Монголын банкны холбооноос “Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм” судалгааг танилцууллаа. Энэ үеэр Банк санхүүгийн академийн захирал Г.Бумчимэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн оны статистикийн мэдээ гараад удаагүй байна.
Өнгөрсөн онд эдийн засаг 1,4 хувиар өссөн. Харин дөрөвдүгээр улиралд хил гаалийн гацаатай байдлаас шалтгаалж эдийн засгийн өсөлт буурсан. Мөн уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлт агшсан. Тээвэрлэлт хүндрэлтэй байгаа ч гэсэн экспортын үнэ өндөр байсан нь гадаад худалдааны тэмцэлд эерэгээр нөлөөлсөн байгаа. Мөн нөгөө талаас импортын хувьд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний үнэ өссөн нь сөргөөр нөлөөллөө. Ханшийн хувьд төгрөгийн бодит ханш чангарсан. Ирээдүйд бодит ханш, нэрлэсэн ханшийн хөдөлгөөн эсрэг чиглэлд байхаар харагдаж байна. Энэ нь Монгол улсын хувьд эрсдэлтэй. Өнгөрсөн онд инфляц хурдацтайгаар өссөн.
Үүнд нийлүүлэлтийн бүтээгдэхүүний доголдол, хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр нөлөөлсөн. Төв банк бодлогын хүүгээ өнгөрсөн оны эцсээр нэмсэн. Инфляц ийнхүү өсөж байгаа нь бодлогын хүүгээ нэмэхэд хүргэж байна. 2021 онд төсөв өсөлттэй гарсан. Тухайлбал, орлогын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувийг эзэлж байсан бол зардал 41 хувийг эзэлсэн. Төсвийн тэнцэл өндөр алдагдалтай гарсан. 2022 онд энэхүү тэнцэл буурахаар төсөвлөгдөж байгаа. Зарим нэг татаасууд буурснаар өрхийн зарлага буурна. Төсвийн зардал буурч байгаа нь иргэдийн хэрэглээ, зээлийн чанарт нөлөөлж магадгүй” гэв.
Д.Батчулуун