Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.
Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа н.Рагчаадорж "Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг e-Mongolia платформд Батлан хамгаалахын яам өнөөдрөөс нэгдэж байна. Манай яамнаас цахимаар үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэл. Цэргийн бүртгэлийг улс орон даяар цахимаар явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, өнөөдөр нээж байгаа юм. Ингэснээр өмнө нь биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол одоо гар утас, компьютероо ашиглаад хаанаас ч бүртгүүлэх боломжтой болоод байна. Батлан хамгаалах яам цаашид төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах гэх мэтчилэн боломжит үйлчилгээг e-Mongolia-д оруулна" гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Энэ оны нэгдүгээр сар дуустал хугацаанд цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдана. Бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой. Ингэхдээ e-Mongolia-г ашиглан бүртгүүлнэ. Хэрэв интернэтгүй орчин байгаа бол нийслэлийн Үйлчилгээний зургаан цэгт, 18 нас хүрч буй иргэн бол хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэн, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэнэ" гэв.