БАРИМТ 1
Анна Станиславовна Щербакова нь 2004 оны гуравдугаар сарын 28-нд ОХУ-ын нийслэл Москва хотод гурван охинтой айлын дунд охин нь болж мэндэлсэн. Түүний эцэг эхийг Жулиа (ээж) болон Станислов (аав) гэдэг.
БАРИМТ 2
Анх тэшүүрийн спортоор гурван наснаасаа эхлэн Олимпын нөөцийн 37-аар спортын сургуульд Оксана Булычевагийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Энэхүү сургууль нь хожим нэрээ өөрчилж “Самбо 70” гэх нэртэй болсон.
БАРИМТ 3
Нийт зургаан жилийн турш хамт бэлтгэл хийсэн багш Оксана Булычевагаас 2013 онд салж ОХУ-ын сүүлийн үеийн бүхий л алдартай эмэгтэй уран гулгагчдыг бэлтгэдэг Гүрж гаралтай дасгалжуулагч Этери Тутберидзе болон Зөвлөлт Холбоот улсыг төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцдог байсан эрэгтэй дасгалжуулагч Сергей Дудаков нарын удирдлага дор бэлтгэл хангагдах болсон.
БАРИМТ 4
Түүний шагнал хүртсэн анхны том тэмцээн нь 2016 оны ОХУ-ын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн байв. Анна уг тэмцээний хамгийн бага насны ангилалд оролцож түрүүлсэн.
БАРИМТ 5
Тэрээр 2017 оны зун бэлтгэлийнхээ үеэр гурваласан лүүп техникийг давтаж байхдаа хөлөө гэмтээж тус улирлынхаа ихэнх хэсгийг өнжих шаардлагатай болсон. Улмаар залуучуудын Гранд При тэмцээнийхээ дебүтийг хийх гэж байсан түүний төлөвлөгөө талаар болсон. Бэртлээсээ дөнгөж ирснийхээ дараа ОХУ-ын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 13-аар байранд шалгарсан.
БАРИМТ 6
Анна Щербакова өсвөрийн Гранд Пригийн дебүтээ 2018-19 оны улиралд Словак болон Канад улсад зохиогдсон тэмцээнүүдээр эхлүүлсэн. Словакийн Гранд Прид тэрээр богино үзүүлбэр болон чөлөөт гулгалтын төрлүүдэд хамгийн өндөр оноо авч арын тамирчнаасаа 18 онооны зөрөөтэй түрүүлсэн.
БАРИМТ 7
Канадын Гранд При тэмцээнд хоёр төрөлдөө хамгийн өндөр оноог авч хоёрдугаар байранд орсон тамирчнаасаа таван онооны зөрүүтэй мөн л итгэл төгс түрүүлсэн. Ийнхүү хоёр алтан медаль хүртсэн тул Өсвөрийн Гранд При тэмцээний финалын шатанд оролцсон.
БАРИМТ 8
Хэдийгээр энэхүү улирлыг итгэл төгс тэргүүлж байсан ч финалын шатны чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр давхар аксел болон гурвалсан лутцыг хослуулан хийх үедээ амжилтгүй газардаж унаснаас гадна хэд хэдэн том алдаа гаргасан тул шүүгчдээс хамгийн бага оноог авсан. Түүний богино үзүүлбэр маш сайн байсан хэдий ч чөлөөт гулгалт дээрээ оноо алдсан тул нийлбэр дүнгээр тавдугаар байранд эрэмбэлэгдсэн.
БАРИМТ 9
Уг тэмцээний дараа 2019 оны ОХУ-ын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд Анна оролцсон. Богино үзүүлбэрийн дараа тавдугаар байранд бичигдэж байсан тэрээр чөлөөт гулгалтын төрөл дээрээ хамгийн өндөр оноог авч улмаар ОХУ-ын аварга болсон.
БАРИМТ 10
Түүний араас Бээжингийн олимпын мөнгөн медалийн эзэн Трусова 0.7 онооны зөрүүтэй бичигдсэн. Энэхүү тэмцээний дараа Анна, “Миний хувьд үнэхээр тааварлашгүй үйл явдал болж өндөрлөлөө. Одоо хүртэл би итгэж чадахгүй байна.” хэмээсэн.
БАРИМТ 11
Насанд хүрэгчдийн улсын аварга болсон Анна Щербаковаг тэр жилийнхээ ОХУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гэж ихэнх хүмүүс харж байв. Гэвч богино үзүүлбэр дээр хоёр, чөлөөт үзүүлбэр дээр гуравдугаар байранд тус тус эрэмбэлэгдэж нийлбэр дүнгээр хүрэл медалийн эзэн болсон. Түүний өмнө Трусова (алт) болон Косторная (мөнгө) нар бичигдэж байв.
БАРИМТ 12
Тухайн жилийнхээ (2019) өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ыг төлөөлөн оролцох гурван тамирчны нэгээр тодорсон Анна Щербакова Хорват улсын Загреб хотыг зорьсон. Богино үзүүлбэрийн дараа 72.86 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байсан ч чөлөөт гулгалтын төрөлд бага зэрэг алдаа гаргаснаар байр ухарч Трусовагийн ард мөнгөн медалийн эзэн болсон.
БАРИМТ 13
Анна Щербакова насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд 2019-20 оны улиралд анх удааа оролцсон. Тэрхүү тэмцээн нь Итали улсад зохиогдсон бөгөөд богино үзүүлбэрийн дараа гуравдугаар байранд бичигдэж байсан ч чөлөөт гулгалтын үзүүлбэр дээрээ дөрөвлсөн лутзыг амжилттай гүйцэтгэснээр алтан медалийн эзэн болсон.
БАРИМТ 14
Тэрээр насанд хүрэгчдийн төрөлд дөрөвлөсөн лутзыг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй тамирчин болж түүхэнд үлдсэн. Улмаар АНУ-ын Гранд При тэмцээнд Анна Щербакова оролцож тааруу богино үзүүлбэр үзүүлсэн хэдий ч чөлөөт гулгалтын оноогоороо өрсөлдөгчдөө нөхөж алтан медалийг энгэртээ зүүсэн.
БАРИМТ 15
Тус тэмцээний чөлөөт үзүүлбэрийн үеэр Анна Щербакова нь дөрөвлсөн лутзыг хоёр удаа, мөн дөрөвлсөн лутз-гурвалсан үсрэлт гэх хослолыг олон улсын насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн дээр амжилттай болгосон анхны тамирчнаар тодорсон.
БАРИМТ 16
Түүний дөрөвлсөн лутз үсрэлтийнх нь хариуд шүүгчид түүнд 14.79 оноо өгсөн нь нэг үсрэлтээс авсан хамгийн өндөр оноо болж дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Тухайн улирлынхаа хоёр дахь Гранд При тэмцээнд БНХАУ-д оролцож мөн л түрүүлсэн. Улмаар Турины Гранд Прид оролцох эрхээ авч оролцсон ч багийн анд Косторнаягийн оноог гүйцэлгүй хоёрдугаар байранд орсон.
БАРИМТ 17
Улмаар 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чөлөөт гулгалтын төрөлд хамгийн өндөр оноог авсан хэдий ч богино үзүүлбэр дээр хоёрдугаар байранд жагссан байсан тул уг оноогоо нөхөж чадалгүй Косторнаяд дахин нэг удаа ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон.
БАРИМТ 18
Мөн 2020 Монтреалд зохиогдох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хийж байсан ч коронавирусын улмаас уг тэмцээн цуцлагдсанаар түүний дэлхийн аварга болох зорилго нэг жилээр ухарсан. Анна Щербакова нь 2020-21 улирлын дундуур хатгаа тусаж зарим тэмцээнүүдээсээ нэрээ татаж байв. Гэхдээ 2021 оны ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс өмнө бүрэн эдгэсэн.
БАРИМТ 19
Улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарч байж ДАШТ-д явах эрхийг авах байсан тул энэхүү тэмцээн нь Анна Щербаковагийн хувьд маш хариуцлагатай тэмцээн байв. Уг тэмцээнд түүний клубын тамирчин болох Камила Валиева түүнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн хэдий ч хоёр төрөлдөө тэргүүлэн ОХУ-ын аварга гэх цолоо хамгаалсан.
БАРИМТ 20
Швед улсын нийслэл Стокхольм хотод зохиогдсон 2021 оны ДАШТ-д Анна Щербакова нь тааврын дагуу тэргүүлснээр түүний цуглуулгад Европын болон Олимпын алтан медалиуд л дутуу үлдсэн. Мөн энэхүү тэмцээнд ОХУ-ын тамирчид амжилттай оролцож эхний гурван байрыг эзэлснээр Бээжингийн олимпд оролцох тамирчдынхаа эрхийг авсан.
БАРИМТ 21
2021-22 оны улирал буюу түүний замналын хамгийн хариуцлагатай жил эхэлсэн. Анна Щербакова нь ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээндээ хүчтэй өрсөлдөгчид болох Валиева болон Трусова нарын ард бичигдэж хүрэл медаль хүртсэнээр улсын аваргын цолыг Камила Валиевад алдсан.
БАРИМТ 22
Улсын аваргаасаа хүрэл медаль хүртсэнээр түүнд 2022 Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож дутуугаа гүйцээх боломж олдсон хэдий ч богино үзүүлбэрийн төрөл дээрээ олон оноог алдсанаар Камила Валиевад ялагдан дахин нэг удаа мөнгөн медалийг хүртсэн. Уг тэмцээний дараа нэгдүгээр сарын 30-нд ОХУ-ыг төлөөлөн олимпын наадамд оролцох тамирчдын дунд түүний нэр багтсан.
БАРИМТ 23
Олимпын наадмын богино үзүүлбэрийн дараа Анна Щербакова нь 80.20 оноотойгоор тэргүүлэгч Валиевагаас 1.94 онооны ард Каори Сакамотогоос 0.36 онооны урд бичигдэж байв. Гэхдээ чөлөөт үзүүлбэрийн үеэр Камила Валиева маш олон алдаа гаргаснаар уг төрөлдөө хоёрдугаар байранд бичигдсэн Анна Щербакова нийт 255.95 оноогоор 17 насандаа олимпын аварга болсон.
БАРИМТ 24
Шинэхэн олимпын аваргын хувьд гуравдугаар сард Франц улсад зохиогдох ДАШТ-д оролцоно гэдгээ мэдэгдсэн. Мөн Анна Щербакова нь их сургуульд спортын чиглэлээр сурах хүсэлтэй байгаагаа эртнээс илэрхийлсээр ирсэн билээ.
Сэтгэгдэл (1)