Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол улсын хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг үндэслэн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Монгол улсын хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамааруулсан 52 зээл нь хөгжлийн банкны тухай хууль, зээлийн журам, зээлийн бодлогын баримт зэрэгт нийцүүлж олгосон эсэх, ААН-үүдээс хахуул авсан эсэх, хөгжлийн банкны зээл олгосон албан тушаалтнууд өөрийн эрх мэдлээ ашигласан эсэх, төрд хохирол учруулсан эсэх зэргээр мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан шалгах ажиллагаа эхлүүллээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол улсын хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаас дараах арга хэмжээг аван ажиллаж байна.
АТГ-ын мөрдөн шалгах ажлын хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан. Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуй нэгжийг албан ёсны вэб хуудаст байршуулна.
Тухайлбал, зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх, зээлдэгч компани болон тухайн компани хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох, зээлдэгч ААН-үүдийн эздийг тогтоох, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах хугацаанд 8,5 Тэрбум төгрөг хөгжлийн банканд эргэн төлөгдсөн байна” гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)