БАРИМТ 1
Бүгд Найрамдах Словени улс нь Европ тивийн төв хэсэгт байрладаг бөгөөд 20,271 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Харин хүн амын хувьд манай улсаас цөөн буюу 2.1 сая иргэнтэй. Тэдний 77.8 хувь нь христийн шашинтай бол 18.3 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй.
БАРИМТ 2
Словени улсад ойролцоогоор 12,000 агуй бүртгэгдсэн. Энэ нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Гэвч тэдний дөнгөж 20 нь л жуулчдад нээлттэй байдаг байна. Учир нь ихэнх агуйнууд маш эртнийх учраас нурж унах аюултай мөн жуулчдыг аялуулахад хүндрэлтэй гэж үздэг. Мөн Постожна гэх агуйд (24 км-ын урттай улсын хамгийн том агуй) олм гэх амьтан амьдардаг. Энэхүү амьтныг луугийн хүүхэд ч гэж нэрлэдэг (учир нь биеийн хэлбэр дүрс нь домогт гардаг зарим луутай нэн төстэй) бөгөөд ойролцоогоор 100 хүртэл насалдаг.
БАРИМТ 3
Словени улс нь байгаль орчинд хамгийн ээлтэй улсуудын жагсаалтын тавдугаар байранд эрэмбэлэгддэг. Тус улсын 53 хувь нь улсын хамгаалалтад байдаг бөгөөд дэлхийн II дайны дараа Словени улсад устах аюулд өртөөд байсан хүрэн баавгайн тоо толгой өнөө үед 1,000 хол давсан байдаг. Энэ нь уг улсыг европ тивийн хамгийн олон тооны хүрэн баавгайтай орон болгодог.
БАРИМТ 4
Мөн улсын нийт газар нутгийн 60 хувь нь ой модоор хүрээлэгддэг. Энэ нь Европ тивдээ гуравдугаар байранд (Швед, Финландын дараа) орох үзүүлэлт юм. Үүнээс гадна дөрвөн хүн тутмын нэг нь ой моддыг хуулийн дагуу эзэмшдэг бөгөөд иргэд нь өөрсдийн эзэмшлээ ашиг олохын тулд ашиглахын оронд хайрлан хамгаалдаг.
БАРИМТ 5
Словени улс нь Итали (баруун), Австри (хойд), Унгар (зүүн хойд), Хорват (зүүн урд), Адриадын тэнгистэй (баруун урд) тус тус хиллэдэг. Газар нутгийн ихэнх хувийг өндөр уулс болон ой модод бүрдүүлдэг. Мөн Словени улс нь дэлхийн хамгийн тайван орнуудын жагсаалтад долдугаар байранд бичигддэг.
БАРИМТ 6
Хэрэв та Словени улсад зочилбол дурсгал болгож зөгийн бал худалдаж авах хэрэгтэй. Учир нь зөгийн аж ахуйн тус улсын соёл болон уламжлалын нэгэн чухал хэсэг юм. Ойролцоогоор 200 словени хүн тутмын нэг нь зөгий үржүүлэгч байдаг гэх судалгаа бий. Зөвхөн тооноос гадна уг улсын зөгийн балны амт чанар нь нэлээд алдартай.
БАРИМТ 7
Эрт дээр үеэс эхлэн түүхийн уртад Словени улс нь маш олон муж, болон эзэнт гүрнүүдийн нэг хэсэг байсан. Жишээ дурдвал Ромын Эзэнт гүрэн, Византын Эзэнт гүрэн, Каролингийн Эзэнт гүрэн, Унгарын Хаант Улс, Австрийн Эзэнт гүрэн, Австри-Унгарын Эзэнт гүрнийг нэрлэж болно. Харин 1918 онд Серби болон Хорватын хамтаар та бүхний сайн мэдэх Югослав улсыг үүсгэх эхний алхмыг хийсэн. Улмаар 1945 онд албан ёсоор Югославыг байгуулсан боловч 1991 онд тэд Югославаас салан тусгаарласан анхны улс болж тусгаар тогтнолоо зарласан. НҮБ Словени улсыг албан ёсны гишүүн орноор 1992 онд бүртгэж авсан бөгөөд тус улс нь дөнгөж 30 настай.
БАРИМТ 8
Улсын албан ёсны хэл нь словени хэл боловч ард иргэд нь 46 гаруй хоорондоо ялгаатай нутгийн аялгаар амьдарч буй бүсээсээ шалтгаалан ярьдаг. Мөн итали болон унгар (мажар хэл) хэл Словени улсад өргөнөөр ашиглагддаг ба хоёр болон түүнээс олон хэлээр чөлөөтэй ярьдаг иргэддээ тусгай үнэмлэх гардуулдаг гэнэ. Харин улсын нийслэлийг Любляна гэдэг ба энэ нь Словенийн хамгийн том хот юм.
БАРИМТ 9
Словеничууд маш өндөр. Эрчүүдийн дундаж өндөр нь 180.3 см байдаг бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн өндөр 10 улсын жагсаалтад Европын бусад орны хамт төвөггүй багтдаг. Улсын хамгийн түгээмэл нэр нь Лука (эрэгтэй хүүхдэд) болон Эма (эмэгтэй) нар юм. Та бүхэн NBA-гийн “Даллас Маверикс” багийн лидер Лука Дончичийг Словени хүн гэдгийг мэдэх байх. Түүний нэр болон өндөр нуруу нь үндэс угсааг нь бүрэн илтгэнэ.
БАРИМТ 10
Дэлхийн хамгийн том цанын үсрэлтийн талбай Словени улсад байдаг. Өмнө нь хэлсэнчлэн өндөр уул нурууд ихтэй тус улсад өвлийн олимп тэр тусмаа цанын үсрэлтийн төрөл маш өндөр хөгжсөн. Планика гэх энэхүү талбайд нийт 28 дэлхийн дээд амжилт тогтоогдож байсан бөгөөд анхны 200 метр харайсан тамирчин мөн л уг талбайд харайлтаа гүйцэтгэсэн.
БАРИМТ 11
Липиззанер гэх дэлхийд алдартай морины үүлдэр Словениас гаралтай. Анх 1580 онд үүссэн уг үүлдэрийн бүх морьд Словени улсаас үүдэлтэй. Тэдний үзэсгэлэнт цагаан зүс болон аливаа зүйлсийг аамархан сурдаг чадвар нь уг үүлдрийг онцгой болгодог. Одоо цагт жуулчид уг морийг үзэхээр олноороо цуглардаг ба Липиззанер нь Словенийн түүхийн болон байгалийн үнэт өв юм.
БАРИМТ 12
Словени улсын үндэсний хоол нь “Потика” хэмээх бялуу. Уг бялууг словеничууд баярын өдрүүдэд тусгайлан бэлтгэн зооглодог уламжлалтай. Мөн тус улсаас дэлхийн хамгийн эртний модон дугуй олдсон. Энэхүү түүхийн үнэт олдвор нь 2002 онд нийслэл хотоос урагш 20 ыкм-н зайд олдсон ба 5,150 жилийн настай гэж тогтоогдсон.
БАРИМТ 13
Словени улсын 70 иргэн бүрд нэг усан үзмийн талбай харьяалагддаг ба тус улсын виноны соёл дахин давтагдашгүй. Хэдийгээр амт сайтай виног үйлдвэрлэдэг ч ард иргэдийнх нь виноны хэрэглээ маш өндөр тул ердөө 8-9 хувийг нь л импортолдог. Мөн дэлхийн хамгийн хөгшин (440 настай) усан үзмийн мод Словени улсад бүртгэлтэй.
БАРИМТ 14
Словеничууд нэлээд хөгшин ард түмэнд тооцогддог. Учир нь иргэдийн дундаж нас нь одоогийн байдлаар 43.5. Харин дундаж наслалт нь 81.3 байдаг. Словени улс нь Европын холбоонд 2004 оны тавдугаар сарын 1-нд, НАТО-д 2004 оны дөрөвдүгээр сарын 7-нд тус тус элссэн.
БАРИМТ 15
Линден мод нь уг улсын үндэсний чухал бэлгэ тэмдгүүдийн нэгээр тооцогддог. Энэхүү мод нь хайр дурлал, найз нөхөрлөл, болон үнэнч байдлуудыг бэлгэддэг. Мөн Словени улс нь гурван өөр цаг уурын бүсэд оршдог тул эрс тэс уур амьсгалтай.
БАРИМТ 16
Словеничууд адал явдал маш ихээр эрэлхийлдэг хүмүүс. Словенийн усанд сэлэгч Мартин Стрел Амазон мөрөнд амжилттай сэлсэн түүхэн дэх анхны хүн болж байсан бол дэлхийн дээвэр Эверестэд хамгийн хамтдаа авирсан хосууд Словени хүмүүс байсан. Мөн Даво Карнижар гэх Словени залуу Эверест дээрээс цанаар гулгасан анхны хүн болсон. Түүний хувьд дэлхийн бүх тивийн хамгийн өндөр оргилууд дээр амжилттай гарсан анхны хүн билээ.
БАРИМТ 17
Словенийг тусгаар тогтносон албан ёсны улс гэдгийг Хорват улс хамгийн анх хүлээн зөвшөөрч байсан. Хорват улсын тусгаар тогтнолыг хамгиын анх хүлээн зөвшөөрсөн улс нь мөн Словени юм. Эрт цагаас эхлэн эдгээр улс хоорондоо нарийн холбоотой байсаар ирсэн. Нэгэн сонирхолтой баримт дурдахад Словени улсын нийслэлд байрлах улстөрчдийг хорьдог байсан шоронд нэг оройг хоригдлын амьдралаар өнгөрөөхийг хүссэн хүмүүс төлбөр төлж хонох боломжтой.
БАРИМТ 18
Словени улсад 500 гаруй цайз цамхаг байрладаг. Энэ нь 25 километр хавтгай дөрвөлжинд нэг цайз харьяалагддаг гэсэн үг. Мөн тус улсад ойролцоогоор 300 сүм хийд болон шашны бусад дурсгалт газрууд байдаг. Энэ нь Европ тивдээ дээгүүр эрэмбэлэгдэх тоо баримт юм.
БАРИМТ 19
Словени улсад сүйт залуу нь сүйт бүсгүйгээ өргөөд хуримынхаа үеэр 99 ширхэг шатны өөд гардаг уламжлал бий. Энэ нь урт удаан аз жаргалтай гэрлэлтийг бэлгэддэг байна. Мөн уламжлалт болон онцгой баяр ёслолын үеэр үндэсний амттан болох “Потика” хэмээх бялууг бэлтгэн иддэг уламжлалтай.
БАРИМТ 20
Словени улсын бэлгэ тэмдэг нь улсынхаа хамгийн өндөр уулын оргил болон далайн эргийг бэлгэдэн дүрсэлсэн байдаг. Мөн энэхүү бэлгэдэл нь төрийн далбааныхаа дээд буланд байрладаг. Харин уг тэмдгийг арилгах юм бол Словени улсын далбаа ОХУ-ын далбаатай яг ижилхэн.
БАРИМТ 21
Парламентийн засаглалтай уг улсын Ерөнхийлөгч нь Борут Пахор бол Ерөнхий сайд нь энэхүү албыг өмнө нь хоёр удаа хашиж байсан Янез Янша билээ. Улсын зэвсэгт хүчний хувьд үргэлж байлдааны бэлэн байдалд байдаг бөгөөд НАТО-д элссэн цагаасаа хойш олон улсын энх тайвны төлөөх үйл ажиллагаануудад зориулан цэргүүдээ тасралтгүй илгээсээр байгаа. Афганистан болон Косово улсуудад Словени цэргүүд олноороо үүрэг биелүүлдэг.
БАРИМТ 22
Словеничуудын боловсролын чанар дэлхийд 12, Европын Холбооны улсууд дунд дөрөвдүгээр байранд тус тус жагсдаг. Судалгаанаас авч үзэхэд сурагчдын 98 хувь нь ахлах сургууль элсэн суралцаж тэдний 84 хувь нь үргэлжлүүлэн их дээд сургуульд элсдэг. Иргэдийн 99.6 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Хөгжлийн бэрхшээлтээй иргэдийг тооцохгүй байвал энэ үзүүлэлт 100 хувьд хүрнэ.
БАРИМТ 23
Спортын хувьд словеничуудыг өвлийн спортуудад алдартай гэдгийг бид өмнө нь дурдсан. Тэгвэл словеничууд өндөр нуруутай тул ыхөлбөмбөг, волейболын спортуудад мөн маш сайн гэнэ. Харин ганцаарчилсан спортуудаас бокс, теннис, ууланд авиралт, уулын дугуй, болон хөнгөн атлетикийн төрлүүд Словени улсад сайн хөгжсөн. Дэлхийн II дайны үед Словенийн гимнастик болон туялзуур жадны тамирчид дэлхийд тэргүүлдэг байсан гэнэ.
БАРИМТ 24
Хэдийгээр словеничууд шар айраг болон виног ихээр хэрэглэдэг ч тус улсын үндэсний ундаа нь шапс юм. Энэ нь словенийн уламжлалт согтууруулах ундаа бөгөөд алим, лийр, чавга, чангаанз гэх мэт жимсний амттайгаараа онцлог. Нэмэлт мэдээлэл хүргэхэд Словени улсын иргэд дэлхийн 155 улс руу ямар нэгэн визаны хэрэггүйгээр зорчих боломжтой.