Урлагт дурласан хүнд буцах зам байдаггүй гэдэг. Энэ үгийн биелэл нь “Sunee’s ballet”-ын үүсгэн байгуулагч, багш Б.Сүндэръяа. Анх Хөгжим бүжгийн коллежид балетчин болохоор шалгуулсан ч тэнцэлгүй уран гимнастикийн ангид хуваарилагдаж байсан тэрбээр балетчин болох мөрөөдлөө орхиогүй. СУИС-ийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр төгссөн тэрбээр өөрийн балетын сургуулиа нээснээс хойш арваад он улирчээ.
Бид Сүнээгийн балетын сургуулиар зочилж, бяцхан сурагчидтай нь аав, ээжийнх нь зөвшөөрлөөр ярилцлаа. Биднийг “Sunee’s ballet”-аар очих үед бага насны ангийнхан хичээлтэй байж таарсан юм. Танхим дүүрэн бяцхан охид багшийгаа хаа ч явсан бараадаж, дагаж, цээжилсэн шүлгээ уншиж, хичээл дуусаад хамт тоглохыг хүсч байлаа. Сүнээ өөрөө тэр бяцхан охидын ертөнцөд амьдарч, Сүнээ өөрөө тэдэнтэйгээ нас чацуу мэт харилцаж, Сүнээ өөрөө тэдний багш нь бас найз нь байж балетын хичээлийг заадаг нь тэр хэсэгхэн хоромд нүднээ ил байв.
Гурван настай О.Очгэрэл охины баллетийн хичээл өнөөдөр эхэлжээ. Анхны хичээл нь түүнд таалагдсан бололтой “Бүжиглэх гоё байна, зөндөө юм сурсан” хэмээн ярилцав. Харин жоохон ядарсан бололтой хичээлийн дундуур “Багш аа хэзээ хичээл дуусах юм” гэж асууж харагдсан шүү.
Н.Одзаяа таван настай. Сүнээ багш нь түүнийг хатагтай Одзаяа хэмээн дуудсаар бидэн дээр авч ирэв. Нүдэндээ галтай, сэргэлэн охин бүжиглэхэд ямар санагддаг вэ? гэсэн асуултад “Би бүжиглэх дуртай,том болоод бүжигчин болно” хэмээн хариулсан юм. Түүнийг мундаг бүжигчин болно гэдэгт итгэлтэй байна.
Хүүхдүүд янз бүрээр өөрийгөө илэрхийлдэг. Харин Б.Түвшин бүжиглэхэд жаргалтай мэдрэмж төрдөг тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Хичээлдээ сайн оролцсон хүүхдүүдийг багш нь таван хошуугаар шагнадаг гэнэ. Өнөөдөр Б.Түвшин хоёр одоор шагнуулжээ.
Г.Хулан энэ жил таван настай. Тэрээр гурван настай дүүтэйгээ хамт баллетаар хичээллэдэг. Ямартай ч тэр өнөөдөр сайн байсан бололтой одоор шагнуулжээ. Харин таван хошуу од ямар учиртай болохыг мэдэхгүй гэсэн шүү.
Т.Мөнхжаргал