Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг хоёрдугаар сарын 8-наас байгуулсан. Урьдчилсан дүгнэлтүүдийг бид гаргаж байгаа. Цаашдаа бидэнд шалгах олон ажил байна. Нийт шалгалтын явцад 800 гаруй хуудас материал цуглаад байна. Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн эх үүсгэврийн 68,9 хувь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна.
Харин 31,1 хувь буюу 845 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын хөгжлийн банкны 63 тэрбум төгрөг, аравдугаар сарын 23-ны өдөр 1,6 их наяд төгрөгийн бонд төлнө.
Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы самурай бондын эргэн төлөлтийг хийнэ. Эргэн төлөлтийг хийхэд зээлийн мөнгө хүрэлцэхгүй. Тиймээс Монголын төрийн нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байгаа юм. Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсан. Үүнийг Монголбанк 1,3 их наяд төгрөг болгож эрсдэлийн санг нэмэгдүүлсэн. Хөгжлийн банкны зээл 2012 оноос эхлэн 7,2 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүнээс 3,2 их наяд төгрөгийн зээл чанаргүй зүйл болсон. Тиймээс үүн дээр анхаарч ажиллалаа. 30 зээл буюу 1,2 их наяд төгрөгийн зээл чанартай. 28 зээл буюу 1,8 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсон.
15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдаад явж байна. Нийт зээлийн зарцуулалтыг аваад үзвэл, 52 зээл буюу 2,7 Их наяд төгрөгийн зээл хэвийн, зориулалтын дагуу зарцуулагдсан гэж үзэж байна. Харин 21 зээл буюу 511,8 зориулалтын бусаар зарцуулагдсан. Үүнд 20 ААН бий. Нийт зээлийн 1,7 тэрбум төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангахгүй байна. 1,4 их наяд төгрөгийн зээл барьцаа хөрөнгө хангахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар нэг жил хүртэлх зээлийн 797,8 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн. 462 тэрбум төгрөгийн зээл хоёр жил хугацаа хэтэрсэн. 482 тэрбум төгрөг хоёроос гурван жил хугацаа хэтэрсэн. 1,1 Их наяд төгрөгийн зээл гурван жилээс дээш хугацаа хэтэрсэн байна. Нийт зээлийн үлдэгдэл 3,2 их наяд төгрөг байна” гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)