БАРИМТ 1
Бүгд Найрамдах Финланд улс нь Хойд Европын бүсэд хамаарагддаг Скандинавын орон. Улсын газар нутгийн хэмжээ нь 338,455 хавтгай дөрвөлжин километр ба баруун талаараа Швед, хойд хэсгээрээ Норвеги, зүүн талаараа ОХУ-тай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Хүн амын хувьд 5.5 сая бөгөөд тэдний 69.8 хувь нь христийн шашинтай бол 29.4 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Финланд улсад анх манай эриний өмнөх 9,000 оны үед анхны мөстлөгийн үеийн дараа хүн төрөлхтөн суурьшан амьдарсан гэж үздэг. Улмаар чөлөөн, хүрэл, төмөр зэвсгийн үеүдэд ойролцоо нутагладаг овог аймгуудтайгаа холилдон улам хурдацтай хөгжсөн.
БАРИМТ 3
Финланд улс хүн амьдрахад маш тохиромжтой улсуудын нэг. Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд арваннэгдүгээрт эрэмбэлэгддэг тус улс нь эмэгтэйчүүдэд улс төрийн эрхийг өгч байсан Европын анхны улс юм. Мөн НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн дэлхийн улсуудыг аз жаргалын хувиар нь эрэмбэлсэн жагсаалтад Финланд улс тэргүүлсэн.
БАРИМТ 4
Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейний хэлсэн “Урьд өмнө нь бүтэлгүйтэж үзээгүй хүн шинэ зүйл өмнө нь оролдож үзээгүй гэсэн үг” гэх үг Финланд улсад нэлээд алдартай. Энэ нь финландчуудын бүтэлгүйтлээс хэзээ ч айдаггүй үргэлж шинэ зүйлсийг эрэлхийлдэг зан чанартай холбоотой. Мөн аравдугаар сарын 13-нд улс даяар үндэсний бүтэлгүйтлийн өдөр гэх баярыг тэмдэглэдэг.
БАРИМТ 5
Финланд улс нь швед болон финланд гэх албан ёсны хоёр хэлтэй. Хөрш орон болох Швед улсын үндэсний хэлийг бага сургуулиас эхлэн сурагчдад заадаг бол финланд хэл нь дэлхий дээрх сурахад мөн орчуулахад хамгийн хэцүү арван хэлний нэгээр тооцогддог. Эдгээр хэлнүүдээс гадна сами хэл тус улсад өргөн ашиглагддаг.
БАРИМТ 6
Финландчууд нэг хүний хэрэглэдэг кофены хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Судалгаанаас авч үзэхэд нэг финланд хүн 12 кг кофег нэг жилд хэрэглэдэг байна. Үүний учир нь финландын соёлд хүнтэй уулзахад заавал кофе уудаг бөгөөд тус улсын сэрүүн цаг агаарт иргэд нь дулаацахын тулд кофег ихээр хэрэглэдэг. Мөн өвлийн өдрүүдэд нар маш ховор үзэгддэг тул харанхуй өдрүүдэд идэвхтэй, эрч хүчтэй үлдэхийн тулд финландчууд кофег өдөр тутамдаа хэрэглэдэг. Зөвхөн кофеноос гадна финландчууд жилд нэг хүний хэрэглэдэг сүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг.
БАРИМТ 7
Саун бол Финландчуудын амьдралын чухал нэг хэсэг. Тус улсад ойролцоогоор хоёр сая (тус улсад байдаг нийт машинаас их тоо) гаруй саун байдаг. Энэ нь нэг гэр бүл тутамд нэг саун харьяалагддаг гэсэн үг юм. 2020 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд Финландын сауны соёл бүртгэгдсэн бөгөөд финландчууд саунд орох нь бие болон оюун санаагаа цэгцэлж, шинэ хүмүүстэй танилцах хамгийн зөв арга хэмээн үздэг. Мөн Финландын парламентийн ордонд улс төрчид саунд оронгоо мэтгэлцдэг өрөө хүртэл бий.
БАРИМТ 8
Дуу хөгжмийн төрлүүдийн томоохон төлөөллүүдийн нэг бол яах аргагүй хүнд металл. Тэгвэл Финланд улсын 100,000 хүн тутамд 42 хүнд металлын хамтлаг оногддог. Энэ нь дэлхийд тэргүүлэх амжилт юм. Тус улсын хамгийн алдартай хүнд металлын хамтлагуудыг нэрлэвэл Lordi, Apocalyptica, Nightwish, Finntroll гэх зэрэг байна.
БАРИМТ 9
Бусад Скандинавын орнуудын адилаар Финланд улсад зуны цагт нар бараг л жаргадаггүй бол өвлийн үед нар бараг л манддаггүй. Мөн туйлын үзэсгэлэнт туяа Финланд улсын хойд хэсгээр жилд 200 гаруй удаа үзэгддэг бөгөөд уг гэрлийн доор буга болон хаски нохойн чарга хөлөглөн мартагдашгүй дурсамж бүтээх боломжтой.
БАРИМТ 10
Финланд улсад хурд хэтрүүлбэл торгууль нь маш өндөр. Хэрэв хэн нэгэн Финланд улсад хурдны хязгаарыг давах юм бол хурд хэтрүүлсэн жолоочийн орлогоос харгалзан үзэж торгуулийн хэмжээ өөр өөр дүнтэй байдаг. Нэгэн удаа Нокио компанийн гүйцэтгэх захирал Финланд улсад хурд хэтрүүлснийхээ хариуд 103,600 америк доллараар торгуулж байсан.
БАРИМТ 11
Тус улсад ойролцоогоор 188,000 нуур байдаг. Мөн газар нутгийн хэмжээ болон гол нуурын эзлэх талбайн хэмжээг харьцуулан үзэхэд Финланд улс нэг хавтгай дөрвөлжин километр дээр харьяалагдах гадаргын усны хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Үүнээс гадна Финланд улсын нийт газар нутгийн 70% нь ой моддоос бүрддэг.
БАРИМТ 12
Улсын нийслэл нь Хельсинки. Уг хот нь дэлхийн хамгийн цэвэр агаартай арван хотын нэгээр нэрлэгддэг. Финландчууд маш чимээгүй ард түмэн бөгөөд тэд хүнтэй хамт байхдаа чимээгүй байхыг харилцааны нэгэн чухал хэсэг хэмээн үздэг. Мөн тус улсад үндэсний унтамхай хүмүүсийн өдөр гэх баяр байдаг ба энэхүү өдөр хамгийн сүүлд сэрсэн хүнийг гэр бүлийн бусад гишүүд нь ус руу шидэн сэрээдэг уламжлалтай.
БАРИМТ 13
Финланд улсын боловсролын систем маш онцгой бөгөөд чанартай. Хүүхдүүд долоон насандаа сургуульд явж эхэлдэг ба тэдэнд наймдугаар ангид ортол нь ямар нэгэн дүн тавих шаардлагагүй гэж үздэг байна. Харин их сургуулийн хувьд бүгд үнэгүй. Мөн анх төрсөн хүүхдэд хувцас, тоглоом, болон бусад шаардлагатай барааг төрөөс өгдөг бөгөөд ээжид нь бүтэн жилийн турш бүтэн цалинтайгаар гэртээ хүүхдээ харах боломжийг бүрдүүлж өгдөг гэнэ. Мөн нялх хүүхэдтэй хосууд нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой.
БАРИМТ 14
Парламентийн засаглалтай Финланд улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё нь уг албыг 2012 оноос хойш тасралтгүй арван жилийн турш хашиж байгаа. Харин Ерөнхий сайд нь Санна Марин гэх үзэсгэлэнт бүсгүй бий. Мөн Финландын гадаад үнэмлэх визагүйгээр зорчих орнуудын тоогоороо Герман, Япон, болон Сингапур улсуудын үнэмлэхний ард бичигддэг.
БАРИМТ 15
Финланд улсын спортын түүх үнэхээр арвин. Финландчууд 1908 оны олимпоос хойш бүх олимпд оролцож мөн үргэлж медаль хүртсээр ирсэн. Финланд улсын температур нь өвлийн улиралд Цельсийн -40 хэм хүртэл буурдаг тул тус улсын өвлийн спортууд маш өндөр хөгжсөн. Ялангуяа мөсөн хоккей болон цанын төрлүүд. Ойролцоогоор 60 гаруй Финланд тамирчид дэлхийн хамгийн том хоккейн лиг болох NHL-д идэвхтэй тоглодог бол тус улсын цанын спортын нэг улирал нь 6 сарын хугацаанд үргэлжилдэг.
БАРИМТ 16
Харин улсын үндэсний спорт нь финланд бейсбол. Энэхүү спорт нь Европын орнуудад тоглогддог дүрмийн хувьд бейсболтой нэлээд төстэй. Мөн Өвлийн олимпоос гадна зуны олимпд муугүй амжилт үзүүлдэг. Энэхүү хоёр төрлийн олимпоос хүртсэн нийт медалийг нь хүн амын тоотой нь харьцуулахад дэлхийн өөр аль ч улсад байхгүй өндөр тоо гарч ирнэ. 1952 оны зуны олимпын наадам Финланд улсын нийслэл Хельсинки хотод зохиогдож байсан удаатай.
БАРИМТ 17
Өмнө нь дурдсанчлан Финландчууд маш боловсролтой. Тус улсын иргэд 100 хувь бичиг үсэг тайлагдсан байдаг бөгөөд хэн нэгэн докторын зэргээ амжилттай хамгаалбал түүнд саравчтай малгай болон сэлэм гардуулж өгдөг уламжлал Финланд улсад бий. Мөн Финланд улсын долоон иргэн Нобелийн шагнал хүртэж байсан.
БАРИМТ 18
Шинэ жилийн баяраар дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хүүхдүүд Санта Клауст хүслийн захидал бичдэг. Тэгвэл Санта Клаус Финланд улсын Лапландад амьдардаг гэнэ. Энэхүү оффис нь 1985 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш 17 сая захидлыг дэлхийн 200 улсаас хүлээж авсан байдаг.
БАРИМТ 19
Финланд бол дэлхийн хамгийн бага хахуультай мөн хамгийн ардчилсан улсуудын нэг. Хахууль бага байдаг нь финландын бүх иргэдийн орлого болон татвар төлсөн байдлыг нь олон нийтэд нээлттэй байлгадагтай шууд холбоотой. Мөн дэлхийн хамгийн эрх чөлөөтэй орнуудын нэг бөгөөд тус улсын мэдээллийн байгууллагууд дэлхийн бусад орнуудын байгууллагуудтай харьцуулахад хэн нэгнээс хамааралгүй хамгийн эрх чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээрээ онцлог.
БАРИМТ 20
Тус улсын үндэсний бэлгэдэл болсон амьтан нь хүрэн баавгай. Мөн Финланд улс нь дэлхийн хоёрдугаар дайныхаа нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан цор ганц улс юм. Өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд Финланд улс шумуул барих спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ спорт нь Финланд улсаас үүсэлтэй.
БАРИМТ 21
Та бүхэн гар утсан дээрээ “Angry Birds” хэмээх тоглоомыг өмнө нь тоглож байсан байх. Тэгвэл энэхүү алдартай тоглоомыг зохион бүтээгчид нь Финланд хүмүүс байсан гэнэ. Мөн дэлхийн хамгийн алдартай эмэгтэй хөгжмийн удирдаач болох Сусанна Мялкки Финланд улсын иргэн.
БАРИМТ 22
Финланд улсын төрийн далбааг Швед болон Дани улсын далбаанаас санаа авсан гэж үздэг. Цагаан болон цэнхэр өнгөнөөс бүрдэх уг далбаа нь Скандинавын орнуудын бэлгэдэл болох загалмайг багтаасан байдаг бол цэнхэр өнгө нь Финланд улсын үзэсгэлэнт нууруудыг бэлгэддэг. Харин цагаан өнгө нь Финланд улсыг өвлийн улиралд нийтэд нь бүрхдэг цасыг бэлгэдэн харуулдаг.
БАРИМТ 23
1809 онд өрнөсөн Финландын дайны үр дагавраар уг улс Оросын Эзэнт Гүрний мэдэлд орсон. Улмаар зуун жилийн хугацаанд тусгаар тогтнох гэж оролдсоны эцэст 1917 онд Оросын Хувьсгалын үеэр салаан тусгаарлаж өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан. Харин дэлхийн II дайны үеэр Зөвлөлт Холбоот Улсын эсрэг үргэлжилсэн дайн болон хүйтэн дайнуудад, Нацист Германы эсрэг Лапландын дайнд тус тус тулалдсан. Хэдийгээр энэхүү олон дайны уршгаар газар нутгийнхаа томоохон хэсгийг алдсан ч өөрсдийн тусгаар тогтнолоо хадгалан үлдсэн.
БАРИМТ 24
Финланд эрэгтэй хүний дундаж наслалт нь 78 жил бол эмэгтэйчүүдийнх 83 жил байдаг. Финланд улс нь Европын Холбоонд 1995 он элсэн орсон бөгөөд албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро. Харин улсын хамгийн өндөрлөг цэг болох Халти уул нь далайн түвшнээс дээш 1,324 метрийн өндөрт байрладаг.