Нуруу, нугасны хорт хавдар гэсэн оноштой бяцхан Э.Ананд хүүд сайхан сэтгэлт монгол түмэн хандив цуглуулснаар хүү БНСУ-ыг зорин эмчилгээгээ эхлүүлсэн. Солонгост очсоны дараа хүүгийн эхний онош дээр дахин таагүй оношууд нэмэгдсэн ч Монгол түмнийхээ сайн үйлсийн буянаар хүү эмчилгээндээ орж хавдраа авахуулсан. Гэсэн ч дараа дараагийн хавдрын дараах эмчилгээнүүд эхэлсэн нь гэр бүлийнхнийх нь хувьд, хүүгийн хувьд дангаараа давахад бэрх болоод буй юм. Тиймээс түүний эмчилгээнд зориулан хандив өргөх сайхан сэтгэлт буянтууд хандиваа үргэлжлүүлж байгаа ажээ. Тухайлбал, хурдны өлгий Сүхбаатар нутгийн уяачид энэ хандивт нэгдэн хүүгийн эмчилгээнд зориулан удамт хурдан хүлгүүдээ хандивлаж байгаа юм байна. Сугалаа явуулж азтан болсон хүмүүс Ананд хүүгийн хандивт өргөсөн хурдан буянгийн эзэд болох нь ээ. Сугалаанд оролцох хурдан хүлгүүд нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Рагчаагийн Оёоо агсны адууны охин шарга даага, Уулбаян сумын уугуул аймгийн алдарт уяач Буяндэлгэрийн Дорждэрэмийн адууны эр хээр даага, Баяндэлгэр сумын уугуул Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Энх-Амгалангийн Амартүвшингийн адууны эр халтар даага, Наран сумын уугуул аймгийн алдарт уяач Адарсүрэнгийн Гантулгын адууны охин бор даага байх юм. Эдгээр удамт хурдан хүлгүүд сугалаанд оролцож, сугалааны мөнгийг Э.Ананд хүүгийн эмчилгээнд хандивлах юм байна. Сугалааг нэг ширхгийг нь 10.000 төгрөг байх бөгөөд нэг хүн хэдэн ч сугалаа авах боломжтой юм байна. Э.Ананд хүүгийн эмчилгээнд зориулах сугалаанд уншигч Та оролцохыг хүсвэл Сугалааны данс: 5447233328 Цэцэгжаргал. Гүйлгээний утга дээр утасны дугаараа бичих бөгөөд тохирол 2022 оны нэгдүгээр сарын 30-нд 21:30 цагаас www.tovch.mn сайтаар шууд явагдана. Мөн хүүгийн эмчилгээнд зориулж “Harrier & Lexus rx vip auto club”-ийнхэн нэгдээд байгаа юм байна. “Anand,Harrier & Lexus rx vip auto club”-ийн үүсгэн байгуулагч, “Э.Ананд хүүд амьдрал бэлэглэе” сайн үйлсийн санаачлагч Мэндбаярын Бат-Өлзийтэй ярилцлаа.
-“Anand,Harrier & Lexus rx vip auto club” автомашины клуб анх хэдэн онд байгуулагдсан бэ. Зорилго нь юуны төлөө байв? Хэчнээн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Манай клуб 2020 оны зургадугаар сард анх үүсгэн байгуулагдаж байсан. Анхны гишүүдээ элсүүлээд энэ жил хоёр жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 1000-аад гишүүнтэй болжээ. Клубын зорилго дүрэм гэвэл идэвхтэй олон залуусыг нэгтгээд нийлээд юу хийж бүтээж болохыг харуулахыг зорьж байгаа. Тэр дундаа сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг. Клубын дотоод дүрэмд сайн үйлсийн аяныг жилд хоёр удаа зохион байгуулна гэж заасан байдаг. Тэгэхдээ сайн үйлсийн аяны чиглэлээ зөвхөн хүүхдэд зориулан зохион байгуулдаг. Энэ ажлынхаа хүрээнд 2021 оны тавдугаар сард хөл хорионы үеэр Э.Ананд хүүд зориулж клубынхээ хоёр дах удаагийн сайн үйлсийн аяныг зохион байгуулж байлаа. Тухайн үед клубынхээ гишүүд дунд хандивын аян өрнүүлж 12 сая төгрөг цуглуулсан. Мөн нийгэмд олон хүнд түгээхэд дэмжиж ажилласан. Мөн манай клубын гишүүн Сүхбаатар аймгийн уяачдын холбооны гишүүн залуу байдаг. Тэр гишүүн маань уячдадаа санал тавиад хурдан удмын 13 адууны төлийг анх сугалаа хэлбэрээр явуулаад олсон орлогийг 100 хувь Э.Ананд хүүгийн эмчилгээнд хандивлая гэж санаачилж явуулсан. Тухайн үед “Өлзий” телевизээр тус үйл ажиллагаа шууд явагдаж 100 гаруй сая төгрөг цугларсан байдаг. Тэгээд Э.Ананд дүү маань Солонгос улс руу эмчилгээнд явсан. Харамсалтай нь эмчилгээний зардал маш өндөр, эмчлэгдэх хугацаа ч урт байгаа. Жирийн нэг залуу гэр бүл даваад гарахад санхүүгийн бэрхшээл тулгарна. Одоо бол эмчилгээний зардал багасах тал руугаа орсон. Гэсэн ч цуглуулж хуримтлуулсан, хандив тусламжаар босгосон бүх нь өмнөх эмилгээний зардалдаа дууссан. Хүүгээ босгоод авчихмаар байна, тусалж дэмжих арга байна уу гээд Э.Ананд хүүгийн ээж бидэнтэй дахин холбогдсон. Клубын дүрмийн дагуу жилд хоёр удаа сайн үйлсийн аян зохиодог учир ер нь тэгээд ажил хийвэл дуустал дүүгээ бүрэн эдгээгээд эерэг хариугаа авья гэж шийдээд он гаргаад сайн үйлсийн аяныг дахин эхлүүлсэн. Клубын гишүүдээс дахин хандив цуглуулсан. Мөн 12 сая орчим төгрөг цугларсан. Хандивын хайрцгийг гишүүдийн ажлаар аялуулж байгаа. Өмнөх удаагийн сайн үйлсийн аянд оролцож амжаагүй Сүхбаатар аймгийн уяачдын холбооны дөрвөн гишүүн өөрсдийн санаачилгаар хурдан удмын адууны төлийг хандивлаж болох уу? Гээд бидэнтэй холбогдсон. Бид уг санааг дэмжиж дахин нэг удаа хурдан удмын адууны дөрвөн төлийг азтанд өгөх сугалааг орон даяар нэг ширхгийг 10.000 мянган төгрөгөөр явуулах гэж байна. Сугалаа маань энэ сарын 30-нд 21:30 минутаас “Малчин” телевизийн студидээс “Tovch.mn” сайтын шууд лайваар орон даяар явагдана. Монголын ард түмнийг уг үйл ажиллагааг идэвхтэй оролцохыг хүсэж, уриалж байна. Э.Ананд дүүд маань амьдрал хайрлаарай гэж хичээнгүйлэн хүсэж байна.
-Э.Ананд хүүгийн биеийн байдал хэр байгаа вэ? Та хэд ээжтэй нь холбоотой байгаа юм байна. Цахим орчинд бол Э.Ананд хүүгийн хагалгаа амжилттай боллоо гэсэн мэдээлэл нийгэмд нэлээд явсан.
- Э.Ананд хүүгийн ээжтэй өнгөрсөн хавраас хойш байнгын холбоотой байгаа. Хүүгийн биеийн байдал эмчилгээний явц зэргийг бүгдийг нь асууж байгаа. Саяхан нэг шинжилгээ өгсөн байна. Э.Ананд дүүгийн маань хувьд одоогоор зургаа дах химийн эмчилгээндээ ороод дууссан. Тэгээд эцсийн үр дүнгээ үзэхээр шинжилгээ хийлгэсэн гэсэн. Тэр хариу нь хоёр хоногийн өмнө гарсан MRI, PET CT гээд шинжилгээний хариу сайн гарсан. Бусад эрхтэн рүү үсэрхийлсэн зүйл байхгүй гэж гарсан гэсэн. Одоо хамгийн гол чөмөгний шинжилгээний хариугаа хүлээж байгаа юм байна. Тэр шинжилгээгээр цусны хавдрын хариу эцсийн байдлаар гарна. Тэр хариу л хамгийн эцсийн шинжилгээний хариу. Энэ хариу нь сайн гарвал гол чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилдаа орно.
-Танай клубын хувьд жилд хоёр сайн үйлсийн аян хийдэг гэж ярилаа. Э.Ананд хүүд туслах үйл ажиллагааны дараагийн сайн үйлсийн аян юу байх вэ? Төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Хувь тавилан зураг төөрөг гэж юм байдаг юм шиг байгаа юм. Бид яг хайж гүйж яваагүй ч гэсэн анхны сайн үйлсийн аянг эхлүүлье гэж яриж эхлэхэд л Э.Ананд дүү маань гарч ирж бидэнтэй холбогдсон. Тэгээд л бид чадлаараа туслая гэж явж байгаа. Дараагийн төлөвлөсөн зүйл гэвэл намар наймдугаар сард бүтэн өнчин, олон дүү нарынхаа төлөө, амьдралын төлөө зүтгэж байгаа аав ээжгүй, ах эгч нар амьдралаа авч яваа залуусаа дэмжих зорилгоор тухайн хороо, Засаг даргатай нь ярилцаж байгаад газрыг шийдүүлээд шийдэж өгсөн газар дээр нь байшин барьж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай клубт олон салбарын залуусууд бий. Олон ч барилгын салбарын залуучууд байгаа тиймээс энэ ажил амжилттай болох байх гэж бодож байна.
-Тэр хүнийг яаж сонгох нь одоогоор тодорхойгүй байна уу?
-Тухайн үеэр сонгоно. Сайн үйлсийн аяны маань зорилтод хүндээ л хүрч чадвал цаашдын ажил явахад амар байдаг.
-Гадуур унаж байгаа машин бүрийн л клуб байна. Танай клубын гол бусдаас ялгарах онцлог вэ? Гишүүнчлэлээ хэрхэн авдаг вэ? Хураамж гэж байдаг уу?
-Анх байгуулагдаж байхдаа манай клуб тоон дээр анхаардаг байсан. 1000 болно гэсэн зорилготой байсан юм. Гишүүн 1000 болоод ирэхээр чанар дээрээ анхаарч эхэлж байна. Идэвхтэй гишүүдээ авч үлдээд идэвхгүй гишүүддээ хасаад чанар дээр анхаарч эхэлж байгаа. Мэдээж “Harrier & Lexus rx” автомашиныг унадаг эзэмшдэг байх ёстой. Хоёрт манайд татвар хураамж гэж байхгүй. Залуус нэгдээд л манай эрхэм зорилго сайн үйлсийн аян болон олон хөтөлбөр үйл ажиллагаа байдаг. Жилд хоёр удаа мод тарих, улиралд нэг удаа уулзалт цугларалт хийнэ, цасны баяр, танилцах үдэшлэг, шинэ жил, жилийн ой, наадам, спортын арга хэмжээг жилдээ мөн хоёр удаа хийдэг. Эрхэм зорилго маань залуучуудыг нэгтгээд эв найртай байх л зорилготой клуб.
А.Болдбаатар