Орон сууцны ипотекийн зээлийн талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуун мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зургаан хувийн орон сууц, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ онд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөөд байна. Үүнээс нэгдүгээр сарын байдлаар нийт 50 тэрбум төгрөгийн эх үүсгэврийг Монгол банк болон банкны эх үүсгэврээр хувиарласан.
Үүнээс 43,3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчдэд олгоод байна. Хоёрдугаар сарын эх үүсгэвэрт зориулж 52 тэрбум төгрөгийн эх үүсгэврийг хувиарласан. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар нийт 154 өрхөд 12,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгоод байна. Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт 26 сарын турш дөрөв дэх удаа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна.
Сүүлийн зээл эргэн төлөлт хойшлуулалтаар 3,4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 61,715 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн. Тус зээлдэгч нар 2022 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс долдугаар сарын 1-ны өдрийг хүртэл ойролцоогоор 67,2 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, 96,1 тэрбум төгрөгийн хүүний төлбөрийг хойшлуулсан тоон мэдээлэлтэй байна. Нийт банкны системд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 5,6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 4,3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг, сарын дундаж төлөлт 649 мянган төгрөгтэй тэнцэж байна. Өмнөх онд нийт 17,478 нийтийн зориулалттай орон сууц ашиглалтад орсон. Үүнээс Улаанбаатар хотод 14,184 , хөдөө орон нутагт 3,294 нийтийн зориулалттай орон сууц ашиглалтад орсон байна. 2022 онд урьдчилсан байдлаар 95 төслийн хүрээнд 16,495 айлын нийтийн зориулалтын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна” гэв.