БАРИМТ 1
Зүүн Африкт оршдог Танзани улсын газар нутаг нь Африкийн их нууруудын бүсэд оршдог. Газар нутгийн хэмжээ нь 947,303 хавтгай дөрвөлжин километр бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд 31 дүгээрт бичигддэг. Тус улсын албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс.
БАРИМТ 2
Танзани улсын хилийн урт нь 4161 км бөгөөд хойд хэсгээрээ Уганда, зүүн хойд талаараа Кени, зүүн хэсгээрээ Коморын арлууд болон Энэтхэгийн далай, урд талаараа Малави болон Мозамбик, баруун хэсгээрээ Руанда, Бурунди, болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 3
Тус улсын хүн ам нь 61 сая. Тэдний 63.1 хувь буюу олонхи хэсэг нь христийн шашинтай бол 34.1 хувь нь исламын шашинтай. Танзаничуудын дундаж наслалт нь 66. Харин IQ нь 72. Уг үзүүлэлтээрээ зүүн Африкийн улсууд дундаа хамгийн сүүлд бичигддэг. Танзанид төрсөн алдартнуудын нэг нь бидний сайн таних алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркүри.
БАРИМТ 4
Танзани улсын нийслэл нь Додома. Харин хамгийн том хот нь Дар-эс-Салам. Мөнгөн тэмдэгт нь “Танзани Шиллинг” бөгөөд өнөөдрийн байдлаар 2309 танзани шиллинг нэг ам.доллартай тэнцэж байна. Харин төрийн дууллын нэрийг нь орчуулбал “Бурхан Африкийг ивээг” гэсэн утгатай. Энэхүү төрийн дуулал нь Өмнөд Африк болон Зимбаб улсуудынхтай яг адилхан.
БАРИМТ 5
Дэлхий дээр цор ганц тус улсад байдаг эрдэнийн чулуу Танзанит нь энэ улсын бас нэгэн нэрийн хуудас. Тунгалаг цэнхэр, үзмэн ягаан өнгөтэй энэ эрдэнийн чулуу нэг карат нь 300-600 ам.доллараар үнэлэгддэг. Танзани улсыг зорьсон аялагчид энэ чулуун гоёл худалдаж аваагүй бол өөрсдийгөө Танзанид аялсанд бараг тооцдоггүй.
БАРИМТ 6
Танзани улсад ойролцоогоор 100 гаруй бүлэг үндэстэн амьдардаг бөгөөд тэд хоорондоо өөрсдийн хэлээрээ ярьцгаадаг. Ийм учраас Танзани улсад өнөөдрийн байдлаар зуугаас олон хэл ашиглагддаг бөгөөд уг тоо нь зүүн Африк дотроо хамгийн ихэд тооцогддог. Харин улсын албан ёсны хэл нь англи болон свахили. Свахили хэл нь нийслэл болон бусад томоохон хотуудад өргөн ашиглагддаг.
БАРИМТ 7
Төрийн далбаа нь цэнхэр, ногоон, шар, хар өнгөнүүдээс бүрддэг. Баруун болон дээд хэсэгт байрлах ногоон өнгө нь байгалийн үзэсгэлэнг, шар өнгийн зураас нь уул уурхайн олборлолтыг, далбааны дунд хэсэг байрлах хар өнгө нь танзани хүмүүсийг, доод талын цэнхэр өнгө Танзани улсын үзэсгэлэнт нууруудыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 8
Танзани улсын нийт газар нутгийн 25 хувь нь Африкийн ховордсон зэрлэг амьтдад зориулсан паркууд байдаг гэнэ. Энэ хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тус паркуудад амьдардаг ховор амьтдаас дурдвал арслан, тэмээн хяруул, африкийн заан, анааш, ирвэс, матар гэх мэт Африк тивд л харах боломжтой олон төрлийн амьтад багтана. Мөн тус улс нь Африк тивийн хамгийн олон тооны махчин амьтадтай улсаар нэрлэгддэг.
БАРИМТ 9
Улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбарууд нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон уул уурхай. Танзани улс нь алтны олон тооны ордтой бөгөөд тивдээ Гана болон Өмнөд Африкийн дараа орох хэмжээний алтыг олборлодог. Мөн тэдний хувьд ойролцоогоор 5 тэрбум гаруй ам.долларыг дэлхийн бусад орнуудаас туслалцаагаар авсан. Тэдний ихэнхийг АНУ болон Их Британи өгсөн байдаг.
БАРИМТ 10
Танзани улсын хүний хөгжлийн индекс нь 0.529 бөгөөд уг үзүүлэлт нь тус улсыг 163 дугаар байранд бичигдэхэд хүргэдэг. Мөн хүний эрхийг ноцтой зөрчдөг улсуудын нэг. Жишээ нь ижил хүйстэн хүмүүсийг Танзани улсад хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд иргэдийн 95 хувь нь тэднийг тус улсын нийгэмд орших эрхгүй хүмүүс гэж үздэг байна. Хэрэв Танзани улсын иргэн ижил хүйстэн гэдгээ олон нийтэд мэдэгдвэл бүх насаараа шоронд хоригдоно.
БАРИМТ 11
Улсын хамгийн өндөрлөг цэг нь (мөн Африк тивийн) Килиманжаро. Килиманжаро далайн түвшнээс дээш 5,895 метрийн өндөрт оршдог. Мөн дэлхийн хамгийн өндөр, ямар нэгэн зэргэлдээх том уулсгүйгээр ганцаараа оршдог уул юм. Өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд тус уулан дээрээс пицца захиалан авч байсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр цэгт хүргэгдсэн пицца болсон байна. Тус пиццаг 745 км замыг 4 өдрийн турш туулж хүргэсэн.
БАРИМТ 12
Хэдийгээр дэлхийн хамгийн том нууруудын гурваар нь хүрээлэгдсэн улс боловч хотоос гадуур цэвэр ус олно гэдэг танзаничуудын хувьд тийм ч амар даалгавар биш. Ойролцоогоор нийт хүн амын гуравны нэг нь цэвэр усны хомсдолд амьдардаг. Мөн Танзани улсын иргэдийн 40 хувь нь нэн ядуу гэх зэрэглэлд хамаарагддаг. Энэ нь нэг ёсондоо тус улсын ядуусын хэмжээ гамшгийн хэмжээнд очсон гэсэн үг.
БАРИМТ 13
Ядуурлын хамгийн гол шалтгаан нь Танзани улсын иргэдийн 80 хувь нь хөдөө буюу тосгонд амьдардаг. Ингэснээр тэд цахилгаан, боловсрол, ажлын байр, аюулгүй хоол хүнс гэх мэт олон зүйлсээр хотод амьдардаг танзаничуудаас дутмаг байдаг. Тус улсын хүн амын ихэнх нь ямар ц тог цахилгаангүй амьдардаг. Тус улсын иргэд цэвэр усны хомсдолд орсноос гадна өлсгөлөнд нэрвэгдсэн. Учир нь бороо ховор ордог тул тосгоны иргэд бараг л ургац хурааж чаддаггүй.
БАРИМТ 14
XVI зуунаас эхлэн Португаль, Герман, Их Британи гэх улсуудын мэдэлд ээлж дараалан ороод байсан Занзибар болон Танганьика гэх мужууд тус тусдаа тусгаар тогтнолоо зарласныхаа дараа нэгдэж Танзани улсыг анх үүсгэсэн. 1961 оны арванхоёрдугаар сарын 9-нд Танганьика муж, 1963 оны арванхоёрдугаар сарын 10-нд Занзибар муж тусгаар тогтнолоо тус тус зарласан байдаг. Тус хоёр мужийн нэрсийг нийлүүлэн Танзани хэмээн шинэ улсаа нэрлэсэн.
БАРИМТ 15
Танзани улсын үндэсний хоол угали. Уг хоолыг эрдэнэ шишийн гурилыг мах, загас, болон бусад ногоогоор баяжуулан бэлтгэдэг. Мөн уг хоолноос гадна нутгийн ядуу иргэд кашийг өдөр тутамдаа хоолны оронд ихээр ашигладаг. Учир нь каш бол өл сайн даадаг, орц багатай, мөн хийхэд хялбар хоол билээ.
БАРИМТ 16
Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай улс бөгөөд нэг намын давамгайлсан тогтолцоотой. Улсын Ерөнхийлөгч нь Самия Сулуху гэх эмэгтэй хүн байдаг бол дэд Ерөнхийлөгч нь Филип Мпанго. Харин тус улсын Ерөнхий сайдыг Кассим Маджалива гэдэг.
БАРИМТ 17
Танзани улсад амьдардаг олон төрлийн ховор амьтдаас хамгийн ихээр хүндлэгдэж хайрлагддаг нь Килиманжаро уулын ойролцоо нутагладаг Масай гэх төрөл зүйлийн анаашууд юм. Тус анаашийг Танзани улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан гэж үздэг.
БАРИМТ 18
Викториа гэх Африкийн хамгийн том нуурын 49 хувь нь Танзани улсын газар нутагт оршдог. Үлдсэн 45 хувь нь Уганда улсад, 6 хувь нь Кени улсад харьяалагддаг. Тус нуурын гадаргуугийн хэмжээ нь 3220 км бөгөөд дэлхийн хамгийн том цэнгэг устай нууруудын жагсаалтын хоёрдугаар байранд бичигддэг. Мөн Танганьика гэх дэлхийн хамгийн урт мөн хоёр дахь гүнзгий (Байгаль нуурын дараа) цэнгэг устай нуур Танзани улсад байдаг.
БАРИМТ 19
Дэлхийн түүхэн дэх хамгийн богино дайн Танзани улсын газар нутаг дээр өрнөж байсан. Уг дайн нь 1896 онд Их Британийн эзэнт гүрэн болон Занзибарчуудын хооронд 40 минутын турш өрнөж Их Британичуудын ялалтаар өндөрлөсөн.
БАРИМТ 20
Танзани улсын хойд хэсэгт байрлах Нгоронгорогийн тогоо (Африкийн байгалийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн) нь жуулчдын хамгийн ихээр очиж сонирхдог газар. Учир нь та тэнд очсоноор “Африкийн том тав” буюу арслан, хирс, заан, ирвэс, одос үхэр гэх ховор амьтдыг тун хялбархан олж харах боломжтой. Мөн тэднээс гадна тэмээн хяруул, алаг тахь, усны үхэр гэх мэт амьтдыг ч хажуухнаас нь харах боломжтой.
БАРИМТ 21
Та бүхэнд дахин нэгэн жуулчдын хамгийн ихээр зорьдог газрыг танилцуулъя. Энэ бол Тарангирийн үндэсний парк. Тус парк нь модон дээр авирдаг ховор төрлийн арслангуудын гэр гэдгээрээ алдартай. Мөн тус паркад 1,000 насалдаг Баобаб гэх модыг харах боломжтой. Одоогоор батлагдаагүй байгаа ч тус модыг 6,000 жил хүртэл амьдрах боломжтой гэж эрдэмтэд үздэг.
БАРИМТ 22
Их британи улсын колони улс байсан тул тэдний соёлыг шингээн авч хөлбөмбөгийн спорт тус улсад нэлээд хөгжсөн. Олон улсын тавцанд сүртэй амжилт гаргаж байгаагүй ч бусад спортын төрлүүдийг бодвол дэлхийн түвшинд хөгжсөн. Хөлбөмбөгөөс гадна воллейбол, сагсанбөмбөг, регби, хөнгөн атлетик, боксын спортуудаар хүүхэд залуучууд ихэвчлэн хичээллэдэг.
БАРИМТ 23
Их британид колончилогдож байсан Танзани улс нь өдгөө тус улстай найрсаг холбоотой. Их Британи нь Танзани улс руу олон мянган жуулчдыг илгээдэг бөгөөд Танзани цайны хамгийн том импортлогч орнуудын нэг нь тус улс. Харин Малавитай Танзани таагүй харилцаатай. Учир нь, хилийн зурвас дээр оршдог Няаса гэх нуураас шалтгаалан тэдгээр улсууд хоорондоо таагүй харилцаатай.
БАРИМТ 24
Жуулчдын хувьд Танзани улс нь Африк тив дотроо аюулгүй орнуудын жагсаалтад багтдаг. Хэдийгээр хүн амын ихэнх хэсэг нь ядуу боловч гаднынханд хор нөлөө учруулах нь маш ховор гэнэ. Хотын төв болон суурин газруудаар аялахдаа санаа зовох хэрэггүй бөгөөд алслагдсан далайн эрэг болон зэрлэг амьтдын амьдардаг паркуудаар явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөдөг байна.