“Богд Зонхов” койныг хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа Б.Эрдэмсайханыг уншигч тантай уулзуулъя.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
- Баярлалаа, та бүхэнд ч бас.
-Удахгүй гаргах койны тань талаар ярилцахаар ирлээ.
-Баярлалаа, бололгүй яах вэ. Чадах чинээгээрээ мэдээлэл өгье.
-Нэрнээс нь эхэлье. Яагаад койноо “Богд Зонхова” гэж нэрлэсэн юм бэ?
-Богд Зонхова бол монголчуудыг тодорхойлогч буддын шашны шинэтгэгч. Буддын шашинд гарсан алдаа оноог цэгцэлж, хуврагууд болон сүсэгтэн олонд Буддагийн сургаалыг маш ойлгомжтой тайлбарласан “Бодь мөрийн зэрэг” хэмээх алдарт бүтээл туурвисан. Гол нь буддын шашны шинэтгэгч гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн хүн. Бид ч бас уламжлалт шашнаа шинэ түвшинд гаргая гэдэг санаа зорилгоор “Богд Зонхов” гэдэг нэр сонгосон.
-Сүүлийн үед дуулиан шуугиан тариад байгаа “Богд Зонхова” цогцолбортой холбоогүй юү?
-Одоохондоо ямар нэг холбоогүй. Харин бидэнтэй хамтарч ажиллая гэвэл бүх талаар нээлттэй. Бид биет зүйл барьж босгохоос илүүтэй буддын философийг таниулах, дэлгэрүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
-Тэгвэл буддын философийг ойлгуулахын тулд яагаад койноор дамжуулах болсон юм бэ?
-Монгол хүн 35 нас хүрээд буддын философийн зах зухыг ойлгож, үхэл амьдралын талаар бодож эргэцүүлж эхэлдэг юм шиг байгаа юм. Залуу үеийнхэн буддын философийг сонирхох нь бага. Харин эсрэгээрээ залуус койн, технологи, хөрөнгийн зах зээл сонирхож байна. Тэдний сонирхлоор дамжуулан буддын философийг хүргэх, ойлгуулах, таниулах гэсэн л санаа. Койн, NFT зэрэг технологийн шийдэлтэй холбож байж л энэ философи залуусын сонирхлыг татаж чадна. Залуу үед заавал тийм нэг үзэл санаа, үндэсний identity хэрэгтэй болоод байгаа үе. Энэ орон зайг энэ философиор нөхөх гэж ийм зүйл санаачилсан. Тэгэхгүй бол зурагтаар, залуусын хэрэглэдэг сошиал платформоор юу гарч байна гээч. Мөнгө, гэмт хэргүүд, мөн үзэж буй бичлэг нь +21 агуулгатай. Сошиал медиа хөгжихөөс өмнөх үетэй харьцуулбал хүмүүсийн сэтгэлгээг энэ бүхэн доройтуулж байна хэмээн дэлхий нийтээрээ үзэж байна. Бүгд инфлүүнсер, сайд дарга болох гээд хичээх юм бол хэн ажил хийж, хэн амьдрах юм бэ. Бүгд инфлүүнсер, сайд дарга болох боломж ч байхгүй. Харин өөрийн хийж буй зүйлээс, өөрийн амьдралаас таашаал аваад амьдрах нь хамаагүй дээр ядаж л жаргалтай шүү дээ. Аз жаргал, сайхан амьдрал гэдэг чинь ерөөсөө харьцуулалт. Хэзээ ч хүрэхгүй эсвэл одоо хараахан хүрч амжаагүй зүйлтэйгээ өөрийгөө харьцуулаад, гуньж гутраад байх чинь амьдралыхаа алтан хормыг дэмий зүйлд үрж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс бид залуучууд руу тэдний сонирхож буй зүйлсээр нь дамжуулан хандахаар л зорьж байгаа юм.
-Яагаад заавал буддын философийг “барьж” авав?
-Буддын философи Их Юань гүрнээс үеэс монголчуудын дунд дэлгэрсэн. Тиймээс бид буддын философид маш том үүрэг оролцоотой байдаг. Мөн 2 500 жилийн түүхтэй энэ шашны философи өнөөдрийг хүрэхдээ маш их соёлын өвийг бүтээсэн. Энэ өвийг мөнгөн дүнгээр үнэлбэл маш өндөр үнэлгээтэй. Бид үнэлж баршгүй буюу маш их хэмжээний хөрөнгө мөнгөтэй ч түүнийгээ эргэлдүүлж чадахгүй байна гэсэн үг. Яг л Монгол газраар баян байж газраа ашиглахгүй байгаатай адил. Гэтэл ийм их хөрөнгөтэй мөртлөө тэр нь эргэлтэнд ордоггүй, үхмэл хөрөнгө. Жишээбэл, хүмүүс зуны улиралд байх гэж хэдэн зуун саяар байшин худалдаж авдаг. Бусад улиралд нь үхмэл хөрөнгө болчихдог шүү дээ. Үүнтэй л адил. Монголын сүм хийдүүдэд хадгалагдаж байгаа хуучны эд өлгийн зүйлс бол манай өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн гэдэг утгаараа бүх монгол сүсэгтний өмч. Гэтэл тэдгээр зүйлсийг хэн ч аваад явчихсан, хэн ч хулгайлсан буух хаяггүй шахам эзэнгүй хөрөнгө.
-Уучлаарай, койн бол бизнес. Шашны философитой холилдохоор шашин, бизнес хоёрыг хослуулна гэж ойлгож болох уу? Шашнаар мөнгө олох гээд байна хэмээн хүмүүс хардаж байна л даа.
-Шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Бид философийг дэлгэрүүлнэ. Гэхдээ аливаа зүйлийг дэлгэрүүлэхийн тулд хөрөнгө, санхүү орлоготой байх ёстой. Тэр орлогыг NFT, blockchain, крипто зэрэг зүйлээс босгоно. Босгосон хөрөнгөөрөө шашны философийг дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм. Шашны философи дэлгэрүүлнэ гэхээр зөвхөн шашин сурталчлаад явна гэж буруугаар ойлгоод байна. Яг үнэндээ Монгол соёл Монгол өвөө дэлхийд сурталчилах гээд байгаа юм.
-Маркетингаа яаж хийж байгаа вэ. Шашны философийг сонирхдоггүй залуусын сегментэд яаж хүрч койныхоо зорилгыг таниулах вэ?
-Бидэнд NFT гаргах гээд байгаа нэг том шалтгаан бий. Тухайлбал, иргэдийн гарт маш их хэмжээний эд өлгийн зүйл байдаг. Сүүлийн үеийн урлагийн бүтээлүүдийг харах юм бол нэг зураг баримал хэдэн тэрбум төгрөгт хүрч байна. Гэтэл тэр хэдэн зуун жил үе дамжиж ирсэн эд өлгийн зүйлсэд маш олон хүний хүч хөдөлмөр бий. Хэдэн жилийн өмнө скочоор хананд нааж тогтоосон гапил маш их үнэд хүрсэн. Маркетингаа зөв хийвэл ингэж үнэд хүрч болдог байх нь ээ гэдгийг энэ бүхэн харуулж байгаа. Харин бид дөрөв, таван зуун жилийн өмнө бүтээгдсэн бурханы дүр, судар ном, шашны эд өлгийн зүйлсээ үнэд хүргэж чадахгүй байна. Үүний шалтгаан нь бүртгэлгүй, үүх түүхгүй, тэрийг нь хүмүүс мэдэхгүй байгаа учраас үнэд хүрэхгүй байгаа юм. Тэгэхээр үүнийг бид бүртгэж, NFT болгоно. Ингээд дэлхийн нийтэд таниулж эхэлснээр үнэ цэн нь улам өсөж эхэлнэ. Аливаа зүйл танигдах тусмаа үнэд ордог шүү дээ. Тиймээс бид энэ чиглэл рүү маркетинг хийнэ. Тухайлбал, энэ өөрөө аялал жуулчлалын бизнес болоод эхэлнэ. Таван жилийн өмнөх монгол дархчууд ямар мэдрэмж, ур чадвартай байсныг дэлхийд гайхуулна. Ингэснээр Монгол руу ирэх хүмүүс нэмэгдэж, аялал жуулчлал хөгжинө гэж харж байна.
-Буддын шашны эд өлгийн зүйлээрээ жуулчдыг татъя аа гэж байгаа юм уу?
-Тийм, Тайланд, Непал зэрэг улсуудад тодорхой хугацаагаар буддын сахил хүртдэг аялал жуулчлалын бизнес бий. Сахил хүртээд тодорхой хугацаанд буддын философиор амьдардаг. Би өнөөдөр захиалга өглөө гэж бодоход жилийн дараа очихоор боломжтойгоор бүүклэгдсэн байна. Үүнтэй төстэй аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр жуулчин татаж яагаад болохгүй гэж. Яагаад бид өөрсдөө мөнгө төлж бусад улс руу тийм аялалд явдаг юм бэ. Энэ бүхнийг Монголдоо нутагшуулахад бидэнд уг нь бүх бололцоо нь байгаа. Монголчууд яагаад ийм газартай болоод, тэнд очоод, цагаан хоол идээд, буддын философийг ойлгож болохгүй гэж. Ийм аялал жуулчлалын бизнес дэлхий дахинд илүү дэлгэрч байна. Аялал жуулчлалын бизнесийн нэг гоё зүйл нь гэвэл аялагч тухайн улсад бүх мөнгөө зарцуулчхаад явдаг шүү дээ. Монголд нэг жуулчин ирээд халаасандаа байгаа хоёр сая төгрөгийг манай улсад өгчхөөд, зарцуулчихаад явдаг. Энэ бол монголчууд бүгд хожих бизнес.
-Таныг би маркетинг, пиарын чиглэлийн мэргэжилтэй гэж ойлгосон зөв үү?
-Тийм ээ.
-Яагаад шашны философи руу оров. Юу сонирхлыг чинь тэгтэл татсан бэ?
-Би маркетинг, пиарын чиглэлээр ажилладаг учраас хүмүүсийн сэтгэл зүйг сонирхдог. Нийгмийн сэтгэл зүйг сонирхоод явахаар шашин дээр тулж очдог. Өрнөдийн сэтгэлгээг сонирхохоор христ рүү ордог. Харин дорнын сэтгэлгээг сонирхохоор яах аргагүй буддизм дээр ирчихдэг. Би арван жилд байхдаа философийг сонирхож байсан л даа. Харин саяхан илүү гүн сонирхож эхэлсэн. Тухайн үед хүүхэлдэйн киног зүгээр л дүрсийг нь үзээд өнгөрсөн юм билээ. Саяхан тэр хүүхэлдэйгээ дахиж үзээд илүү их сонирхож, анзаараагүй зүйлсээ олж хардаг болсон гэх үү дээ. Бас Эрлэгномун хаан яаж биднийг нүгэл хийсэн үгүйг мэдэж байгаа вэ гэхээр бидний big data-г ашиглаж байгаа юм. Орчин үед бол Доржоо манайхаас юм худалдаж авах уу үү, үгүй юү гэдгийг big data дээр суурилж харж байна. Тухайлбал, би таны big data-г мэдэж байгаа тохиолдолд би таныг яаж л бол яаж удирдаж чадна. Тиймээс орчин үед өөрийн big data-г алдахгүйн тулд тэмцэж эхэлж байна.
-“Богд Зонхова” койн хэзээ зах зээлд гарах вэ?
-Хуулиа л хүлээж байна. Хууль, дүрэм журмаа батлагдсаны дараа ном ёс журмынх нь дагуу хийнэ.
-Энэ койныхоо тухай танилцуулаад нэлээд удлаа. Хүлээлт бас үүссэн байгаа байх. Хүмүүс хэр хандаж байна вэ?
-Доллар биш л бол хүн бүрт таалагдах зүйл үгүй гэдэг нэг үг байдаг байх аа. Түүн шиг биднийг дэмжих маш олон хүн байгаа, бас эсрэгээрээ гоочилж муулах ч хүмүүс байгаа.
-“Богд Зонхова” койноос монгол хүн бүхэнд 108-ыг өгөхөөр төлөвлөжээ гэж би ойлгосон. Энэ талаар дэлгэрүүлэн танилцуулна уу?
-Бүртгүүлсэн иргэн бүрт 108 койн өгнө. Blockchain технологи бол дэлхийн хамгийн сүүлийн компьютер унтрахад алга болох систем. Миний харж байгаагаар blockchain дэх мэдээлэл устахгүй хэзээ ч тийм зүйл болох боломжгүй санагддаг. Тиймээс бид өөрийнхөө үзэл санаа, бодол, хэлэхийг хүсэж байгаа зүйлээ үр хойчдоо үлдээе л дээ. Тэр зүйлийг blockchain дээр байрлуулж өгнө. Нэр төртэй амьдарч чадвал таны байрлуулсан мэдээлэл үеийн үед хадгалагдана, мөн борлогдож үрийн үрд өвийн өвд хадгалагдана гэж ойлгож болно.
-Танай койны бусдаас ялгарах давуу тал нь юу байх юм?
-Үйлдлээрээ харуулна. Урьдчилаад ийм ч зүйл хийнэ тийм ч зүйл хийнэ гэхээсээ илүүтэй урьдчилаад хэрэглээг бий болгох ажил хийнэ. Бидний хувьд хадгалж ашиг хүртэх талаас нь харж байгаа.
-Баг бүрэлдэхүүний тухай танилцуулахгүй юу? Хэн энэ санааг гаргасан бэ?
-Нийтлэлч Д.Батбаяр бид хоёр нэг баг болон ажиллаж байна. Д.Батбаярын хувьд буддын философийг сонирхдог хүн. Бид ярилцаж байгаад энэ санааг хэрэгжүүлэхээр болсон. Би өөрөө ч энэ философийг сонирхдог. Сүүлийн үед соёлын үнэт өвүүдийг их сонирхож байна. Дэлхийн бусад улс орны эд зүйлс үнэтэй, манай үнэт зүйлс яагаад үнэд хүрдэггүй юм бэ. Жишээлбэл, Европт алхахаар та тэдэн зуун жилийн настай гудамжаар алхаж байна гээд бичсэн байдаг шүү дээ. Харин манайд хуучин зүйлсээ устгаад, нураагаад байдаг. Манай улсад соёлын үнэт зүйл, соёлын өв бөөсний үнэд ч хүрэхгүй байна. Тиймээс үнэт зүйлээ нураахад амар байгаа юм л даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхэнд.
Богд Зонхов төслийн litepaper-тай танилцах бол https://www.bogdzonhov.mn/litepaper хаягаар орно уу.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)