БАРИМТ 1
Тайланд улс нь зүүн өмнөд Азийн хаант болон парламентын хосолсон засаглалтай орон бөгөөд улсын албан ёсны нэр нь Тайландын Вант Улс. Ерөнхий сайд нь Чан-Оча Прают бол одоогийн хаан нь Маха Вачиралонгкорн.
БАРИМТ 2
1939 он хүртэл Тайланд улс Сиам гэх нэртэй байсан бөгөөд 1945-1949 онуудын хооронд мөн тус нэртэйгээр оршин тогтносон. Хүн амын хувьд 70 сая бөгөөд тэдний 86 хувийг Тай буюу Тайланд үндэстнүүд бүрдүүлдэг. XI зууны үед Тайланд улсын нутаг руу Хятадын баруун урд хэсгийн иргэд цагаачлан очсноор Тай үндэстэн анх үүссэн.
БАРИМТ 3
Та бүхэн урьд өмнө “Сиамын ихрүүд” гэх үгийг олон удаа сонсож байсан байх. Энэхүү нэршил нь Тайланд улстай холбоотой. 1811 онд олон улсад анх ил гарч алдартай болсон Сиамын ихрүүд Сиам улсын буюу одоогийн Тайланд улсын иргэд байсан. Энэ үеэс хоорондоо холбоотой төрсөн ихрүүдийг сиамын ихрүүд гэж нэрлэх болсон.
БАРИМТ 4
Тус улсын нийслэлийг Бангкок гэдэг бөгөөд тус хотын жинхэнэ нэр нь үнэхээр урт. Крунгтеп Маханакхон Амон Раттанакосин Махинтараюттхая Махадилокпхол Нопфаратратчатанибуриром Удомратчаниветмахасатан Амонфиманавтансатит Саккатхаттиявицанукампрасит гэх нэртэй юм байна. Уг нэрийг орчуулбал “Висвакарманы босгосон Сахиусан тэнгэрийн хот, Үхэшгүй мөнхийн агуу хот, Есөн эрдэнийн чулуун гайхамшигтай хот, Хааны суудал, Хааны ордны хот, Бурханы хувилгааны гэр” гэсэн утгатай.
БАРИМТ 5
Нийт иргэдийн 93.5 хувь нь буддын шашинтай бөгөөд тус улсад 40,000 гаруй хийд байдаг. Мөн бүх эрэгтэй тайланд хүмүүс нэгэн цаг үед лам байсан. Тус цаг хугацаанд эрэгтэй хүнийг 20 нас хүрэхээсээ өмнө хэсэгхэн хугацаанд ч гэсэн ламын амьдралаар амьдарч шашны ном сурахыг хууль болгодог байжээ. Одоо цаг үед ч тус улс лам нарын тоогоороо дээгүүрт ордог.
БАРИМТ 6
Олон төрлийн буддын шашинтай холбоотой ховор бүтээл, түүхэн олдворууд Тайланд улсад байдгийн нэг жишээ нь дэлхийн хамгийн том алтан Буддагийн хөшөө тус улсад байдаг. Уг хөшөөний өндөр нь 4.5 метр ба 5.5 тонн жинтэй. Хэдэн сая ам.доллараар үнэлэгддэг.
БАРИМТ 7
Европ тивийн улс онуудын эзлэн түрэмгийллийн үеэр колоничлогдоогүй цор ганц зүүн өмнөд Азийн улс бол Тайланд. Улсынх нь нэр нь Тай хэлнээ “Эрх чөлөөт газар нутаг” хэмээн орчуулагддаг. Улсын нэр нь хүртэл уг үйл явдалтай төгс тохирдог.
БАРИМТ 8
Тайланд улсын тугийг буруу харуулах боломж байхгүй. Учир нь тус төрийн далбаа нь таван хөндлөн өнгөнөөс бүрддэг бөгөөд хоёр зах нь улаан, түүний доторх нь цагаан өнгүүдээр, хамгийн доторх өнгө нь цэнхэр байдаг. Адилхан өнгөнүүд адил хэмжээтэй тул та Тайланд улсын тугийг яаж ч өлгөсөн болно гэсэн үг. Далбаан дээрх улаан өнгө нь тусгаар тогтнолоо хадгалан үлдэхийн тулд асгарсан цуснуудыг, цагаан өнгө буддын шашны цэвэр ариун байдлыг, цэнхэр өнгө Тайланд улсын хааныг бэлгэддэг.
БАРИМТ 9
Улсын албан ёсны хэл нь Тай хэл юм. Тус хэл нь нийт 76 үсэгнээс (44 гийгүүлэгч, 32 эгшиг) бүрддэг. Ийнхүү олон үсэгнээс бүрддэг тул ихэнх үсэгнүүд хоорондоо ялгахын аргагүй адилхан сонсогддог байна. Тай хэл нь дэлхий дээрх сурахад хамгийн хэцүү хэлнүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.
БАРИМТ 10
Тайланд улсыг та бүхэн шигүү ургасан ширэнгэн ойгоор нь сайн мэдэх байх. Гэвч улсын хойд хэсэг тэр чигээрээ ой модоор бүрхэгдсэн байсан бөгөөд одоо дөрөвний нэг нь л үлдээд байгаа. Тийм учраас 1989 оноос хойш Тайланд улс мод олборлохыг хуулийн дагуу хориглосон.
БАРИМТ 11
Дэлхийн хамгийн том болон жижиг хөхтөн амьтдыг та Тайланд улсаас олж болно. Халиман Шарк нь Тайландын далайн эргийн ойролцоо дөрөвдүгээр сарын үеэр үзэгддэг бол хамгийн жижиг хөхтөн амьтан болох гахайн хамарт сарьсан багваахай Тайланд болон Мьянмар улсын нутагт амьдардаг. Тус сарьсан багваахайн биеийн урт нь 29-33 мм.
БАРИМТ 12
Тайланд улсын зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо жолоочид заавал цамц өмссөн байх ёстой гэнэ. Хэрэв уг хуулийг зөрчвөл шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээдэг байна. Мөн дотуур хувцасгүйгээр гэрээсээ гарахыг мөн л хуулиараа хориглосон байдаг.
БАРИМТ 13
Хэрэв та Тайланд улсад очвол өглөөний 8 цагт болон оройны 18 цагуудад Тайланд улсын төрийн дууллыг сонсох болно. Уг цагууд нь төрийн далбаагаа өглөө мандуулж мөн орой болох үед буулгаж авдаг цагууд юм байна. Хэрэв та төрийн дуулал эгшиглэж байхыг сонсох юм бол хийж буй зүйлээ зогсоож чимээгүй уг аялгууг босоогоороо сонсож хүндэтгэл үзүүлэх ёстой. Мөн кино театрт кино гарах болгоны өмнө төрийн дуулал эгшиглэдэг.
БАРИМТ 14
Бангкок хотын тухай дахин нэг сонирхолтой баримтыг дэлгэхэд тус хот нь дэлхийн хамгийн халуун нийслэл юм. Харин манай улсын нийслэл Улаанбаатар нь хамгийн хүйтэн нийслэл гэдгийг та бүхэн мэдэх байх. Бангкок хотын агаарын температур нь дунджаар Цельсийн 28 хэм байдаг.
БАРИМТ 15
Тайланд улсын мөнгөн тэмдэгтийг “Бат” гэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 33 бат нэг ам.доллартай тэнцэж байна. Мөн Тайланд улсын мөнгөн дэвсгэрт дээр гишгэх нь хууль бус үйлдэлд тооцогддог.
БАРИМТ 16
Тайланд улсын соёлд долоо хоногийн бүх өдөр Даваа-шар, Мягмар-ягаан, Лхагва-ногоон, Пүрэв-улбар шар, Баасан-цэнхэр, Бямба-үзмэн ягаан, Ням-улаан гэсэн дарааллаар өөр өөр өнгөтэй холбоотой байдаг. Одоо цагт эрт үеийнх шиг даваа гарагт шар өнгийн хувцас өмсөх гэх мэт уламжлал багассан ч уг уламжлалаа одоо хүртэл дагадаг иргэд цөөнгүй бий. Мөн Тайланд хүн болгон долоо хоногийн аль гарагт төрснөө мэддэг бөгөөд тус гарагийнхаа өнгийг өөрийнхөө азтай өнгө гэж бэлгэддэг.
БАРИМТ 17
Тайланд улсын он тоолол дэлхийн бусад орнуудаас 543 жилийн өмнө явдаг. Хэдийгээр тэд барууны календарь хэрэглэдэг ч албан ёсны уламжлалт он тоолол нь манай эриний өмнөх 543 онд Будда насан эцэслэсэн үеэс эхлэн тоологдож эхэлсэн. Тайланд улсын уламжлалын хувьд тэд 2021 бус 2564 онд амьдарч байгаа.
БАРИМТ 18
Тайландын алдартай зүйл нь мэдээж Лэди бой. Лэди бой нь өмнөх насандаа үйлдсэн хилэнцээ нигүүлсэж байгаа гэж үздэг учраас тайландууд хүлээн зөвшөөрдөг. Энэ төрлийн хагалгаа мөн тус улсад хамгийн өндөр хөгжсөн байдаг.
БАРИМТ 19
Тайланд улсад очсон хүн болгон заан унаж үздэг бичигдээгүй уламжлал байдаг. Заан нь Тайланд улсын бэлэг тэмдэг болсон үндэсний амьтан бөгөөд жил бүрийн 3-р сарын 13-ны өдөр улс даяараа “Үндэсний зааны өдөр” гэх баяр тэмдэглэдэг. Хэрэв та Тайланд улсын газрын зургийг сайтар ажиглавал зааны толгойтой ижил хэлбэртэй.
БАРИМТ 20
Хэдийгээр ард түмний дунд хөлбөмбөг хамгийн алдартай боловч үндэсний спорт нь тай бокс билээ. Тус спортыг улс даяараа маш ихээр чухалчилдаг бөгөөд жил бүрийн 3-р сарын 17-нд “Үндэсний тай боксын өдөр” хэмээх баяр тэмдэглэдэг. Зөвхөн тай боксоос гадна Тайланд улсын сонирхогчдын боксчид тив дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлдэг.
БАРИМТ 21
Тайланд улсын үндэсний хоолыг Пад Тай гэдэг. Дэлхийн 2-р дайны үеэр Тайланд улс цагаан будааны хомстолд ороод байх үед улсын удирдлагууд гоймонг ашигласан хоолыг ард түмэндээ хийж идэхийг санал болгож байв. Улмаар цаг хугацаа өнгөрөх тусам хоолны орц найрлага шинэчлэгдэж сайжирсаар өнөөгийн Пад Тай үүссэн түүхтэй.
БАРИМТ 22
Тайланд хүмүүс хүний толгой хэсэгтэй буддын шашинтай холбоотойгоор хүний сүнс оршдог хэсэг хэмээн ихэд хүндэтгэлтэй харьцдаг бол хөлийг үргэлж газар хүрдэг бохирдсон хэсэг гэж үздэг. Ийм учраас та Тайланд улсад очоод хэн нэгний эсвэл хийдэд орохдоо үргэлж гутлаа тайлах ёстой бөгөөд ямар нэгэн зүйлийг хөлөөрөө заахыг ихэд цээрлэдэг байна. Мөн өөрөөсөө ахмад хүмүүстэй харилцахдаа толгойгоо бөхийлгөсөн чигээр үлдээж хүндэтгэл үзүүлдэг.
БАРИМТ 23
Тайланд улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбарууд нь аялал жуулчлал болон хөдөө аж ахуй. Жуулчдыг татдаг гол хүчин зүйлс болох заан болон үзэсгэлэнт байгалиас гадна Тайландын сармагчингууд нэлээд алдартай. Жил бүр олон мянган жуулчдыг Тайланд улсыг зориход хүчтэй нөлөөлдөг сармигчингуудад зориулан нутгийн иргэд жилдээ нэг удаа баяр тэмдэглэж тэднийг хэдэн тонн жимс, мах, зайрмаг гэх мэт зүйлсээр хооллодог байна.
БАРИМТ 24
Тайланд улс руу Монгол улсын иргэд гуч хоногийн хугацаатай ямар нэгэн визагүйгээр нэвтрэх боломжтой.
Сэтгэгдэл (1)