Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өнөөгийн хөгжлийн банкны нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр “Хөгжлийн банкны зүгээс нөхцөл байдалтай холбоотой албан ёсны мэдээллийг нэгдүгээр сарын 20, 31 мэдээлэл хийсэн. Мөн банкны зээлдэгчдийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг веб хуудсандаа байршуулсан. Манай банк Монгол банкнаас активын чанарын шалгалт оруулсны үндсэн дээр нийт 55 гаруй хувийн зээл чанаргүй болсон гэсэн дүгнэлт гарсан. Банкны зүгээс ирэх жилийн сүүлээр 800 орчим сая долларын бондын эргэн төлөлт хийх ёстой болсон байдаг. Гэтэл талаас илүү зүйлийн актив чанаргүй болоод энэ чигээрээ төлөгдөхгүй бол Хөгжлийн банканд хүндрэл учирна. Нэгдүгээр сард анх мэдээлэл хийснээс хойш 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ нь олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хамтарсан үр дүн гэж бодож байна” гэлээ.