БАРИМТ 1
Тонга улс нь Номхон далайд байрлах арлын жижиг улс бөгөөд улсын албан ёсны нэр нь Тонгагийн Хаант Улс. 1970 оны зургадугаар сарын 4-нд Их Британи улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 2
Тус улс нь нийт 169 арлаас бүрддэг. Тэдгээрийн 36-д нь Тонга улсын 100,000 иргэн амьдардаг. 750 хавтгай дөрвөлжин хуурай газар нутагтай гэдэг үзүүлэлтээрээ дэлхийд 175 дугаар байрт жагсдаг.
БАРИМТ 3
Арлын орон тул ямар нэгэн хөрш оронгүй хэдий ч тус улстай хамгийн ойрхон оршдог улсууд нь Фижи, Вануату болон Самао нар юм. Мөн хүн амын 97 хувь нь төрөлх Тонга үндэстнүүд.
БАРИМТ 4
Тонга улс нь албан ёсны хоёр хэлтэй бөгөөд тэдгээр нь тонга болон англи хэл. Тонга хэлний онцлог нь аливаа зүйлсийг тоолохдоо өөр өөр үгсийг ашигладаг. Жишээлбэл, загасыг нэгээс арав хүртэл тоолох болон алимыг нэгээс арав хүртэлх тоолоход ашиглах үгсүүд тэс өөр.
БАРИМТ 5
Тус улс нь бөгтөр халимын эх орон. Учир нь бөгтөр халимууд Антарктидаас Тонга улс руу 5000 км зам туулан ирж үр төлөө гаргаж өсгөөд том болсных нь дараа Антарктид руу буцдаг. Үүнтэй холбоотойгоор бөгтөр халимтай хамт далайд сэлж үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс аялагчид Тонга улсыг зорьдог.
БАРИМТ 6
Цаг уурын хувьд арванхоёроос дөрөвдүгээр сарын хооронд Цельсийн 32 хэмийг заадаг бол таваас арваннэгдүгээр сарын хооронд арай сэрүүн буюу Цельсийн 27 хэмийг заадаг. Дулаан уур амьсгалтай улс тул иргэдийн ихэнх нь хөдөө аж ахуй эрхэлж мөн загас барьж амьдардаг.
БАРИМТ 7
Тонга улсын үндэсний спорт нь бусад арлын орнуудын адилаар регби бөгөөд тус улсын шигшээ баг олон улсын тэмцээнүүдэд чамлахааргүй амжилтыг үзүүлдэг. Мөн та бүхэн Тонга улсыг төлөөлөн сүүлийн хоёр зуны нэг өвлийн олимпод ганцаараа оролцсон Пита Тауфатофуа буюу олимпын нээлтийн үйл ажиллагаан дээр туг баригч тосон залууг санаж байж магадгүй.
БАРИМТ 8
Нийт хүн амын 98 хувь нь Христийн шашинтай бөгөөд уг шашин Тонга улсын иргэдийн амьдралд ихээр нөлөөлдөг. Нэг жишээ хүргэхэд ням гараг буюу долоо дахь өдөр бүр ямар нэгэн спортын арга хэмжээ, дасгал хийх, албан байгууллагуудыг үйл ажиллагаа өрнүүлэх, гэрийн ажил хийхийг хүртэл хориглодог юм байна. Учир нь тус өдөр улс даяараа сүм рүү очиж, гэр бүлийнхээ хамт хоол идэж амарч өнгөрөөх ёстой байдаг байна. Гэвч орчин үетэй мөр зэрэгцэн амьдрахын тулд аялал жуулчлалын баазууд гэх мэт тодорхой хэдэн үйлчилгээний байгууллагууд тус өдөр ажилладаг.
БАРИМТ 9
Хэрвээ Тонга гэр бүл ямар нэгэн охингүй дан хөвгүүдтэй бол тэдний ээж хүү нараасаа нэгийг нь сонгож багаас нь хоол хийх, гэр орон цэвэрлэх гэх мэт ажилд сургаж эмэгтэй хүүхэд мэтээр өсгөдөг уламжлалтай. Гэвч орчин үед уг уламжлал тухайн сонгогдсон хүүхдүүдийн сонголтоос шалтгаалах болсон.
БАРИМТ 10
Ойролцоогоор 2500 жилийн өмнө Тонга улсын бүс нутагт Лапита үндэстэн анх суурьшсан гэх таамаг байдаг. Мөн 1900-1970 оны хооронд Их Британи болон Тонга улсуудын бүс нутгийг хамгаалах гэрээний дагуу Тонга улс Их Британи улсаас хамааралтай улс байсан ч хэзээ ч ямар нэгэн улсад эзлэгдэж колони улс болж байгаагүй.
БАРИМТ 11
Тонга улсын хувьд холимог засаглалтай. Хаант болон парламентийн засаглалыг хослуулсан улс. Одоогийн хааныг нь VI Тупоу гэдэг бол улсын Ерөнхий сайдыг нь Сиаоси Совалени гэдэг. Мөн тус улсын хаан өмнөх хаан болох IV Тупоу нь дэлхийн хамгийн хүнд жинтэй хаан байсан. Түүний жин нь 208 кг байжээ.
БАРИМТ 12
Илүүдэл жинтэй холбоотой өөр нэгэн баримт байгаа нь Тонга улсын иргэд илүүдэл жингээрээ дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Үүний гол шалтгааныг Шинэ Зеландаас орж ирдэг ихээр идвэл амархан жин нэмдэг хямд хоол хүнс гэж үздэг. Тонга улсын нийт хүн амын 70 хувь нь илүүдэл жинтэй.
БАРИМТ 13
Тонга улсын арлууд Тонгатапу, Вава’У болон Ха’Апай гэх үндсэн гурван хэсэгт ангилагддаг. Нийслэл хот Нуку’алофа нь Тонгатапу бүсийн арлын хойд эрэгт байрладаг. Тус хот нь Тонга улсын эдийн засгийн гол төв билээ.
БАРИМТ 14
Тус улсын хүн амын талаас илүү хувь нь АНУ, Шинэ Зеланд, Австрали гэх гаднын орнуудад амьдардаг бөгөөд Тонга улсын эдийн засгийн ихэнх хэсэг нь тэдгээр иргэдийн орлогоос бүрэн хамааралтай.
БАРИМТ 15
Тонга улс нь коронавирусын эсрэг хамгийн сайн тэмцсэн улсуудын нэг билээ. 2021 оны аравдугаар сарын сүүл үеэр тус улсад ковид-19-ийн анхны эерэг тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар улс дотроо ямар нэгэн халдвартай иргэн байхгүй коронавирусээс айх аюулгүй амьдарч байгаа ард түмэн.
БАРИМТ 16
Боловсролын системийн хувьд манай улстай ижил. Хүүхдүүд зургаан насандаа сургуульд ордог боловч бүрэн дунд боловсрол эзэмшсэнийхээ дараа их дээд сургуульд суралцахын тулд ихэвчлэн гаднын орныг зорьдог. Учир нь Тонга улсын их сургуулиудын нэр хүнд тийм ч өндөр биш.
БАРИМТ 17
Тонга улсын үндэсний хоол нь коконаттай загас юм. Уг хоолыг бэлтгэхэд загас, лемон, лайм, коконатын сүү хэрэгтэй. Мөн утсан гахайн махыг баярын өдрүүдээрээ бэлтгэн хэрэглэдэг. Сонирхуулахад босоогоороо хоол идэх болон юм уухыг цээрлэдэг бөгөөд хөдөө нутагт дэвсгэр дэлгэн сууж хооллодог бол суурин газруудад ширээний ард гэр бүлээрээ сууж хооллодог.
БАРИМТ 18
Хэрвээ хүүхэд гадаад улсад мэндэлсэн бол Тонга улсын иргэншил авахын тулд түүний аав нь заавал Тонга улсын иргэн байх шаардлагатай. Тонга ээжтэй гадаадад мэндэлсэн хүүхэд тус улсын иргэншлийг авах боломжгүй гэсэн үг юм. Үүнтэй төстэй эрэгтэйчүүдийн эрх давамгайлсан олон үзэгдэл тус улсад ажиглагддаг бөгөөд эмэгтэйчүүд ил задгай хувцаслахыг мөн л цээрлэдэг байна.
БАРИМТ 19
Газар тариалангийн, загасчлалын болон уламжлалт бараануудаа экспортлохдоо нийт барааныхаа 40.7 хувийг Япон улс руу, 37 хувийг АНУ руу буюу ихэнх бараагаа тус хоёр улс руу илгээдэг. Харин импортын барааны хувьд 31.4 хувь нь Шинэ Зеланд, 20.9 хувь нь Фижи, 14 хувь нь АНУ, 12.8 хувь нь Австрали, 5.8 хувь нь Хятад улсуудаас тус тус орж ирдэг.
БАРИМТ 20
Тонга улсын үндэсний бүжиг нь Лакалака гэх нэртэй. Уг бүжиг нь ойролцоогоор гучин минут үргэлжилдэг бөгөөд олон зуун хүн нэг дор бүжиглэдэг. Уг бүжгээр дамжуулан нэг арлаас нөгөө арлын хооронд хүмүүс харилцдаг байжээ. Орчин үед Лакалакаг улсын иргэд баяр ёслолын үеэр цуглан бүжиглэдэг. Бүжиглэхдээ эрчүүд баруун талдаа ялгарч бүсгүйчүүд зүүн талдаа гарч бүжиглэдэг. Бүжгийн үеэр эрчүүд маш хурдан эрч хүчтэй бүжиглэдэг бол бүсгүйчүүд илүү удаан тайван хэмээр бүжиглэдэг.
БАРИМТ 21
Гэмт хэргийн хувьд онц ноцтой гэмт хэрэг ховор тохиолддог ч орон гэрийн хулгай нэлээд элбэг. Тонга улс руу аялахаар очвол тайван байж болох ч оройн цагаар анхаарал сэрэмж илүүдэхгүй.
БАРИМТ 22
Тонга улсын төрийн далбаа нь улаан цагаан гэх хоёр өнгөнөөс бүрддэг. Далбааны зүүн дээд буланд харагдах улаан өнгөтэй нэмэх тэмдэг нь тус улсыг Христийн шашинтай улс гэдгийг илтгэдэг. Харин цагаан өнгө нь цэвэр ариун байдлыг бэлгэддэг бол улаан өнгө нь Есүсийн цусыг бэлгэддэг.
БАРИМТ 23
Тонга улсын иргэдийн хувьд гэр бүлийг хамгийн түрүүнд чухалчлан үздэг, хоорондоо дотно холбоотой хүмүүс. Тэдний хувьд амьдралдаа мөрдөж явах дөрвөн гол үнэ цэнэ байдаг бөгөөд тэдгээр нь харилцан хүндлэл, бусадтай хуваалцах, амлалт болон үнэнч байдал, даруу байдал болон өгөөмөр сэтгэл юм.
БАРИМТ 24
Тонга улсад нисдэг үнэг гэх сарьсан багваахайн төрөл зүйл амьдардаг. Хамгийн сонирхолтой нь тэдгээр амьтад Тонга улсын хааны гэр бүлийн өмч тул гэр бүлийн гишүүдээс бусад хэн ч тус сарьсан багваахайнуудыг гэмтээж мөн устгаж болохгүй.
Сэтгэгдэл (2)