БАРИМТ 1
Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон зуны олимпын наадмаас Монголын багаас Сайед Моллай мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа хүрэл медаль хүртэв. Ингэснээр Монголын баг олимпын наадамд оролцсон 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт жагслаа.
БАРИМТ 2
“Токио-2020” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоов. Олимп, паралимпын наадамд дээд амжилт тогтоосон тамирчин түүнээс өөр үгүй билээ. Тэр хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр шилдэг болохоо баталсан нэгэн.
БАРИМТ 3
“Будапешт-2021” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс манай цагаан өмсгөлтнүүд хоёр медаль хүртсэн нь М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медалийн эзэд боллоо.
БАРИМТ 4
“Осло-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Даваачимэг, Б.Шоовдор, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн 60 жилийн түүхэнд гараагүй амжилт (6 хүрэл медаль) болсон юм. Багийн дүнгээр эмэгтэй бөхчүүд хүрэл цом хүртэж, эрчүүд зургадугаар байр эзлэв.
БАРИМТ 5
Узбекистаны нийслэл Ташкент хотод хэдхэн хоногийн өмнө болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Тэр Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан юм. Түүнчлэн тэр саяхан болсон олимпын наадамд шагналт байр эзэлсэн.
БАРИМТ 6
Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа. Япон, Монгол дэмжигчдийнх нь хувьд тун харамсалтай мэдээ байлаа. Тэр их сүмогийн дээд зиндаанд эзэн хааны цомыг 45 удаа өргөсөн юм.
БАРИМТ 7
Допинг ба монгол бөх. Өнөө жил Улсын баяр наадам өнжсөн боловч “Үндэсний бөх-үнэт өв” 512 бөхийн барилдаан зохион байгуулж, шөвгөрсөн 16, сайн дурын хоёр бөхөөс допингийн шинжилгээ авсан юм. Үүнээс дөрвөн бөхийн шинжилгээний хариу эерэг гарч, Э.Оюунболд (давтан хэрэглэсэн)-ын барилдах эрхийг найм, бусад гурван бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасав. Хүчит арслан Э.Оюунболд 36 насандаа дэвжээндээ эргэн ирэх юм.
БАРИМТ 8
Ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн шигшээ багаасаа хасагдсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд шилжиж, анхны тулаандаа бахдам ялалт байгууллаа. Түүний дараагийн тулаан ирэх оны хоёрдугаар сард болох юм.
БАРИМТ 9
Монголын спортын нүүр царайг илэрхийлдэг МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найз Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулж, ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөв. Иймд зуны олимпын наадамд Монголын баг МҮОХ-ны албан ёсны ерөнхийлөгчгүй оролцлоо. Удахгүй эхлэх өвлийн олимпын наадамд ч энэ байдал давтагдах нь тодорхой болсон.
БАРИМТ 10
“Белград-2021” боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын есөн тамирчин оролцсон медальгүй ирэв. Тус тэмцээний хүрэл медалийн төлөө хоёр тамирчин өрсөлдсөн боловч хоёул ялагдал хүлээлээ. Манай гол найдвар гэгдэж байсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ коронавирус туссан тул аргагүйн эрхэнд нутаг буцсан юм.
БАРИМТ 11
“Токио-2020” зуны олимпын наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эмэгтэй баг оролцсон нь анхдагч амжилт. Мөн тус багийн тоглогч О.Хулан олимпын наадмын Монголын багийн анхны эмэгтэй тугч болсон.
БАРИМТ 12
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртлээ. Тэр жилийн хамгийн олон түрүүг хүртэж, ёкозүна цолтон болсон Монголын тав дахь бөх юм.
БАРИМТ 13
“Токио-2020” олимпын наадамд ширээний теннисний төрөлд манай улсын хоёр тамирчин өрсөлдлөө. Тэд Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ юм. Тэр дундаа Б.Болор-Эрдэнэ олимпод спорт тоглоомын төрлөөр анхны ялалт байгуулсан нь хосгүй амжилт.
БАРИМТ 14
Өвлийн спортынхны хувьд магнай нь тэнийсэн жил байлаа. Он удаан жил яригдсан өвлийн битүү дээвэртэй мөсөн ордон үүдээ нээсэн нь онцлууштай зүйл болсон. “Степ арена” спортын ордонг хувийн хэвшлийнхэн хурдан хугацаанд чанартай барьж байгуулснаар Монголын өвлийн спортын баг тамирчид бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа жилийн аль ч улиралд тасралтгүй хангах нөхцөл бүрдлээ.
БАРИМТ 15
Дугуйн “Tour of Tailand” тэмцээний аварга С.Жамбалжамц Ази тивийн чансааны дэд байрт бичигдэв. Тэр олимпын эрх олгох чансаанд багтсан нь онцлох амжилт юм. С.Жамбалжамц Ази тивийн 2021 оны шилдэг тамирчны жагсаалтад гуравдугаар байрт бичигджээ.
БАРИМТ 16
Олимпын наадмын жүдо бөхийн шүүгчээр Т.Энхцэцэг ажиллаж, анхны эмэгтэй монгол шүүгч болов. Тэр олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн дэнсэлсэн шилдэг шүүгч болсон юм.
БАРИМТ 17
Пара таеквондогийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэр тус тэмцээний тав дахь алтан медалиа хүртсэн бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй юм.
БАРИМТ 18
“Бээжин-2021” өвлийн паралимпын наадамд Монголын цаначин Б.Ганболд уралдах эрхээ авлаа. Өдгөө 30 настай тэрбээр гурав дахь парлимпын наадамдаа уралдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Өмнө нь “Сочи-2014”, “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд уралдаж байв.
БАРИМТ 19
Европ тивийн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн анхны монгол тоглогч болж байсан Г.Ганбаяр буурал тивийн лигийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны монгол тоглогч болов. Тэр гарааны бүрэлдэхүүнд тоглохдоо 3 гоол оруулсан байна.
БАРИМТ 20
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын NCAA-ийн нэгдүгээр дивизоны багт тоглох эрх авлаа. Тэр хэд хэдэн тэтгэлэгийн санал авч “Дэйтон” багийг сонгосноо албан ёсоор зарласан юм.
БАРИМТ 21
Польшийн Варшав хотод болсон волейболын ахмадын ДАШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт байгуулав. Энэ амжилт Монголын волейболын спортын түүхэнд онцлох гавьяа болсон билээ.
БАРИМТ 22
Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон бодибилдинг фитнессийн ДАШТ-ээс Монголын гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Онцолж хэлэхэд тэмцээний ахмадын ангилалд С.Дуламрагчаа, насанд хүрэгчдийн ангилалд Э.Лхагва-Очир, Д.Бадамханд нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн нь сайхан.
БАРИМТ 23
Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, Улсын баяр наадамд допинг хэрэглэсэн бөхчүүдэд унасан зарим хүнд улсын цол, чимэг олгосон юм. Н.Батсуурьт даян аварга, М.Бадарчид гарьд, Д.Анар, Ц.Одбаярт заан, Б.Орхонбаяр, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд харцага гэхчлэн цол, чимгийг нөхөн олгов. Н.Батсуурь аварга нь дархан аварга Г.Өсөхбаяраас хойш 11 жилийн дараа даян аварга цолтон боллоо.
БАРИМТ 24
Сонирхогчдын боксын (AIBA)-гийн ерөнхийлөгч Умар Кремлёв монголд айлчиллаа. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, “Буянт-Ухаа”, “Степп” арена” мөсөн өргөө”-ий үйл ажиллагаатай танилцаж, “Уран ган” спортын төвд бэлтгэл хийв. Манай улсад олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжийг судалсан нь энэ байв.
Сэтгэгдэл (3)