БАРИМТ 1
Бутаны Хаант Улс нь Гималайн нурууны зүүн хэсэгт БНХАУ болон Энэтхэг улсуудын дунд оршдог далайд гарцгүй орон. Непал болон Бангладеш улсуудтай маш ойрхон байрладаг ч улсын хилээрээ хараахан холбогддоггүй.
БАРИМТ 2
Хүн амын тоо нь харьцангүй цөөн буюу 755,000 бол газар нутгийн хэмжээ нь 38,394 хавтгай дөрвөлжин километр. Улсын нийт иргэдийн 74.8 хувь нь буддын шашинг шүтдэг тул Бутан улс иргэдийн олонхоо дагаад буддын шашныг улсынхаа албан ёсны шашнаар тодотгосон.
БАРИМТ 3
Гималайн нуруунд байрладаг тул газар нутгийн ихэнх хэсгийг өндөр уулс бүрдүүлдэг бөгөөд Бутан улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 7,500 метрийн өндөрт орших Канкар-Пунсум гэх уул. Мөн тус уул нь уулчдын авирч үзээгүй хамгийн өндөр уулаар нэрлэгддэг.
БАРИМТ 4
Бутан улс нь хаант болон парламентийн засаглалын хосолсон системтэй. Одоогийн хааныг нь Жигме Хесар Намгьял Вангчук (Жигмэдгэсэрнамжил Ванчиг) гэх бөгөөд 2006 онд 25 насандаа хаан ширээнд суусан. Харин Ерөнхий сайдыг нь Лотай Церинг гэдэг.
БАРИМТ 5
Бутан улсын иргэд өдөр тутмын амьдралдаа үндэсний хувцас болох гхо (эрэгтэйчүүд өмсдөг) болон кираг (эмэгтэйчүүд өмсдөг) тогтмол өмсдөг. Тэд зах руу явахдаа, шашны албан ёсны үйл ажиллагаанд хамрагдахдаа, улс төрийн олон улсын уулзалтад оролцохдоо, хурим найранд очихдоо гэх мэт бүхий л үед үндэснийхээ хувцсаар гангардаг.
БАРИМТ 6
Тус улсын нийслэлийг Тхимпху гэдэг. Уг хоттой холбоотой нэгэн сонирхолтой баримтыг дэлгэхэд Тхимпху хот нь замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохиогүй дэлхий дээрх цор ганц нийслэл хот юм. Иргэд машин бага хэрэглэдгээс гадна хотын төвөөр замын цагдаа нар хөдөлгөөнийг зохицуулдаг тул замын түгжрэлд санаа зовох ямар ч хэрэг байхгүй. Мөн нийслэл хотоос гадна Бутан улсын хаанаас ч та зам тээврийн гэрэл олж харахгүй.
БАРИМТ 7
Бутан улсад ямар ч нүүрстөрөгчийн хий байхгүй. Учир нь тус улсын 70 хувь нь ой модоор бүрхэгдсэн бөгөөд тэд ялгаруулж байгаагаасаа их нүүрстөрөгчийн хийг шингээж авдаг байна. Энэхүү байгальд ээлтэй шинж чанараараа дэлхийн бусад улсуудад үлгэр дуурайлал үзүүлдэг.
БАРИМТ 8
Бутан улсын цагдаагийн байгууллагад маш бага тооны дуудлага ирдэг. Учир нь бутанчууд маш эелдэг найрсаг хүмүүс бөгөөд тус улсад гэмт хэрэг бараг л бүртгэгддэггүй. Энэ нь тэдний амьдралын тайван хэв маяг болон үндэсний шашинтай нь гүн холбоотой. Хэрэв таньд Бутан улсаар аялах боломж олдвол юунд ч санаа зоволгүйгээр тайван аялж болно.
БАРИМТ 9
Бүрэн эрхт хаант засаглалтай байсан Бутан улс нь 2008 онд хагас парламентын засаглалыг нэвтрүүлснээр дэлхийн хамгийн залуу ардчилсан улсуудын нэг болсон. Тухайн үед Бутан улсын одоогийн хаан нь ардчилал өөрийнх нь улсад хэрэгтэй байгааг анзааран тус шийдвэрийг гаргасан.
БАРИМТ 10
Бутан улс нь интернет болон зурагтыг дэлхий дээрх хамгийн сүүлд хэрэглэж эхэлсэн улс. Анх 1999 онд тухайн үед төр барьж байсан хаан нь улсын удирдагчидтай зөвлөлдөж дэлхийн бусад улсуудаас хоцрохгүйн тулд иргэдээ техник технологиор хангах шийдвэрийг гаргаснаар бутанчууд дэлхийн бусад хэсгүүдтэй бага багаар танилцаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бутанчуудын 87 хувь нь гар утас хэрэглэдэг.
БАРИМТ 11
Хэрэв та халуун ногоог тэсэж чаддаггүй бол танд Бутан үндэсний хоолнуудыг бага хэмжээгээр амсахыг зөвлөж байна. Учир нь бутанчууд халуун ногоонд туйлын их дуртай ард түмэн бөгөөд халуун ногоотой чинжүү нь ихэнх хоолны гол орц. Үндэсний хамгийн алдартай хоол нь эма даташи гэх халуун ногоо болон бяслагтай шөл.
БАРИМТ 12
Бутан улсад дэлхийн хамгийн аюултай онгоцны буудлуудын нэг байрладаг. Энгийн нисгэгчид тус онгоцны буудалд газардах боломжгүй байдаг ба зөвхөн тусгай бэлтгэгдсэн найман нисгэгчид л Бутан улс руу нисдэг гэнэ. Энгийн хэмжээнээс нарийн газардах болон хөөрөх зурвасаас гадна өндөр уулсаар хүрээлэгдсэн байршил нь уг буудлыг маш аюултай болгодог. Гэвч уг аюултай нислэг нь ихэнх жуулчдын амьдралынх нь нэгэн мартагдашгүй дурсамж болж үлддэг гэнэ. Хэрэв та Бутан улс руу нисвэл таныг цонхон талын суудлыг захиалан Гимлайн нурууг тодоор ажиглахыг зөвлөж байна.
БАРИМТ 13
Бутан улс нь жуулчдын тухай маш хатуу заалттай. Жил бүр гаднаас ирэх жуулчдын тоог хязгаарлан тоотой хэдэн жуулчдыг л хүлээж авдаг бөгөөд тэдгээр жуулчид тусгай агентаар дамжуулан холбогдох ёстой байдаг байна. Гэвч азаар уг заалт нь энэ жилээс эхлэн суларч байгаа бөгөөд Бутан улсад очсон жуулчид байх өдрөөсөө шалтгаалан улсад нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болж байгаа. Бутан улс руу та нисэхийг хүсвэл Бангладеш, Энэтхэг, Сингапур, Тайланд болон Непал улсуудаас шууд нислэгтэй.
БАРИМТ 14
Тус улсын газар нутаг дотор тамхи татах нь хуулийн дагуу хориотой. Хэрэв та хориотой бүс нутагт тамхи татаж байгаад баригдвал шоронд хоригдох аюултай. Гэвч жуулчдын хэлж буйгаар нутгийн иргэд нууцаар тамхийг татдаг гэнэ. Мөн боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнүүд нь иргэдэд үнэгүй. Жуулчид ч ямар нэгэн төлбөргүйгээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой гэнэ.
БАРИМТ 15
Бутан улс нь дэлхий дээрх хамгийн аз жаргалтай улс. Бутанчууд өөрсдийн амьдарч буй амьдралдаа баян эсвэл ядуу байх нь хамаагүй үргэлж сэтгэл хангалуун байдаг. Мөн Бутан улсын нийгэмд хүнийг амжилттай амьдарч байгаа гэдгийг нь эд хөрөнгөөр нь бус аз жаргалаар нь үнэлдэг.
БАРИМТ 16
Бутанчууд тусгаар тогтнолын баярыг тэмдэглэдэггүй. Учир нь тэд хэзээ ч аль нэгэн улсын эрхэнд орч колоничлогдож үзээгүй. Тус улсын Гималайн нурууны өндөр уулсаас бүрдсэн газарзүйн онцлог болон ухаалаг улс төрийн захиргаа нь БНХАУ болон бусад хүчирхэг гүрнүүдээс тэднийг хамгаалж чадсан.
БАРИМТ 17
Улсын үндэсний амьтныг такин гэдэг. Энэ нь уулын бүсээр амьдардаг ховор зүйлийн хөхтөн амьтан. Ямаа шиг эвэр болон толгойтой бөгөөд жижиг хэмжээний үхэр мэт биетэй. Домогт өгүүлснээр гэгээнтэн ямаа болон үхрийн махтай хоол зооглосныхоо дараа үлдсэн ясаар нь уг амьтныг бүтээсэн гэдэг. Мөн Бутан улсад мал нядлахыг хориглодог. Энэ нь тэдний шашинтай шууд холбоотой бөгөөд бутанчуудын иддэг ихэнх мах нь Энэтхэгээс орж ирдэг.
БАРИМТ 18
Бутанчууд нэгнийдээ зочлох үеэрээ гэрийн эздийн өгсөн хоолыг эхний удаад идэхээс татгалздаг бөгөөд хоёр дахь удаагаа улам хүчтэй ятгуулсныхаа дараа тухайн хоолыг иддэг уламжлалтай. Мөн өвлийн улирал нь маш хахир хүйтэн тул өвлийг өнөтэй давахын тулд хоол хүнсээ эртнээс нөөцөлж монголчуудын адилаар махыг борцлон хадгалдаг уламжлалтай.
БАРИМТ 19
Ихэнх бутанчууд өөрсдийнхөө төрсөн өдрийг мэддэггүй. Учир нь тус улсад шинээр төрсөн хүүхдийг бүртгэн авахад төрсөн өдрийг нь бичих шаардлагагүй байдаг байна. Ийм учраас шинэ он гарах үед ихэнх бутанчууд нэг нас нэмдэг. Мөн тус улсын иргэд өөр улсын иргэдтэй мөн ижил хүйстнийхээ хүмүүстэй гэр бүл болцгоохыг хуулиар хориглодог бол эрэгтэй хүн олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг байна.
БАРИМТ 20
Бутан улсад хэрэглэгддэг 24 хэл байдгаас “Жонха” хэл нь тус улсын албан ёсны хэл. Тус хэлэнд Бутан гэх нэр нь “Аянгын луугийн нутаг” хэмээн орчуулагддаг. Энэхүү нэрний утга нь Бутан улсын нутаг дэвсгэрт их хэмжээний аянга буудаг бөгөөд нутгийн иргэд өөрсдийн улсын нутагт аянгын луу амьдардаг хэмээн итгэдэг.
БАРИМТ 21
Тус улсын төрийн далбаа нь диагнолдсан шулуунаар шар (дээ хэсэг) болон улбар шар (доод хэсэг) гэсэн хоёр хэсэгт тэнцүү хуваагддаг бөгөөд далбааны төв хэсэгт аянгын луугийн дүрс байдаг. Шар өнгө нь Бутан улсын үндэсний ороолтны өнгө бол улбар шар нь Буддын шашны уламжлалт өнгө тул тус тус төрийн далбаанд багтсан байдаг.
БАРИМТ 22
Далайд гарцгүй орон тул Бутан улсад агаарын болон усан цэрэг байхгүй. Харин улсын зэвсэгт хүчин нь хөрш зэргэлдээх Энэтхэг улсад алба хаан бэлтгэгддэг бөгөөд Энэтхэг улс тус улсын зэвсэгт хүчний багаж хэрэгслүүдийг хангаж өгдөг. Харин Бутан улсын спортын салбар хөгжил муутай бөгөөд байт харваа үндэсний спортоор нь тооцогддог.
БАРИМТ 23
Бутан улсын эрэгтэй иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 75.2 байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд 57 байдаг. Энэ нь Бутан улсын эрэгтэй эмэгтэй иргэдийн боловсролын хувьд маш их ялгаа байдгийг харуулж байна. Харин иргэдийн дундаж IQ нь 88 бөгөөд дэлхийд 68-р байранд жагсдаг.
БАРИМТ 24
Бутанчуудын мөн нэгэн түгээмэл шинж чанар нь тэд маш намхан хүмүүс. Эрэгтэйчүүдийн дундаж өндөр нь 165см байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд 153см байдаг. Харин улсын мөнгөн дэвсгэртийг “Нгултрум” гэдэг ба Энэтхэгийн рупиг улсынхаа албан ёсны мөнгөн дэвсгэртийн хувиар мөн тооцдог. Ийм учраас Бутан улсын иргэд хоёр өөр мөнгөн тэмдэгтийг өдөр тутамдаа хэрэглэгдэг.
Сэтгэгдэл (2)