-Н.Мөнхбатын үед Хөгжлийн банкнаас хамгийн чанаргүй зээл гарчээ-
Монгол Улсын Хөгжлийн банкны нөхцөл байдлыг дүгнэхэд ердөө хоёрхон тоо дурдахад л хангалттай. Нийт гаргасан зээлийнх нь 55.3 хувь улс төр-бизнесийн нөлөө бүхий этгээдүүдийн гараар орж, эргэн олдоохоосоо өнгөрсөн. Нэгэнт гаргасан мөнгөө эргүүлэн олж авч чадахгүй болохоор 800 сая ам.долларын гадаад зээлээ төлөх чадваргүй болтлоо санхүү нь доройтжээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээл дээрх нэр хүнд ингэтлээ унав. Яагаад гэвэл, Хөгжлийн банк нь олон улсын нэр хүндтэй хөрөнгийн бирж, банк санхүүгийн салбарт олон удаагийн бонд гаргаж, Засгийн газрыг төлөөлсөн нэр хүнд бүхий хуулийн этгээд. Санхүүгийн чадавх талаасаа улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой тусгай хуульчлагдсан сүбъект.
Гэтэл ийм хөгжлийн статустай тусгай байгууллагыг улстөрчид удирдаж, тэд нь хань хамсаатнууддаа зээл олгосоор дампуурах түвшинд авчрав. Хамгийн сүүлд мэдэгдсэн нь өнгөрсөн хэд хоногийн турш хэвлэлээр ил болсон 25 компани. Тэдний ард байгаа нь ил болсон улстөрчид. Улсын экс ерөнхийлөгчөөс Х.Баттулга, УИХ-ын экс гишүүн Б.Ундармаа, Ё.Отгонбаяраас эхлээд шүүх, хууль хяналтынхан, хотын удирдлагууд хүртэл энэ банкны хөрөнгөд гар дүрж амжсан байна. Тиймээс үүнийг авлигын сүлжээ гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг Хөгжлийн банкны одоогийн захирал Н.Мандуул зарлаад өгчихлөө. Бараг зээл бүрийн ард төрд өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа улстөрчдийн нэр явж байгаа учраас Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэнцэх газартай хамтран ажиллаад эхэлсэн байна. Угаасаа ингэж ил зарлаж, тэмцэхгүйгээр эхний ээлжид 840 гаруй тэрбум төгрөгөөр яригдаж буй чанаргүй зээлийг буцаан олж, улсыг алдагдалгүй болгоно гэдэг бүтэхгүй зүйл.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “Хөгжлийн банк өөрөө гадна, дотноос урт хугацаатай хөрөнгө татаж, улс орныхоо хөгжилийг дэмжих үүрэгтэй. Гэвч цаашид энэ үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байна. Ирэх 2023 онд олон улсын хөрөнгө оруулагчдад 800 сая орчим ам.долларын зээлийн эргэн төлөлтөө буцаан хийх ёстой.
Хөгжлийн банк гаднаас татаж буй зээлийн дундаж хүү 8 хувь байгаа. Хэрэв зээлдэгчдээс мөнгө гаргуулж авч чадаагүй тохиолдолд энэ хүүг Хөгжлийн банк өөрөө төлөөд явна гэсэн үг. Тиймээс зээлээ төлөлгүй шүүхийн шатанд очсон 25 зээлдэгчдийн мэдээллийн ил тод зарласан. Хөгжлийн банк өөрөө төрийн мэдлийн банк. Хөгжлийн банк гаднаас авсан зээлээ төлж чадахгүй бол төр үүрэг хүлээнэ. Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээ өрөө төлж чадахгүй бол Засгийн газар төлбөрт унана” гэв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлдэгчид өрөө төлөхгүй бол Монгол Улс олон улсад дампуурлаа зарлах нөхцөл байдал хэдийн үүсчихжээ. Ямартай ч зээлдэгчдийн хувьд ойлгомжтой, нэр устай, авсан мөнгөний хэмжээтэйгээ бүртгэл нь АТГ-д хүрэв. Одоо татвар төлөгчид хууль хүчний байгууллагаас шаардах л асуудал үлдлээ. АТГ-ын мэдээллээр, Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн найман хэрэг тогтоогдсон байна. Жишээ нь, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр хэргийг дурджээ. Н.Мөнхбатын хувьд Хөгжлийн банкинд хохирол учруулсан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар цагаадсан. Харин Б.Батбаярын хэргийг шалгаж байгаа аж.
Үүний зэрэгцээ Хөгжлийн банкнаас ийм хэмжээний чанаргүй зээл олгосон нөхдийг эрэлт улс орон даяараа мордлоо. Аливаа банкны мэдээлэл нийтэд ил биш ч тоотой бүртгэлтэй байдаг учраас зээл олгосон нөхдийн мэдээлэл мөн гараад ирлээ. Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн ард улстөрчид явж байгаа хэвлэлүүд ээлж дараалан ил болгосоор байгаа. Төрөөс Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан 2011 оноос хойш нийт таван захирал удирдсан байдаг. Одоо ажиллаж буй зургаа дахь Н.Мандуул гэдэг Сангийн яамны угшилтай хүн байна. Хамгийн анх Ким Жан Жин гэх солонгос захиралтай байжээ. Тэр хүн ажиллах хугацаандаа 294 тэрбум төгрөгийн зээлийг “Хөтөлийн цемент, шохой”-н үйлдвэрт олгосон. Энэ зээл чанаргүй активт ороод явж байгаа.
Дараа нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын хүн гэгддэг Н.Мөнхбат Хөгжлийн банкийг удирдаж, 2012-2016 онд дөрвөн жил ажилласан. Н.Мөнхбат ажилласан хугацаандааа 960 тэрбум төгрөгийн зээл гаргасан нь мөн л чанаргүйтсэн. 2016 онд МАН засгийн эрхэнд гарсны дараа УИХ дахь тус намын бүлгийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Батбаяр Хөгжлийн банкийг удирдах болсон. Тэрбээр 2019 оны тавдугаар сарыг хүртэл ажиллахдаа, 487 тэрбум төгрөгийн чанаргүй актив үйлдвэрлэжээ. Б.Батбаярыг залгуулаад УИХ-ын Г.Амартүвшин Хөгжлийн банкийг удирдсан. Түүний үед Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн чанаргүй зээл гарсан байх жишээтэй.
Энэ мэтээр Хөгжлийн банкны үе үеийн удирдлагын гаргасан зээл өдгөө 1.7 их наяд төгрөг чанаргүй болж хуримтлагджээ. Дээр нь 200 тэрбумаар хэмжигдэх эргэлзээтэй зээл байна. Эд бүгд хууль хяналтын байгууллагаар орж, шүүхийн шатанд очих магадлал өндөр. Өөр нэг ноцтой зүйл байгаа нь Хөгжлийн банкны нийт актив 3.2 их наяд төгрөг байгаа. Гэтэл үүний 25 хувь нь ямар нэг бодит барьцаагүй олгогдсон зээл байгаа юм. Хуулиараа шүүхийн шийдвэр гарсан ч ямар нэг барьцаа хөрөнгөгүй нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл явц хэрэгжихэд бэрх гэсэн үг.
Дашрамд дурдахад, Хөгжлийн банк цаашид хэн дуртай нь зээл өгөхгүй бөгөөд зөвхөн “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд УИХ-аас баталж өгсөн 20 багц арга хэмжээний хүрээнд ажиллах чиг гарсан. Гэвч өмнө нь гаргасан зээлээ эргэн төвлөрүүлж чадахгүйгээр “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг дэмжих боломжгүй.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (5)