БАРИМТ 1
Шведийн Вант Улс нь европ тивийн хойд хэсэгт орших Скандинавын орнуудын нэг бөгөөд улсынхаа баруун болон хойд хэсгээрээ Норвеги, зүүн хэсгээрээ Финланд улсуудтай хиллэдэг. Мөн улсынхаа баруун урд хэсэгт байрлах гүүрэн хонгилоор Дани улстай шууд холбогддог.
БАРИМТ 2
Нийт газар нутгийн хэмжээ нь 450,295 хавтгай дөрвөлжин километр бөгөөд энэ хэмжээгээрээ хойд европт тэргүүлдэг. Харин дэлхийд 55 дугаарт бичигддэг. Хүн амын хувьд 10.5 сая ба тэдний 66.8% нь христийн шашинтай бол 27 хувь нь ямар нэгэн шашингүй.
БАРИМТ 3
Швед улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд долдугаарт, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ арванхоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд амьдрахад хамгийн тайван, цэвэрхэн улсуудын нэгээр нэрлэгддэг. Тус улсын нийт хог хаягдлын дөнгөж 1 хувь нь газар шингэдэг бөгөөд 50 хувийг нь дахин боловсруулж үлдсэн 49 хувийг нь цахилгаан гаргаж авахад ашигладаг. Гэвч 49 хувийн хог нь хангалттай хэмжээний энерги гаргаж авахад хүрдэггүй тул Норвеги болон Их Британи улсуудаас хог импортолж авдаг.
БАРИМТ 4
Тус улсын 63 хувь нь ой моддоос бүрддэг. Том газар нутагтай мөн цөөн тооны хүн амтай, иргэдийн 85 хувь нь том хотуудад суурьшан амьдардаг байдал нь Швед улсыг Европын хамгийн ногоон орнуудын нэг болоход нөлөөлдөг. Мөн тус улсад 90,000 гаруй нуур байдаг бол далайн эргийн урт нь ойролцоогоор 3,000 километр.
БАРИМТ 5
Швед улсын үндэсний бэлгэдэл болсон амьтан нь хандгай. Ойролцоогоор 300,000-400,000 гаруй хандгай Шведийн ой мод дунд эрх чөлөөтэй амьдардаг. Тус улсын хандгайн тоо нь жил бүр хэдэн тооны хандгайг агнаснаас шалтгаалж нэлээд өөрчлөгддөг. Мөн хандгайн мах нь бөөрөнхий махны хамтаар Шведийн үндэсний хоолоор тооцогддог.
БАРИМТ 6
Швед улсын гадаад пасппорт нь дэлхийн хамгийн хүчтэй гадаад үнэмлэхүүдийн нэг. Одоогоор уг үнэмлэхийг эзэмшигчид дэлхийн 156 орон руу тодорхой хугацааны дотор визаны шаардлагагүйгээр зөрчих боломжтой. Энэ нь дэлхийд тавдугаар байранд эрэмбэлэгдэх үзүүлэлт.
БАРИМТ 7
Шведийн Жуккасжарви гэх суурин газарт мөсөөр баригдсан алдартай зочид буудал байдаг. Хүйтний улирал Арктикт ирэх үед тус зочид буудлыг жил бүр шинээр барьдаг. Жил бүр бүтээхдээ өмнө жилүүдийн загвараас өөрөөр бүтээдэг тул жилийн дараа дахин ирсэн ч тэс өөр мэдрэмжийг жуулчдад өгдөг. Тус зочид буудлыг нэг удаа урлахад хоёр тонн гаруй мөсөн блокийг ашигладаг.
БАРИМТ 8
Доналд Дак тус улсад маш алдартай. Диснейн хүүхэлдэйн баатар болох Доналд нугасыг та бүхэн сайтар мэдэх байх. Дэлхийн ихэнх орнуудад Мики Маус алдартай байдаг боловч Швед улсад Доналд Дак хамаагүй илүү нэр хүндтэй. Уг шувуунаас болж Швед улс хийсвэр зүйлсэд санал өгөхийг хориглосон хуулийг хүртэл 2006 онд баталж байсан. Учир нь сонгуулийн үеэр олон тооны Шведчүүд аль нэг нэр дэвшигчийг сонгохын оронд “Donald Duck!” гэж бичээд орхидог байж.
БАРИМТ 9
Швед бол дэлхийн хамгийн өгөөмөр улс. Учир нь тэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1 хувиас ихийг нь дэлхий нийтэд хандивладаг. Тэднээс өөр ямар ч улс энэхүү хэмжээний хандивыг өргөдөггүй байна. Улсын албан ёсны хэл нь швед хэл бол нийслэл хот нь Стокхолм (1523 оноос хойш).
БАРИМТ 10
Газар нутгийн байрлалаас шалтгаалж Норвеги улсын адилаар Швед улсын хойд бүсэд зуны цагт нар жаргадаггүй. Мөн тэндээс та үзэсгэлэнт туйлын туяаг өөрийн нүдээрээ үзэх боломжтой. Мөн өвлийн цагт нар бараг л үзэгддэггүй тул хот суурин газруудад их хэмжээний гудамжны гэрлүүд өдрийн туршид асаж хотыг гэрэлтүүлдэг.
БАРИМТ 11
Шведчүүд бол викингүүдийн үр сад. Дэлхийн түүхэн дэх хамгийн чадварлаг мөн аймшиггүй дайчдын нэг болох зүүн болон хойд европыг 8-11-р зууны үеүдэд байлдан дагуулж байсан викингүүдийн өнөөгийн үр удам нь Швед хүмүүс. 1905 оны наймдугаар сард Швед-Норвегийн холбоо задарснаар орчин үеийн Швед улс үүссэн бөгөөд 1995 оны нэгдүгээр сарын 1-нд Европын Холбоонд албан ёсоор элссэн.
БАРИМТ 12
Манай эриний 970 онд анх байгуулагдсан Шведийн вант улс нь одоо оршиж буй дэлхийн найм дахь ахмад улс. Нэгдмэл парламент болон хаант засаглалтай уг улсын өнөөгийн хаан нь 6-р Карл Густаф бол ерөнхий сайд нь Магдалена Андерссон. Мөн тэдний парламентийн ардчилал нь 1917 оноос эхлэлтэй. Энэ нь тэднийг дэлхийн хамгийн эртний ардчилсан улсуудын нэг болгодог.
БАРИМТ 13
Хүний эрхийг маш ихээр дээдэлдэг Швед улс нь нийгэмдээ ижил хүйстнүүдийг нээлттэй хүлээн зөвшөөрдөг. Анх 1944 онд ижил хүйстнүүдийн харилцааг, 1972 онд трансжендер хүмүүсийг хүйсээ солихыг хуулийн дагуу, 2009 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг тус тус зөвшөөрсөн.
БАРИМТ 14
Швед улс нь хүчирхэг цэргийн хүчтэй улс бөгөөд 1914 оноос хойш аливаа дайн тулаанд төвийг сахисан байдалтай оролцсоор ирсэн. Хэдийгээр маш тайван улс боловч 19-өөс дээш насны бүх эрэгтэйчүүд 15 сарын хугацаатай цэргийн албыг хаах үүрэгтэй. Мөн Стокхолм хотын метроны буудлын 90 хувь нь урлагийн чамин хийцээр чимэглэгдсэн байдаг.
БАРИМТ 15
Тус улсын кофений соёл нэлээд алдартай. Хойд бүсийн европчууд уудаг кофенийхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд Шведүүд ажлын өдөр хоёр удаа фика гэх кофений завсарлага авдаг. Фиканы үеэр ажилчид кофе уунгаа бусадтай ярилцаж толгойгоо амраадаг. Ийнхүү хэсэг амарсны дараа ажилдаа буцаад улам эрч хүчтэй ордог гэнэ.
БАРИМТ 16
Шведийн үндэсний амттан нь “Семлор” гэх бялуу бөгөөд жилд ойролцоогоор 20 сая ширхгийг үйлдвэрлэдэг. Мөн Шведийн Вант Улсын өмнөх хаадуудын нэг болох 13-р Эрикийг ард түмэн хүчээр огцруулж дөнгөсөн бөгөөд хаан суудлаа алдсаныхаа дараа 13-р Эрик далайн дээрэмчин болсон өвөрмөц түүхтэй.
БАРИМТ 17
Швед улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь “Швед крон” бөгөөд одоогийн байдлаар 9 швед крон нэг ам.долартай тэнцэж байна. Тэгвэл дэлхийн бусад улсуудаас өөрсдийгөө хамгийн ихээр хязгаарладаг улсуудын нэг болох Хойд Солонгос Швед улсад 2.7 тэрбум швед кроны өртэй. Энэхүү өрийн түүх нь анх 1974 онд Хойд Солонгос Швед улсаас 1,000 ширхэг Волво машиныг зээлээр авсан. Дөчин найман жилийн туршид Хойд Солонгосчууд удирдагч асан Ким Ии-Сунгийн тавьсан өрийг төлсөөр байна.
БАРИМТ 18
Хүүхдэдээ гар хүрэхийг хориглосон анхны улс. Швед улс нь 1979 онд хүүхдээ цохих, зодохыг хуулийн дагуу хориглосон бөгөөд тухайн үедээ энэхүү хуулийг баталсан дэлхий дээрх анхны улс болж байжээ. Тэднээс хойш 35 улсууд энэхүү хуулийг мөн батлаад байна. Швед улсад хүүхдэдээ гар хүрэх юм бол шоронд ял эдлэх хүртэл шийтгэлтэй.
БАРИМТ 19
Швед улс нь нэр иргэн оногдох олон улсын патентынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсаас загварын болон технологийн маш олон алдартай компаниуд гаралтай. Жишээлбэл: Electrolux, Ericsson, H&M, IKEA, Saab, Dynamite, Tetra Pak гэх мэт. Мөн Швед нь хамгийн олон МкДоналдсын сүлжээ ресторантай Европын орон.
БАРИМТ 20
Тус улсын төрийн далбаа нь тод цэнхэр болон шар өнгөнүүдээс бүрддэг. Цэнхэр өнгө нь шударга ёс, үнэнч байдал, сонор сэрэмж болон тэсвэр тэвчээрийг, шар өнгө нь өгөөмөр байдлыг бэлгэддэг. Харин загалмайн дүрс нь бусад Скандинавын орнуудын адилаар христийн шашинг бэлгэддэг.
БАРИМТ 21
Швед улсын иргэд дунджаар 83 насалдаг бөгөөд тэдний 99 хувь нь бичиг үсэгт тайлагдсан. Мөн тэдний дундаж IQ 98.6 ба уг үзүүлэлтээрээ дэлхийд 22-р байранд жагсдаг. Нэгээс таван насны хүүхдүүд улсын цэцэрлэгт бүгд хамрагдах эрхтэй байдаг бол сурагчид 12 жилийн турш сурснаар дунд боловсролыг эзэмшдэг.
БАРИМТ 22
Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үр дүнд Швед улсыг олон мянган цагаачид зорьж тус улсын иргэд болсон. Ингэснээр тус улсын хүн амын тодорхой нэгэн хэсгийг цагаачид эзэлж эхэлсэн. Швед улсын цагаачдын ихэнх хувийг Сири, Ирак, Финланд, Польш, болон Иран улсаас гаралтай хүмүүс бүрдүүлдэг.
БАРИМТ 23
Мэдээж сэрүүн уур амьсгалтай улс тул өвлийн бүхий л спортууд төрлүүд өндөр хэмжээнд хөгжсөн. Үүнийгээ харуулж одоогийн байдлаар Бээжин 2022 олимпын наадмыг Швед улсын баг тамирчид гурван алтан медальтайгаар тэргүүлж байна. Харин Швед улсын хөлбөмбөг, теннис, болон морин спорт гэх мэт зуны спортын төрлүүдийн тамирчид нэлээд алдартай. Жишээлбэл алдарт хөлбөмбөгчин Златан Ибрахимович, болон дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгддэг байсан өдгөө 65 настай теннисчин Бьорн Борг нарыг нэрлэж болно.
БАРИМТ 24
Швед улсын иргэдийн төлдөг татварын мөнгөний 27 хувь нь эрүүл мэнд болон боловсрол, 5 хувь нь арми болон цагдаа, 42 хувь нь нийгмийн даатгалд тус тус зарцуулагддаг. Ердийн ажилчид татвараа төлснийхөө дараа ажлын хөлснийхөө 40 хувийг нь гар дээрээ авдаг.