БАРИМТ 1
Унгар улс нь 93,030 хавтгай дөрвөлжин газар нутагтай ба Төв Европын бүсэд байрладаг. Унгар улс нь Словак (хойд), Украин (зүүн хойд), Румын (зүүн, зүүн урд), Серби (урд), Хорват, Словени (баруун урд), Австри (баруун) зэрэг долоон улстай хиллэдэг далайд гарцгүй орон.
БАРИМТ 2
Улсын нийт хүн ам нь 9.7 сая бөгөөд 54.3 хувь нь христийн шашинтай бол 18.2 хувь нь шашин шүтлэггүй. Мөн ихэнх хувь буюу 98.3 хувь нь Унгар үндэстнээс бүрддэг бөгөөд улсын нийслэл нь Будапешт. Мөн Будапештаас гадна Дебрецен, Сегед, Мишкольц, Печ, Дьёр гэх мэт томоохон хот Унгар улсад бий.
БАРИМТ 3
Дэлхийн II дайны дараа тус улсад коммунист дэглэм хүчтэй тархсан. 1980 оны сүүл үе гэхэд Унгар улс 18 тэрбум долларын өртэй байсан нь нэг хүнд оногдох өрийн хэмжээгээрээ Европ тивдээ тэргүүлж байсан. Мөн улсынхаа хилийг Баруун Европын орнуудтай нээсэн (1989 онд) анхны коммунист орон болсон. Улмаар 1999 онд Нато-д, 2004 онд Европын холбоонд нэгдсэн.
БАРИМТ 4
Унгар улсын Нобелийн шагналыг хүртэж байсан эрдэмтэн мэргэд нэлээд алдартай. Нийт 13 Унгар хүн Нобелийн шагналыг энх тайвны төрлөөс бусад төрлүүдэд хүртэж байсан бөгөөд тэд бүгд эх орноосоо дүрвэж гадаадын орон руу шилжин суурьшсан. Мөн рубик шоо, үзгэн бал гэх мэт алдартай бүтээлүүд Унгар улсад бүтээгдсэн.
БАРИМТ 5
Унгар улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь нь боловсролын салбарт зарцуулагддаг. Үүний үр дүнд улсын хүн амын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг ба дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог арван их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Печийн их сургууль нь 1367 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд өдгөө дэлхийн хамгийн ахмад их сургуулиудын жагсаалтад багтдаг.
БАРИМТ 6
Унгар улсын төрийн далбаа нь ногоон цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг. Энэхүү өнгөнүүдийг Унгар улс нь төрийн далбаандаа 1848 оноос хойш ашигласан ч 1957 онд одоогийн далбаагаа албан ёсоор ашиглаж эхэлсэн. Цагаан өнгө нь Унгар улсын голуудыг, ногоон өнгө уулсыг, улаан өнгө дайн тулааны үеэр урссан дайчдын цусыг бэлгэддэг.
БАРИМТ 7
Унгар улсад Европын хамгийн том соёлын болон урлагийн баяр наадам болдог. Энэхүү баярыг Шигет гэж нэрлэдэг ба наймдугаар сард зохиогддог. Мөн Будапештийн хаврын баярт оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид болон хамтлаг дуучид Унгар улсыг зорьдог. Тус үеэр Унгар улсад нэг хоног өнгөрүүлэх зардал ойролцоогоор 150 ам.доллар болно.
БАРИМТ 8
Нийслэл хот Будапешт нь дэлхийн хамгийн олон тооны халуун рашаантай хот бөгөөд өдөрт дунджаар 70 сая литр халуун ус газрын гүнээс оргилон гарч байдаг. Энэхүү рашаанууд нь эрүүл мэндэд сайн ба Ромын эзэнт гүрний үеэс эхлэн эмчилгээний зориулалтаар ашиглагдсаар ирсэн.
БАРИМТ 9
Унгар улсад виноны соёл нэлээн өргөн тархсан. Тус улсад 22 өөр төрлийн виноны бүс нутаг байдаг бөгөөд найман өөр төрлийн усан үзмийн мод ургадаг. Мөн Унгар улсын иргэд англи хэл дээр нэрээ бичихдээ болон олон нийтэд өөрийгөө танилцуулахдаа овгоо эхэнд бичиж өөрийнхөө нэрийг сүүлд нь бичдэг. Энэ нь дэлхийн жишгээс ялгаатай тул хүмүүсийг багагүй төөрөгдүүлдэг. Харин хамгийн том экспортын хамтрагч улс нь Герман юм.
БАРИМТ 10
Унгарчууд оролцож байсан бүх зуны олимпоосоо алтан медаль хүртсээр ирсэн. Хүн амынхаа тоонд харьцуулбал олимпоос авсан алтан медалийн тоогоороо тэд Финланд улсын араас хоёрдугаар байранд жагсдаг. Хамгийн алдартай спорт нь усан поло бөгөөд Унгар улсын шигшээ баг олимпын наадмаас нийт 15 медаль хүртсэн байдаг. Мөн хөлбөмбөгийн спортын арвин түүхтэй бөгөөд домогт довтлогч Лукаш Пушкашийг Унгар хүн гэдгийг та бүхэн мэдэх биз. Харин өвлийн олимпын хувьд шорт трекийн төрөл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа.
БАРИМТ 11
Уг улстай холбоотой сөрөг баримтуудаас дэлгэхэд эмэгтэйчүүдийн амиа хорлолтын хувиар тус улс тэргүүлдэг. Мөн хорт хавдраар нас бардаг хүмүүсийн тоогоор дэлхийд дээгүүр жагсдаг бол нийт тамхи татдаг иргэдийн тоогоороо Европ тивд Грек болон Болгар улсуудын араас бичигддэг.
БАРИМТ 12
Унгар улс нь анх 1989 онд ардчилсан бүгд найрамдах улс болсон. Улсын одоогийн төрийн тэргүүнүүдийг Янош Адер (Ерөнхийлөгч) болон Войктор Орбан (Ерөнхий сайд) гэдэг. Тус улсын засгийн газрын ордон нь улс төрийн холбоотой барилгуудын жагсаалтад хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар байранд жагсдаг. Мөн энэхүү барилга нь Будапешт хотын хамгийн өндөр барилга бөгөөд Европын хамгийн эртний хууль тогтоох байгууламжуудын нэг юм.
БАРИМТ 13
Швейцар улсын адилаар Унгар улсад шинээр төрсөн хүүхдэдээ эцэг эх нь дурын нэр өгч болохгүй. Унгар улсад хүүхдүүдэд өгөх боломжтой маш урт нэрсийн жагсаалт байдаг бөгөөд хэрэв таны хүүхдээ нэрлэхийг хүсэж буй нэр уг жагсаалтад багтаагүй байвал Унгарын Хэл Зохиолын Судалгааны Хүрээлэнд өргөдөл өгч зөвшөөрөл авах хэрэгтэй.
БАРИМТ 14
Бүх цаг үеийн хамгийн шилдэг төгөлдөр хуурч хэмээн өргөмжлөгддөг Ференц Лист Унгар хүн байсан. 2011 онд түүний 200 дахь насны төрсөн өдрөөр Будапештийн үндэсний нисэх онгоцны буудлыг түүний нэрээр нэрлэж хүндэтгэл үзүүлсэн.
БАРИМТ 15
Хэрэв та Унгар улсад очвол шилэн аягыг хооронд нь тулгаж мөн дуу гаргаж болохгүй. Учир нь тэдний генералуудыг 1848 оны хувьсгалын үеэр Австричууд хороосныхоо дараа хундага тулган баяраа тэмдэглэж байсан гэдэг. Уг цаг мөчөөс хойш хундага тулгахыг 150 жилийн турш хориглосон. Хэдийгээр уг хуулийн хүчинтэй хугацаа дууссан ч иргэдийн цээрлэж явдаг үйлдлүүдийн нэг хэвээр. Мөн дэлхийн түүхэнд хамгийн чадварлаг оргогч хэмээн алдаршсан Харри Худини Будапешт хотод төрсөн Унгар хүн байсан.
БАРИМТ 16
Унгар улсын албан ёсны хэл нь унгар буюу мажар хэл юм. Уг хэл нь маш өвөрмөц бөгөөд сурахад нэлээд хэцүү гэгддэг (44 үсэгтэй). Хэдийгээр Европын орны хэл болов ч Европын бусад орнуудын хэлнүүдээс тэс өөр. Учир нь уг хэлний гарал үүсэл нь Төв Азиас гаралтай Унгар улсыг үндэслэсэн Мажарчуудын хэрэглэдэг байсан хэлтэй холбоотой. Мөн Унгар улс нь 895 онд байгуулагдсан бөгөөд Европын хамгийн эртний улсуудын нэг юм.
БАРИМТ 17
Унгарчуудыг Хүннүчүүдийн Зүүн Европыг дайлаар мордож байх үед тэднээс үүссэн хүмүүс гэж үздэг олон судалгаа бий. Унгар улсын үндэсний баярын өдөр нь наймдугаар сарын 20. Уг өдөр тус улсыг анх байгуулагдсан хэмээн үзэж бүх нийтээрээ амардаг. Мөн Унгарчууд улаан чинжүүний нунтагт үнэхээр их дуртай бөгөөд паприка чипс нь улсын үндэсний амттан юм. Уг чипсийг халуун ногооны үе шатаар нь ангилсан 10 гаруй төрөл Унгар улсад бий.
БАРИМТ 18
Унгар улсын үндэсний ундаа нь кофе. Унгарчууд өдөр тутамдаа кофег хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн цэвэр хар кофег ямар ч нэмэлт амт оруулагчгүйгээр аль эсвэл хэтэрхий их элсэн чихэр болон кремтэй хамт уудаг. Харин үндэсний хоол нь бидний сайн мэдэх гуляш. Анх IX зууны үеэс уг хоолыг хэрэглэж ирсэн тэд үхрийн махыг чинжүү, лууван, төмс, сонгино гэх мэт олон төрлийн ногоотой хамт чанаж өтгөн шөлтэй болгон бэлтгэдэг.
БАРИМТ 19
Будапештийн метроны зам нь 1896 онд бүтээгдсэн. Европын хамгийн эртний метроны зам бөгөөд дэлхийд гуравдугаар байранд ордог. Мөн Будапешт хот нь Данубе гэх голоор Буда болон Пешт гэх хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд хэд хэдэн гүүрээр хоорондоо холбогддог.
БАРИМТ 20
Юдит Полгар гэх Унгар шатарчин эмэгтэй 1991 онд 15 насандаа хамгийн залуу олон улсын их мастер цолыг хүртсэн. Гэвч тэрээр 2015 онд зодог тайлсан. Мөн Унгарын математикч Жон Фон Нейман нь квант механик, орчин үеийн компьютерийн дизайн гэх мэт нээлтүүдийн анхдагч бөгөөд дэлхийн II дайны үеэр атомын бөмбөг гаргаж авсан эрдэмтдийн багийн гол түлхүүр нь байсан. Эдгээр жишээнүүд нь Унгар хүмүүсийн оюуны хүчин чадлыг харуулж байна.
БАРИМТ 21
Хэдийгээр далайд гарцгүй орон боловч Унгар улс гол мөрнөөр элбэг. Нийслэл хотыг хоёр хэсэгт хуваадаг Данубе гол нь 1000 гаруй нууранд цутгадаг бөгөөд үзэсгэлэнт Балатон голд хүртэл тэдний нэг нь гэнэ. Харин улсын хамгийн өндөрлөг цэг нь Кекес уул (далайн түвшнээс дээш 1014 км-т оршдог) юм.
БАРИМТ 22
Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг Форинт гэдэг бөгөөд мөнгөн дэвсгэртүүдийн хэмжээ нь бүгд аравтын тооллын системийн тоонуудаас бүрддэг. Өнөөдрийн байдлаар 316 форинт нэг ам.доллартай тэнцэж байна. Мөн Европын холбооны улс тул Унгар улс руу манай улсын иргэд зорчихын тулд шенгений виза авах ёстой.
БАРИМТ 23
Унгар улсад албан ёсны үндэсний амьтан гэж байхгүй ч түүхийн үе явцад турул гэх шувууг ихэд бэлгэддэг байсан. Мөн үүнээс гадна Унгарын ариун титэм болон эртний унгар бичгийг ард түмэн нь бэлгэдэн хүндэлдэг.
БАРИМТ 24
Унгарчууд хэдийгээр Ази хүмүүсийн үр сад боловч одоо цагт ихэвчлэн Европ хүмүүс шиг харагддаг. Ихэнх унгарчууд цэнхэр, ногоон, хүрэн өнгийн нүд, шаргал, хүрэн мөн хар үстэй байх бол нүүр царайны хувьд Ази болон Европ дүр төрхийг хослуулсан байдаг.