ЭШЛЭЛ 1
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97 удаа, Дэд хороод таван удаа, Түр хороод есөн удаа, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн дүнтэйгээр өндөрлөж байна.
ЭШЛЭЛ 2
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амьлуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч болон шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай 234, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа.
ЭШЛЭЛ 3
Монгол түмний сонгон авсан үндсэн хуульт ёс, парламентын ардчилсан засаглал зөв сонголт гэдэгт монголчууд бүрнээ итгэлтэй буйгаа дахин нотоллоо. Монголын ард түмний Үндсэн хуулиараа тунхаглаж, эргэлт буцалтгүй сонгосон парламентын засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт тэнцлийн зарчим цаашид баттай хадгалагдах нь бидний сонгосон замын найдвартай хөтөч мөн гэдэгт эргэлзэхгүй байна.
ЭШЛЭЛ 4
Энэ сонголт-хөгжил дэвшлийн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн, монгол хүний сайн сайхан амьдралын төлөөх сонголт билээ. Энэ сонголт, түүний баталгаа нь Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль юм.
ЭШЛЭЛ 5
Үндсэн хуулийнхаа үзэл санааг хэлбэрэлтгүй сахиж, зүйл, заалт бүрийг хуульчлан дагаж мөрдөх нь сонголтоо үр дүнд хүргэж, сонгодог ардчилсан парламентын тогтолцоо бүрдэх үндсэн нөхцөл болно.
ЭШЛЭЛ 6
Хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн гээд үндсэн гурван чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бид гагцхүү Үндсэн хуулиа мөрдлөг болгож, түүний үзэл баримтлалаар зүг чигээ хийх учиртай. Засгийн газар тогтвортой ажиллуулж хууль биелүүлж хэрэгжүүлж ажиллахад саад болдоггүй байх, хууль тогтоох эрх мэдэлд хэн ч халддаггүй байх, шүүх эрх мэдэлд хэн ч нөлөөлдөггүй байх зөвхөн хууль засаглагдаг байх эрх зүйт төр бүрдэж Үндсэн хуулийн хяналт-тэнцэл эрх мэдлийн хуваарилалт ингэж байж хангагдах ёстой.
ЭШЛЭЛ 7
Ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад парламентын болон Үндсэн хуулийн боловсрол нэн чухал юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар “Үндсэн хуулийн болон Парламентын боловсрол” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Эхний ээлжинд 12-17 насны хүүхэд багачуудад зориулсан Үндсэн хууль, парламентат ёсны сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж байна.
ЭШЛЭЛ 8
Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй, хууль хоорондын уялдаа холбоо алдагдах, давхцал хийдэл, зөрчил гарах явдал түгээмэл байж иржээ. Саяхан баталсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.
ЭШЛЭЛ 9
Хууль тогтоох байгууллагын баталсан суурь хуулиудыг дагаж гарсан хуулиуд нь давхардалгүй, зөрчилгүй, хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэж байж эрх зүйн систем бүхэл тогтолцоо болно. Эргэх хандлагын хяналтыг Улсын Их Хурал хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвших болно.
ЭШЛЭЛ 10
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа.
ЭШЛЭЛ 11
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаажуулж таван төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, ямагт шинэчилж байх үүргийг хуульчиллаа.
ЭШЛЭЛ 12
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдснаар хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь тодорхой болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт нээлттэй ил тод байхаар заалаа. Энэ мэтийн 68 мэдээлэл иргэний мэдэх эрхийн хүрээнд ил болсноор шударга ёс, хариуцлага бэхжиж, иргэний тэгш эрх хангагдана гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 13
Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон.
ЭШЛЭЛ 14
Энэ дашрамд, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг хангаж, сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар зохицуулсныг цохон тэмдэглэж хэлье.
ЭШЛЭЛ 15
Цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн дараа шинэчилж, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталлаа.
ЭШЛЭЛ 16
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ердөө 30,399 иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг олгосон нь үндсэндээ тендерт ороход л ашиглагдаж байсан байна. Тиймээс тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэд хоорондын өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх шаардлага бий болсныг харгалзан хуулийг шинэчлэв. Цаашид иргэд, хуулийн этгээд гэрээ хэлцэл хийхдээ, төрийн байгууллагад өргөдөл гомдлоо цахимаар гаргахдаа тоон гарын үсгээ ашиглах боломжийг энэ хуулиар нээж байна.
ЭШЛЭЛ 17
Сүүлийн 15 жил яригдаж байсан Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталлаа. Мэдээллийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн мөн гэдгийг бид хуулиар хүлээн зөвшөөрсөн хэрнээ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоо одоо болтол бүрдээгүй байсан юм.
ЭШЛЭЛ 18
Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
ЭШЛЭЛ 19
Бодлогод тусгасан зургаан бүлэгт хамаарах 29 зорилтыг хэрэгжүүлснээр боомтын, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болно. Урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрэх ба боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг хоёр дахин өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа юм.
ЭШЛЭЛ 20
Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг шинэчлэх ажлууд хүлээгдэж байна. Эдгээр хуулийг хаврын чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлагатай.
ЭШЛЭЛ 21
Нийгмийн даатгалын багц хуулиудын болон боловсролын багц хуулиуд зэрэг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудын төслийг холбогдох ажлын хэсгүүд, байнгын хороо чуулганы завсарлагааны үед төрөлжсөн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, сайтар хэлэлцэн ирэх хаврын чуулганаар батлуулахад бэлтгэх хэрэгтэй. Үүнд, сонгодог парламентын засаглалаа төлөвшүүлэх, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангахад чиглэсэн хуулиудыг боловсруулж, хэлэлцүүлэх ажил ч мөн хамаарна.
ЭШЛЭЛ 22
Шинээр батлан гаргаж байгаа болон дагаж мөрдөж байгаа хуулиудад хүний эрхийг хязгаарласан, дордуулсан заалт байж хэрхэвч таарахгүй гэдгийг давтаж хэлье. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад буй хүний эрхийг хязгаарласан заалтуудыг засаж өөрчлөх ажил хаврын чуулганаас эхлэн хэлэлцэх тул бэлтгэлийг нь завсарлагын хугацаанд хийж амжуулбал зохино. Энэ ажил холбогдох байнгын болон дэд хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисст хамаарна.
ЭШЛЭЛ 23
Банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, инфляцыг эхний ээлжинд тогтворжуулах, цаашдаа бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулах, үнийн хөөрөгдлийг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна.
ЭШЛЭЛ 24
Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.6 хувьтай гарах төлөвтэй байна. Хил, гааль тээвэр ложистикийн асуудлыг шуурхай, зөв зохицуулах нь улс орны эдийн засаг, нийгмийн болон мөнгө санхүүгийн бүхий л хүрээг шийдвэрлэх гол зангилаа болж байна.