БАРИМТ 1
Бүгд Найрамдах Уганда улс нь Кени (зүүн), Өмнөд Судан (хойд), Ардчилсан Конго (баруун), Руанда (баруун урд), Танзани (урд) гэх улсуудтай хиллэдэг. Нийт 241,038 хавтгай дөрвөлжин газар нутагтай бөгөөд Зүүн Африкийн их нууруудын бүсэд оршдог, далайд гарцгүй орон.
БАРИМТ 2
Улсын нийт хүн ам нь 43 сая бөгөөд тэдний 84.4 хувь нь христийн, 13.7 хувь нь исламын шашинтай. Нийслэл хотыг нь Кампала гэдэг ба ойролцоогоор 8.5 сая хүн амтай. Албан ёсны хэлнүүд нь англи болон свахили боловч олон төрлийн гарал үүсэлтэй хүмүүс амьдардаг тул 40 гаран өөр хэлнүүд тус улсад хэрэглэгддэг.
БАРИМТ 3
Дэлхийн хоёр дахь том нуур болох Викториа нуур нь Танзани улсын нутагт хамаарагддаг тухай бид өмнө нь хэлж байсан. Тэгвэл уг нуурын нэг хэсэг нь Уганда улсын газар нутагт оршдог байна. Мөн энэхүү нуураас Нил мөрөн эх аван урсдаг гэдэг.
БАРИМТ 4
Уганда улсын хүн ам маш залуу. Улсын нийт хүн амын 48 хувь нь 14-өөс доош насны хүүхдүүдээс бүрддэг бол ердөө 2 хувь нь 65-аас өндөр настай иргэд байдаг байна. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ тийм ч сайн үзүүлэлт биш бөгөөд угандачуудын дундаж наслалт 63.73 байдаг. Өөрөөр хэлбэл угандачууд маш богино насалдаг.
БАРИМТ 5
Уганда улсын байгалийн үзэсгэлэнт Рвензори үндэсний парк нь явган аялагчдын мөрөөдөл л гэсэн үг. Африк тивийн хамгийн өндөр уулсын нэг болох мөнх цаст Рвензорын нуруу уг бүсэд хамаарагддаг бөгөөд тэндээс заан, ирвэс гэх мэт ховор хөхтөн амьтдаас гадна 217 төрлийн шувуудыг харж болно.
БАРИМТ 6
Уганда улсын зэрлэг байгаль нь үнэхээр сүр жавхлантай. Та бидний сайн мэдэх хуурай газрын хамгийн том амьтан бол Африкийн заан билээ. Тэгвэл уг аварга амьтан Уганда улсад амьдардаг. Мөн маш ховор төрлийн цагаан хирснүүд Уганда улсад бусад орныг бодвол хамаагүй олон тоогоор амьдардаг.
БАРИМТ 7
Эмчилгээний зориулалтаар царцааг идэж үзсэн хүмүүс та бүхний дунд байж магадгүй. Тэгвэл шарсан царцаа нь Уганда улсад энгийн нэгэн амттан гэнэ. Мөн угандачууд хэн нэгэн дотнын хайртай мөн хүндэл буй хүнээ гэртээ урьж шарсан царцаагаар дайлдаг уламжлалтай. Тиймээс угандад очоод царцаагаар дайлуулбал сөргөөр хүлээж авах шаардлагагүй.
БАРИМТ 8
Уганда улс нь экваторын шугаман дээр оршдог цөөн орнуудын нэг. Экваторын шугам нь нийслэл хот болох Кампалагаас урагшаа 75 км-ын зайд байх бүс нутгийг дайрдаг бөгөөд тэндээс та экваторын шугамтай холбоотой бэлэг дурсгалын зүйл худалдаж авахаас гадна нүдэнд итгэмээргүй туршилтуудыг үзэх боломжтой.
БАРИМТ 9
Хэдийгээр далайд гарцгүй орон боловч Уганда улсад Викториа нуурын хойд хэсэгт орших Сесе арлууд гэх нэртэй 84 арал харьяалагддаг. Ихэнх арлууд дээр хүмүүс амьдардаг бөгөөд тэнд очвол та ус руу ойртох үедээ маш сайн сонор сэрэмжтэй байх ёстой. Учир нь Уганда улсад матрын хүн рүү дайрсан тоо нь хүн хүн рүүгээ халдсан тооноос их байдаг гэнэ. Викториа нууранд амьдраг их хэмжээний загас нь матрын тоо толгойг огцом ихсэхэд томоохон нөлөө үзүүлсэн.
БАРИМТ 10
Уганда улсын өвс ургамал үргэлж ногоон хэвээрээ байдаг. Учир нь хэдий Африк тивийн орон боловч тус улсын дундаж температур нь Цельсийн 15-25 хэмийн хооронд байдаг бөгөөд зарим бүс нутгаар их хэмжээний бороо ордогтой холбоотой юм. Энэ нь ургамал ургах нөхцөлийг бүрэн хангаж өдөг.
БАРИМТ 11
Уганда улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон шувуу нь цэнхэр титэмт тогоруу юм. Уг шувууны хамгийн алдартай төрөл зүйл нь толгой дээрээ улаан өдтэй байдаг. Угандачууд энэхүү шувууг бэлгэдэх болсон нь эр болом эм шувууд нь үр төлөө өсгөх тал дээр ижил тэнцүү хариуцлага хүлээдэг, насан туршдаа нэг л шувуутай хослон амьдардаг гэх мэт үнэнч, хариуцлагатай зан чанаруудтай нь холбоотой.
БАРИМТ 12
Хэрэв та Уганда улсад очвол заавал өмд өмсөх ёстой. Уганда улсын уур амьсгал нь бүгчим халуун хэдий ч богино өмд буюу шорт өмсөхийг угандачууд маш ихээр дургүйцдэг. Учир нь тэд шортыг бүрэн гүйцэд бус дутуу хувцас гэж үздэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд биеэ үнэлэгч биш л бол хөлнийх нь ихэнх хэсгийг далдалсан хувцас өмсөхийг хичээдэг.
БАРИМТ 13
Уганда улсын эдийн засгийн ихэнх хэсгийг тариалангийн аж ахуй бүрдүүлдэг. Тус улсын хамгийн их хэмжээгээр экспортолдог бүтээгдэхүүн нь кофе юм. Тэд Швейцар, АНУ гэх мэт дэлхийн томоохон улсуудыг араб болон робуста кофены үрээр хангадаг.
БАРИМТ 14
Уганда улс нь Африк тивийн хамгийн аюулгүй орнуудын дунд зүй ёсоор багтдаг. 2010 оноос хойш тус улсад аялагчид бусдын гарт амь эрсдээгүй, халдлагад өртөөгүй бөгөөд энэ цаг хугацаанд алан хядлагын холбоотой гэмт хэрэг тохиолдоогүй. Иймээс аялагчид 100 хувь ямар нэгэн аюулд өртөлгүйгээр сэтгэл ханамж дүүрэн Уганда улсыг орхидог.
БАРИМТ 15
Мөн угандачууд маш найрсаг ба жуулчдад туслахдаа үргэлж бэлэн байдаг. НҮБ-ын мэдээлж буйгаар Уганда улсын дүрвэгчид дэлхий дээрх хамгийн эелдэг найрсаг мөн нээлттэй хүмүүс байдаг гэнэ. Угандачууд маш их эрч хүчтэй бөгөөд ихэвчлэн гэртээ үлдэж гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээдэг. Хэрэв та Угандад очвол хэн нэгнээс тусламж хүсэх зүйл тохиолдвол санаа зовох хэрэггүй.
БАРИМТ 16
Хэрэв та бага төсвөөр Африк тивийн таван гол амьтад болох арслан, одос үхэр, заан, ирвэс, хирс гэх амьтдыг өөрийн нүдээр үзэж зэрлэг байгальд аялахыг хүсэж байвал Уганда улс танд тохирох хамгийн зөв сонголт юм. Учир нь, уг улсын аялалын өртөг нь бусад хөрш зэргэлдээх орнуудтай харьцуулбал маш бага. Мөн Уганда улс нь сармагчны төрлийн амьтдынхаа (горилл, шимпанзе гэх мэт) тоо толгойн нягтшилтаараа дэлхийд тэргүүлдэг.
БАРИМТ 17
Зэрлэг байгалийн хамгийн ховор үзэгдлүүдийн нэг болох модон руу авирдаг арсланг та Уганда улсын үндэсний паркуудад харах боломжтой. Мөн ядуу буурай орон гэхэд Угандагийн интернетийн сүлжээ нь сайн хөгжсөн. Тиймээс Уганда улсын хүнгүй зэлүүд газар явж байсан ч интернетэд холбогдох боломжтой гэсэн үг юм.
БАРИМТ 18
Уганда улсад байх ил задгай усыг ууж болохгүй. Уух битгий хэл сэлж ч болохгүй гэнэ. Хэрвээ та Уганда улсын гол мөрнүүдэд сэлэх юм бол билхарзиа хэмээх бактерийн гаралтай өвчин тусах магадлал өндөртэй. Мөн явган зорчигчийн хувиар замын хөдөлгөөнд оролцох үед танд ямар ч эрх гэж байхгүй. Машин замаас гэмтэж бэртэхээсээ өмнө холдох нь зүйтэй.
БАРИМТ 19
Уганда улсын төрийн далбаа нь зургаан хөндлөн хар, шар, улаан гэх дараалалтай (дээрээсээ) өнгөнүүдээс бүрддэг. Хар өнгө нь Африк хүмүүсийг, шар өнгө нь улсын дээгүүр гэрэлтэж буй нарыг, улаан өнгө нь Африк хүмүүсийн цусан холбоог тус тус илтгэдэг. Мөн өмнө нь дурдсан саарал титэмт тогоруу уг далбааны төв хэсэгт байрладаг бөгөөд Уганда хүмүүсийн зөөлөн зан чанарыг бэлгэддэг.
БАРИМТ 20
Уганда улс нь 1962 оны аравдугаар сарын 9-нд Их Британи улсаас олон жилийн турш үргэлжилсэн дайны үр дүнд салан тусгаарлаж тусгаар тогтносон орон болсон. Харин нэг жилийн дараа буюу 1963 онд Бүгд Найрамдах Уганда улс гэх нэртэй болсон. Одоогоор парламентийн засаглалтай бөгөөд Йовери Мусевени гэх хүн Уганда улсын Ерөнхийлөгчийн албыг 1986 оноос хойш өдийг хүртэл хашсаар байна.
БАРИМТ 21
Уганда улсын үндэсний спорт нь хөлбөмбөг боловч тус улсын үндэсний шигшээ баг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьд өмнө нь оролцож үзээгүй. 1978 онд Африкийн цомд хоёрдугаар байранд шалгарсан нь тэдний хамгийн том амжилт. Харин хөнгөн атлетик (ихэвчлэн холын зайн гүйлт) болон боксын төрлүүдээр Угандагийн тамирчид олимп болон олон улсын тэмцээнүүдэд амжилт арвинтай оролцдог.
БАРИМТ 22
Хэдийгээр Уганда улсын зарим алслагдсан бүсүүдэд сургуулийн хүрэлцээ байдаггүй ч сүүлийн жилүүдэд уг нөхцөл байдал бага багаар сайжирсаар байгаа. Сурагчид бага сургуульд долоон жил, дунд сургуульд зургаан жил, ахлах сургуульд гурваас таван жилийн хугацаанд сурч бүрэн дунд боловсрол эзэмшдэг. Уганда улсын сургуулийн насны бүх хүүхдүүд бага боловсролыг үнэгүй эзэмших эрхтэй.
БАРИМТ 23
Уганда улсад нийт 35 нисэх онгоцны буудал байдгаас зөвхөн Энтеббе нисэх онгоцны буудал олон улсын нислэг үйлддэг. Гэвч тэд уг нисэх буудлаа барьцаанд тавин БНХАУ-ын Экзим банкнаас зээл авсан боловч буцаан төлж чадахгүй байгаагийн улмаас цорын ганц олон улсын нисэх буудлаа БНХАУ-д алдах аюултай тулгараад байгаа. Гэхдээ Хойма хотдоо олон улсын шинэ нисэх онгоцны буудал барьж байгаа.
БАРИМТ 24
Уганда улсад тог цахилгаан хэзээ ч хамаагүй 4-24 цагийн турш тасрах нь элбэг. Тийм учраас ард иргэд нь үргэлж уг нөхцөл байдалд бэлэн байдаг. Мөн Уганда улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх үедээ өөрийнхөө хувийн багаж хэрэгслийг авч очихгүй бол тэдэнд гадаадын иргэдэд зориулсан илүү гаргах хэрэгслүүд байхгүй.