БАРИМТ 1
Бүгд Найрамдах Австри улс нь төв Европын урд бүсийн Альпийн нурууны зүүн хэсэгт байрладаг. Улсын нийт газар нутаг нь 83,879 хавтгай дөрвөлжин километр ба 9 сая хүн амтай. Иргэдийн 69 хувь нь христийн шашинтай бол 22 хувь нь ямар нэгэн шашинд итгэдэггүй.
БАРИМТ 2
Тус улс нь Герман (баруун хойд), Чех (хойд), Словак (зүүн хойд), Унгар (зүүн), Итали, Словени (урд), Швейцар, Лихтенштейн (баруун) улсуудтай тус тус хиллэдэг далайд гарцгүй орон. Улсын албан ёсны хэл нь герман хэл бөгөөд унгар, словени, бургенланд хорват гэх хэлээр Австрийн иргэд ярьдаг.
БАРИМТ 3
Альпийн нурууны өндөр уулсаас шалтгаалж Австри улсын газар нутгийн 70 хувь нь далайн түвшнээс дээш 500 метрээс өндөрт оршдог. Мөн уг улсын хамгийн өндөр цэг нь Гросслокнер гэх далайн түвшнээс дээш 3,800 метр өндөрт орших уул юм. Ийм учраас Австри улс нь уулчид болон явган аялагчдын хувьд диваажин л гэсэн үг.
БАРИМТ 4
Австри улсын төрийн далбаа нь 1191 онд үүссэн ба дэлхийн хамгийн ахмад настай далбаануудын нэгээр нэрлэгддэг. Далбааны дээд болон доод хэсэг улаан өнгөөр бүрхэгдсэн байх бол голын хэсэг нь цагаан өнгөтэй. Улаан өнгө нь эр зориг, хүч чадлыг, цагаан өнгө нь шударга байдал болон амар амгаланг бэлгэддэг.
БАРИМТ 5
Дэлхийн I дайнд ялагдал хүлээснийхээ дараа Австри улс нь удаан хугацааны туршид Герман улстай хамт нэг улс болон оршин тогтносон. Гэвч дэлхийн II дайнд мөн ялагдал хүлээснээр Герман улсаас салан тусгаарлаж бүрэн эрхт өөрийгөө удирдах улс болсон. Мөн дэлхийн II дайныг эхлүүлсэн гол хүмүүсийн нэг болох Адольф Хитлер нь Австри хүн байсан. 1945 онд салан тусгаарласан ч 1955 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 6
Австри улсад 1752 онд үүд хаалгаа нээсэн дэлхийн хамгийн эртний амьтны хүрээлэн байдаг. Мөн тус улсын нийслэлийг Вена гэдэг ба хүн амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтад үргэлж дээгүүр бичигддэг. Нийт хүн амын дөрөвний нэг нь уг хотод амьдардаг бөгөөд европын соёл болон уран бүтээлийн төв хот байсан.
БАРИМТ 7
Австричууд улсынхаа байгаль орчныг маш сайн хамгаалдаг. Ой модтой бүс нутгийнхаа гуравны нэгийг тусгай хамгаалалттай газар хэмээн улсын хамгаалалтад авсан ба нийт хог хаягдлынхаа 63 хувийг дахин боловсруулж цахилгааныхаа ихэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүч ашиглан гаргаж авдаг. Мөн үзэсгэлэнт байгальтай тус улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь аялал жуулчлал ба коронавирусын халдвараас өмнө жуулчдаас жилд дунджаар нэг тэрбум ам.долларын ашгийг олдог байсан.
БАРИМТ 8
2.860 каратын дэлхийн хамгийн том маргад чулуу Вена хотын эзэн хааны санд хадгалагддаг. Мөн европын хамгийн өндөр усан хүрхрээ (Криммлын хүрхрээ-380 метр) болон дэлхийн хамгийн том мөсөн агуйг (42 километрийн урттай) Австри улсаас олж болно.
БАРИМТ 9
Уур амьсгал болон байгалийн тогтцоос нь шалтгаалж цанын спорт Австри улсад маш сайн хөгжсөн. Австри хүүхдүүд хөлд орсон цагаасаа эхлэн цанаар гулгаж сурдаг гэхэд буруудахгүй. Үүнээс гадна Австри улс өвлийн олимпыг 1964 болон 1976 онуудад Инсбрук хотноо хоёр удаа амжилттай зохион байгуулсан.
БАРИМТ 10
Австрийн зохион бүтээгч Жозеф Мадерспергер 1818 онд оёдлын машиныг бүтээж байсан бол 1905 онд Австри зохиолч Берта Фон Зутнер Нобелын энх тайвны шагналыг хүртсэнээр уг шагналын авсан анхны эмэгтэй болон түүхэнд үлдсэн. Тэднээс гадна алдарт жүжигчин, улс төрч Арнольд Шварценеггер болон Порше компанийг үүсгэн байгуулагч Фердинанд Порше нар Австри улсад төрсөн. Мөн тус улсаас чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн маш чанартай хадгалагдсан цогцсууд олддог. Энэ нь цаг агаарын хүйтэн уур амьсгалтай холбоотой.
БАРИМТ 11
Австрийн соёлд шарсан талхаа хэн нэгэнтэй хуваалцах үедээ тэдний нүд рүү харахаас зайлс хийх нь азгүйдлийг дууддаг хэмээн цээрлэдэг. Мөн эрүүл саруул Австри эрчүүд хуулийн дагуу жилээс бага хугацаанд үргэлжилдэг цэргийн албыг өөрсдийн биеэр хаах ёстой.
БАРИМТ 12
Австри улсад байдаг Хаслауэр гэх 803 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ресторан нь одоо хүртэл идэвхтэй ажилладаг дэлхийн хамгийн эртний дэн буудал болон зоогийн газар гэх амжилтыг эзэмшдэг. Мөн Европ тивийн хамгийн хөгшин компани гэгддэг. Австри улс нь Европын холбооны гишүүн орон боловч NATO-ийн гишүүн орон биш юм.
БАРИМТ 13
Тус улсын иргэдийн 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Хүүхдүүд зургаан настайдаа бага сургуульд элсэн орч улмаар 18 насандаа бүрэн дунд боловсрол эзэмшдэг. Цахилгаанчин, мужаан, сантехникч гэх мэт мэргэжилд бэлддэг коллежууд Австри улсад нэлээд алдартай. Мөн тус улсад дөнгөж 12 их сургууль, 6 урлагийн коллеж байдаг. Энэ нь өндөр хөгжилтэй орны их сургуулиудын хувьд бага тоо юм.
БАРИМТ 14
“Red Bull” гэх дэлхийн хамгийн их хэмжээгээр зарагддаг энергийн ундаа Австри улсаас гаралтай. Мөн ил захидлын дугтуй анх Австри улсад хэвлэгдэж байсан. Өөр нэгэн сонирхолтой баримт хэлэхэд Австри улс нь органик газар тариалангийн төлөө хувьсгал хийсэн дэлхийн анхны улс. Тэд химийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ургацын хэмжээг ихэсгэхийн тулд ашиглахыг эсэргүүцсэн.
БАРИМТ 15
Австри улс нь дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 27, нэг хүнд оногдох хэмжээгээрээ 15, хүний хөгжлийн индексээрээ 18-р байруудад тус тус эрэмбэлэгддэг. Мөн Австри улс нь дэлхийн шилдэг уран бүтээлчид болон эрдэмтдийн эх нутаг. Алдарт хөгжмийн зохиолч Моцарт Австри улсад төрсөн. Моцартын музей тус улсад байдаг бөгөөд Австри улсад очсон ихэнх жуулчид уг музейг зорьдог уламжлалтай.
БАРИМТ 16
Австри улсын иргэд долоо хоногт 45 цаг ажилладаг. Энэ нь европын бусад бүх орноос өндөр үзүүлэлт юм. Тэд жил бүр 22 өдрийн амралт болон 13 хоногийн бүх нийтийн амралтын өдрүүдтэй. Иргэдийн дундаж наслалт нь 81 бөгөөд эрэгтэйчүүд 65 насандаа эмэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэртээ гарах боломжтой.
БАРИМТ 17
Австри улс цөмийн зэвсэгтэй орон байсан боловч 1978 онд тэдгээрийг идэвхгүй болгож 1997 онд цөмийн зэвсгийн эсрэг олон улсын тогтоолд гарын үсэг зурсан. Харамсалтай нь Австри улс нь Чернобылийн осолд хамгийн ихээр хордсон орнуудын нэг.
БАРИМТ 18
Кофены соёл тус улсад нэлээд алдартай. Иргэдийн 90 хувь нь өдөр тутамдаа кофег хэрэглэдэг бөгөөд өдөр бүрийн 15:00 цагийн үед Австрийн албан байгууллагуудад кофены завсарлага болдог. Эртний 19-р зуунд үүд хаалгаа нээж байсан кофены дэлгүүрүүд одоо хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
БАРИМТ 19
Вена хотод урлаг соёлын олон өвөрмөц газрууд байдаг. Жишээ болгож 1,441 өрөөтэй ордон болон 2 сая гаруй номтой Австрийн үндэсний номын санг нэрлэж болно. Мөн хүүхдүүд 14 нас хүрмэгцээ өөрийн шашингаа сонгодог. Энэхүү шийдвэрийг улсаас чухалчилж үздэг тул сургуулийн хөтөлбөрт шашны тухай хичээлүүд багтдаг.
БАРИМТ 20
Австри улс нийт есөн холбооны бүс нутагт хуваагддаг. Тэдгээр нь Вена, Бургенланд, Дээд Австри, Доод Австри, Зальзбург, Карантия, Форарлберг, Тироль, болон Штири нар юм. Мөн ойролцоо нэртэй тул олон улсад Австрали болон Австри улсуудыг андуурах явдал цөөнгүй тохиолддог.
БАРИМТ 21
Парламентийн бүгд найрамдах засаглалтай тус улсын ерөнхийлөгчийг Александр Ван Дер Беллен гэдэг бол канцлерыг нь карл Нехаммер гэдэг. Европын холбоонд нэгдэхийнхээ өмнө Герман улстай хэт холбоотой эдийн засагтай байсан бол уг холбоонд нэгдсэнээр Австри улсын хөгжил огцом сайжирч бусад Европын орнуудын хэмжээнд очиж өдгөө дэлхийн хамгийн баян 20 улсын нэгээр нэрлэгдэж байна.
БАРИМТ 22
Австри улсын үндэсний амьтан нь бүргэд. Тус шувуу нь улсын өмнөх төрийн далбаа болон бэлгэ тэмдэг дээр нь дүрслэгддэг ба уг шувуугаар зориг, хүч чадал, болон ялалтыг бэлгэддэг. Мөн Австри гэх нэрний жинхэнэ утга нь герман хэлнээ “зүүн чигийн хаант улс” гэж орчуулагддаг.
БАРИМТ 23
Улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро бөгөөд өнөөдрийн байдлаар 0.87 евро нэг ам.доллартай тэнцэж байна. Энэ нь америк доллараас илүү ханштай байна гэсэн үг. Манай орны иргэд Австри улс руу зорчихын тулд шенгений визатай байх ёстой бол Австри улсын иргэд дэлхийн 155 улс руу ямар нэгэн визагүйгээр зорчих боломжтой.
БАРИМТ 24
Олон улсын соёл холилдсон тул Австри улсын хоолнуудыг тэдний үндэснийх гэж тодорхойлоход хэцүү. Гэхдээ винер шницель гэх Герман гаралтай хоол нь Австрийн үндэсний хоол хэмээн тооцогддог.