ЭШЛЭЛ 1
Өнөөдрийн манай нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгаа гурван зүйл нь нэгдүгээрт шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт байгалийн баялгийг цөөнхөд биш олонхид хүртээмжтэй болгох, гуравдугаарт одоо бараг алга болж яваа дундаж давхаргаа дэмжих.
ЭШЛЭЛ 2
Хөгжлийн банкны зээлүүд шиг ийм хэрэг дээр танай нам, манай нам гэж хандаж болохгүй. Ингэж талцуулан улстөржүүлснээр дундаас нь хулгайч дээрэмчид л хождог.
ЭШЛЭЛ 3
Хөгжлийн банкны асуудал бол МАНАН бүлэглэлийн хулгай дээрмүүдийн зах зух. Бүх бузар булайг Ардчилсан нам руу чихэж хаагаад, цаана нь жинхэнэ хулгайч нар ял завшиж үлддэг, өнөөх л банк дампууруулж өөрсдийгөө цэвэрлэдэг муухай технологио МАНАН бүлэглэл хэрэгжүүлэх вий гэх болгоомжлол байна.
ЭШЛЭЛ 4
УИХ түр хороо байгуулаад Хөгжлийн банкны зээл тус бүрийг ярьж, олон нийтэд ил тод болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө төрийн албыг худалдсан 60 тэрбумын хэрэг шиг, ЖДҮ-гийн хэрэг шиг ганц хоёр хүнээр туг тахиад өнгөрнө.
ЭШЛЭЛ 5
Манай Засгийн газрын үед Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ТОСК-ийн зээлээр Буянт-Ухаа нэг, хоёрдугаар хороолол баригдсан. Энэ хоёр хороололд олон мянган иргэн амьдарч байна. Харин ТОСК-ийн нэрээр Хөгжлийн банкнаас зээл авч Яармаг нэртэй хувийн компанийн орон сууц барихад, нөгөө нь хөдөлгөөнт барилгын үйлдвэр барих төхөөрөмж санхүүжүүлэхээр болсон нь манай Засгийн газартай холбоогүй.
ЭШЛЭЛ 6
Чингис бонд бол Монгол Улсын босгосон хоёр дахь бонд. Чингис бондын бүтээн байгуулалт нүдэнд харагдаж, гарт баригддаг. 1.5 тэрбум доллараар хоёр, гуравхан жилд багтаан гурван мянган км зам тавьж, хотын гудамж, уулзвар гарцуудаа өргөтгөж, станцуудынхаа хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, 80 гаруй мянган иргэдээ найман хувийн зээлээр орон сууцанд хамруулж, жижиг дунд бизнесийг дэмжих 888 төсөл амжилттай хэрэгжүүлж байлаа. Импортыг орлох экспортыг дэмжих олон үйлдвэрүүд дэмжлэг авч үүд хаалгаа нээсэн.
ЭШЛЭЛ 7
Бид Чингис бондоор Богд Зонховагийн хөшөө санхүүжүүлээгүй. Харин улсын хөгжилд хэрэгтэй, иргэдэд хүртээмжтэй ийм олон ашигтай ажлууд хийсэн. Үүндээ нүүр бардам явдаг.
ЭШЛЭЛ 8
Би аль ч намын Засгийн газар байсан улс, эх орныхоо эрх ашгийн төлөөх зүйл дээр бол нам хамаагүй дэмжээд явдаг, цаашид ч тэгэх болно.
ЭШЛЭЛ 9
Тайван замаар хамтдаа тэмцэж олж авсан ардчиллыг МАНАН бүлэглэлийн хэдхээн хүн хэрхэн зохион байгуулалттайгаар устгаж, үгүй хийж байгааг харж л байна. Тэд хулгай дээрэм тонуулаа хаацайлахын тулд Монголын ардчиллыг, магадгүй тусгаар тогтнолоо ч золиослож, үнэт зүйлс, үзэл санааг маань устгаж ч байна шүү дээ.
ЭШЛЭЛ 10
Өмнө нь намууд нь нам шиг ажиллаж, сонгууль нь хэн ч өрсөлдөж болохуйц шударга болдог байсан. Гэтэл одоо сонгууль нь нам дамнасан бүлэглэлийн мөнгөний уралдаан болж хувирсан.
ЭШЛЭЛ 11
Төрд хулгай дээрэм нүүрлэж, төрийн дээр хуулиас гадуур, хууль хяналтынханыг гартаа атгасан, хэн ч яллаж шүүж чадахгүй болсон бүлэглэл сүүлийн 10 гаруй жилд бий болсныг бүгд мэддэг болсон ч хэн ч айгаад дуугарч чаддаггүй байсан. Миний хувьд энэ бүлэглэлд нэгдэхгүй, хуйвалдаанд оролцохгүй, улс орон, ард түмний эрх ашигт хохиролтой шийдвэр гаргахгүй гэдэг зарчим дээрээ тууштай байж, эсэргүүцэж тэмцсэнийхээ төлөө Ерөнхий сайдаас огцорч, намын даргаа өгөхөөс өөр аргагүй шахалтад орж байлаа.
ЭШЛЭЛ 12
Би улс үндэстнийхээ эрх ашгийг үргэлж нэгдүгээрт эрэмбэлдэг. Улс эх оронд хэрэгтэй шийдвэр гаргаж байвал одоо ч МАН-ын шийдвэрүүдийг дэмждэг. Түүн шиг эх орон гэдэг том малгайн доор Х.Баттулгатай зам нийлсэн.
ЭШЛЭЛ 13
Буруу замаар олсон хоол багалзуур дээр тээгэлдэг гэсэн гэр бүлийн хүмүүжил суулгасан аав ээждээ баярлаж явдаг даа. Тэгээгүй бол арваад жил шударга бусын хонгилоор чирүүлсэн надаас өө сэв олох л байсан.
ЭШЛЭЛ 14
Ганц намтай байх бүх л аргаа эрх баригчид хэрэглэж байна.
ЭШЛЭЛ 15
УИХ нэг бүлэгтэй, Монгол улс нэг намтай, нийт эдийн засаг нь МАНАН гэх бүлэг хулгайч нарын гарт эзлэгдсэн, шудрага ёсгүй, хуулийн засаглалгүй хүнд нөхцөлд байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлхээр “попорлоо, улстөржлөө, хэн нэгний явуулга” гэх мэтээр захиалгатайгаар гүтгэж харлуулж байгаад л хулгай дээрмээ үргэлжлүүлээд байдаг аргатай болсон.
ЭШЛЭЛ 16
Монголд ардчилал, хүний эрх гэх үг хэрэглэгдэхээ байж, дарангуйлал тогтох бодит аюул бий боллоо.
ЭШЛЭЛ 17
Би амаа үдүүлж чаддаггүй хүн. Тэгээд ч шударга бусын хонгилыг илчлээд өөрөө төдийгүй эргэн тойрны бүх хүмүүсээ хэлмэгдүүлж тамлуулсан хүн одоо юунаас айх вэ. Үнэн хатуу, хуурамч нь хувирамтгай шүү дээ.
ЭШЛЭЛ 18
Одоогийн УИХ олонхиороо түрий барьж цөөнхөө хувааж хагалахдаа уургын морь шиг, улс орны язгуур эрх ашиг, ард түмний ахуй амьжиргаа ярих асуудлууд дээр бүгд таг.
ЭШЛЭЛ 19
АН хагараагүй, харин хагалж тоглоод байгаа. Дотоодын өрсөлдөөн, эрх ашгийн тэмцэлдээ улс орныхоо язгуур эрх ашиг, тусгаар тогтнолыг хөндөнө гэдэг хожмоо засагдаж, уучлагдашгүй том үр дагавар авчрах вий.
ЭШЛЭЛ 20
МАНАН бүлэглэлийнхэн МАН дотор байр сууриа бараг алдчихаад одоо АН дотор тогтож, дахин амьдрах аргаа хайн бэдэрч яваа.
ЭШЛЭЛ 21
МАНАН бүлэглэлтэй үзэлцэж төрийн өндөрлөгт хүрсэн нөхөд эргээд МАНАН-гийнхантайгаа нийлж хуйвалдаад байна уу даа гэсэн хардлага ч төрөх боллоо.
ЭШЛЭЛ 22
Би Ардчилсан намаасаа гараагүй ээ, гарах ч хүн биш. Гурван Э (Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ нар) намайг УИХ-д АН-аас нэр дэвшүүлэхгүй гэж хийсэн үйлдэл шүү дээ. Ардчиллын талд зогсдог, МАНАН бүлэглэлийн эсрэг сөрдөг хүмүүсийг улс төрөөс арчих гэсэн Э-нүүд олон булай үйлдэл хийж байсны нэг нь л энэ.
ЭШЛЭЛ 23
Ардчиллыг одоо энэ маань л аварна даа гэж бодож байгаа хүмүүс чинь их мөнгөний өмнө, их хуйвалдааны өмнө таны дуу хоолойгоор дутаад хүч мөхөсдөөд байна. Тиймээс хамтаа дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх хэрэгтэй. Зөв тэмцэл хэзээ ч оройтохгүй, зөв зорилго хэзээ ч ялагдаж мухардахгүй.
ЭШЛЭЛ 24
Үг хэлэх эрх чөлөөг хаанахын тагнуул вэ гэж хориглоно, ардчиллыг гаднын захиалга гэж устгана, эцэст нь удахгүй удирдагчаа хараад уйлдаг ард түмэн болгох гэж дайрцгаах вий.
Сэтгэгдэл (12)