Монголын банкны холбооноос “Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм” судалгааг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн он банкны салбарт амжилттай жил байлаа. Зээлийн хүү жилийн 14 хувьд хүрч буурлаа. Энэ нь түүхэн доод түвшин юм. Энэ онд системийн нөлөө бүхий таван банк олон нийтэд нээлттэй, ХК болох ёстой. Эдгээр банкуудын жилийн эцсийн үзүүлэлтүүд сайн гарлаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь өндөр байна. Энэ үзүүлэлт банкуудын зээл нэмж олгох нөөцийг харуулдаг. 12 хувь байх ёстойгоос 15 хувь байна. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар маш сайн үзүүлэлттэй байна. Гэвч төрийн зээллэг ихээхэн чанаргүй байгааг та бүхэн мэднэ. Зээл олгодог төрийн механизм бүрэн ялгарсан.
Дэлхийн банкнаас “Бизнес эрхлэхүй 2021 тайлан” гаргасан. Энэ тайланд зээл авлага, барагдуулах үзүүлэлтээр их доогуур буюу 150–д байна. Чанаргүй зээл барагдуулахад манай улсад дөрвөн жил зарцуулдаг. Үүгээр зогсохгүй авах ёстой зээлийнхээ 18 хувийг л авдаг жишиг манай улсад тогтсон тул би ялзарсан гэж хэлж байгаа юм. Финландад 9 сар зарцуулж байгаа нь манайхаас дөрөв дахин богино хугацаа юм. Зээл төлүүлэх шат дамжлага их урт байна. Нийт зээлийн үлдэгдэл 21 хувиар, иргэдийн зээл 38 хувиар өсжээ. Энэ онд эдийн засаг сэргэнэ гэж хүлээж байна. Таван толгой-Гашуун Сухайтын төмөр замын хилийн цэгийг ГХЯ урд хөрштэй тохирсон. “Оюу толгой”-н гүний уурхайн анхны нураалтыг хийлээ. Эдгээр нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Үүнд төр засгаас онцгой анхаарах хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун