэн. Араас нь экс Ерөнхийлөгч бүртгүүлсэн.
ЭШЛЭЛ 10
Надад ямар ч эргэлзэх зүйл алга. Ялна гэдэгтээ л итгэлтэй байна.
ЭШЛЭЛ 11
Би Ардчилсан намын туулж ирсэн 30 гаруй жилийн зовлон, жаргалыг нүдээрээ харж, гараараа барьж ирсэн. Энэ хугацаанд манай намыг удирдаж ирсэн ах нар ч гэж ярьдаг хүмүүс өнгөрсөн найман удаагийн сонгуульд бүгдэд нь ялалт байгуулах боломж байсан. Хааяа нэг ялахаараа албан тушаалаа хуваадаг гэх мэт асуудлаасаа болоод хоорондоо мууддаг, талцдаг. Энэ үнэндээ нууц биш зүйл шүү дээ.
ЭШЛЭЛ 12
Өнгөрсөн хугацаанд манай намаас хоёр ч удаа Ерөнхийлөгч сонгогдон гарч ажиллалаа. Энэ хүмүүс намаа зангидах нь битгий хэл бүр тараадаг, хуваадаг байдал ил болж явлаа шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг, энэ гажуудлыг засч залруулах хүмүүсийн нэг нь би гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.
ЭШЛЭЛ 13
Одоо нэр дэвшиж байгаа энэ хоёр хүнээс хамгийн хурдан намаа эвлэрүүлж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулах сүүлийн цайз нь би өөрийгөө боллоо гэж харж байна. Би ялбал хамгийн түрүүнд Ардчилсан намын хуваагдал, өнөөдрийн энэ үүсээд байгаа асуудалд зоригтойгоор шууд цэг тавина.
ЭШЛЭЛ 14
Аливаа хүн шинэ карьер эхлүүлэхийн тулд сайн түүхтэй байх ёстой. Х.Баттулгын өнгөрсөн 32 жилийн түүхийг хар даа. Ардчилсан намыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг бол Х.Баттулга.
ЭШЛЭЛ 15
Х.Баттулга дахин шинэ хэв маягаар гарч ирсэн ч асуудлыг шийдвэрлэж, бодлогыг хэрэгжүүлж явж чадахгүй.
ЭШЛЭЛ 16
Надад боломж байна. Би найман сонгуульд оролцоод долоод нь ялсан хүн. Монгол Улс 21 аймагтай. Миний хувьд Сүхбаатар аймагт тав дараалан ялж, бодлогоо хэрэгжүүлж байсан. Тэгвэл 21 аймгийг бүхэлд нь яагаад тав дараалан ялуулж болохгүй гэж? Нийслэлийг яагаад ялуулж болохгүй гэж?
ЭШЛЭЛ 17
Надад төлөвлөгөө байна, жор байна. Үүнийгээ ч би өнгөрсөн долоон удаагийн сонгуульд ялалт байгуулахдаа харуулж ирсэн. Ардчилал тогтвортой байснаараа ямар үр дүнд хүрдгийг би Сүхбаатар аймгаар жишин хэлж болно. Бодлого явдаг газрын эдийн засаг яаж өсч хөгжиж байгааг Сүхбаатар аймгаас л харчих хэрэгтэй.
ЭШЛЭЛ 18
АН-ыг эвлэрүүлэх хүн нь Х.Баттулга биш.
ЭШЛЭЛ 19
Х.Баттулга Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, бүр Ерөнхийлөгч хүртэл хийчихээд өнөөдөр Ардчилсан намыг орох оронгүй, оочих аягагүй талын нэг тараачихсан хүмүүсийн нэг шүү дээ. Өнгөрсөн 32 жил чадаагүй хүнийг 33 дахь жилдээ чадна гээд гараад ирэхээр хэн итгэх юм.
ЭШЛЭЛ 20
Миний өрсөлдөгч Х.Баттулга дарга болчихвол энэ нам нэгдэх нь байтугай улам бүр жижгэрч, салан бутарна.
ЭШЛЭЛ 21
Монгол Улс бол эрх зүйт төртэй, ард түмэн нь хуулийн дор амьдардаг орон. Тэгэхээр Дээд шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гарсан 38 дугаар тогтоолын хүрээнд л асуудал шийдэгдэх ёстой. Энэ дагуу буюу Ардчилсан нам сунгаагаа хийгээд Их хурлаараа асуудлаа шийдвэрлээд түүнийгээ Улсын дээд шүүхэд өгөөд бүртгэлээ баталгаажуулах энэ процесст өөрөө ямар нэгэн эрх зүйн доголдол байхгүй. Ингэсний дараа намаас эрт орой хөөгдсөн туугдсан, бие биенийхээ өс хонзонгоор буланд шахагдсан бүх хүнтэй ойлголцолд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний үеийнхэн бодлого тодорхойлох цаг нь болсон.
ЭШЛЭЛ 22
Ардчилсан намын өнөөгийн энэ уналтыг манай үе үеийн удирдлагууд, намын лидерүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчил, таарамжгүй байдал, хувийн ашиг хонжоо яван явсаар энэ хүнд нөхцөл байдлыг бий болгосон. Бүр сүүлдээ ардчиллыг байхгүй болгох зам руу чирээд оруулчихлаа шүү дээ. Ардчилсан намыг олон сонгуульд ялагдал хүлээлгэсэн дарга нь ч огцордоггүй, дараагийн дарга нь ч тодордоггүй. Ингэж явсаар л өнөөгийн нөхцөл байдалд тулж ирлээ.
ЭШЛЭЛ 23
Норовын Алтанхуягийн Засгийн газар 2012 онд гарч ирээд бүх хүнд хөдөлмөрлөх урам зориг өгсөн. Энд ч зам барьсан, тэнд ч барилга байшингууд босч, бизнес, эдийн засгийн болон нийгмийн амьдрал эрс сайжирч ирсэн. Гэтэл манайхны өөрсдийнх нь хоорондох зодооноос болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар унагаасан шүү дээ. Энэ засгийг унагаасан хүн хэн бэ гэдгийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар унасны маргаашаас эхлээд Ардчилсан намын сүр сүлд, цог хийморь алга болсон, мөхсөн.
ЭШЛЭЛ 24
Сунгаандаа ялалт байгуулаад, эрх зүйн зөрчилгүй албан ёсны Ардчилсан нам нэг болчихсоны дараа намын зохион байгуулалт, дотоод эв нэгдлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж болно гэдэгтээ ч итгэлтэй байна. Маш богино хугацаанд намаа эмхэлнэ. Бүх талуудтай хэлэлцээрийн ширээнд сууна. Ингээд 2024 оны сонгуулийн ажилдаа шууд орно. Цаашид Ардчилсан нам зөвхөн судалгаанд суурилсан бодлого шийдвэрийг гаргаж явах болно. Мөн зөвхөн сонгогчдын хүсэн хүлээсэн хүнийг нэр дэвшүүлэх зарчим руу орно.
Сэтгэгдэл (23)