Улиран өнгөрч буй 2021 оны хувьд манай улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жил, худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жил, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жил зэрэг тэгш ойнууд тохиосон онцлогтой жил байв.
Түүхэн чухал ой аливаа байгууллага, салбарын амжилт бүтээлийг тодотгохоос гадна цаашдын чиг хандлагыг тодорхойлох боломж олгодог. Энэ ч үүднээс бид эдгээр ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдээ, мөн манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ололт амжилтаа дүгнэж, цаашдын чиг хандлагаа тодорхойлоход чиглүүлэн ажиллалаа.
Энэ онд Ковид-19 цар тахлын хүндхэн сорилтой тулгарч, гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа маань вакцины татан авалтыг хурдан шуурхай хийх, гадаадад гацсан иргэдээ татан авах, гадаад худалдааны урсгалыг чөлөөтэй явуулж, нэн чухал хэрэгцээт барааны импортыг тасалдуулахгүй байх, хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн гадаадад зорчих эрхийг сэргээх зэрэг асуудалд Гадаад харилцааны яам нилээд хүч чармайлт гарган ажиллалаа.
Түүний зэрэгцээ бид гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ажиллалаа. Ингээд бүтэн жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил, гүйцэтгэсэн ажил, арга хэмжээг товч тоймлон хүргэж байна.