Шатахуун бол уг нь стратегийн бүтээгдэхүүн. Даанч манай улс стратегийн энэ бүтээгдэхүүнээрээ ОХУ-аас хараат. Статистакаас харвал газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 хувийг манай улс гаднаас импортолдог. Орос крантаа хаавал Монгол хэрхдэгийг өнгөрсөн намрын тариа будааны ид үеэр бид харсан. Шатахуун түгээх станцууд руу орох гэсэн уртаас урт цуваанд зогссон автомашинууд, 30-хан мянган төгрөгөөр бензин авч хязгаарлуулж байсан хоногууд давтагдахгүй гэхийн аргагүй. Тийм учраас стратегийн энэ салбарт төрийн зөв бодлого маш чухал байдаг. Уг нь газрын тосны орд газрууд манайд байгаа. Анхны Ерөнхийлөгч газрын тосны цооногоос олгойдсон бүтээгдэхүүнээр дээлээ мялааж байсан тэр цагаас хойш харамсалтай нь өөрийн гэсэн боловсруулах үйлдвэргүйн улмаас түүхий эдээ гадагшаа экспортолж, өөрсдөө хойд хөршөөсөө бэлэн бүтээгдэхүүн импортолж ирсэн. Харин Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тосны үйлдвэрийг эхлүүлээд ажил нь овоо урагштай явж байгаа нь стратегийн салбарт төрийн хэрэгжүүлсэн хамгийн том бодлого болоод байна. Гэхдээ энэ үйлдвэр ашиглалтад орох хугацаа болоогүй. Цар тахал ч үүнд чамгүй нөлөөлж байгаа нь гарцаагүй. Гэтэл үйлдвэр ашиглалтад орохыг хүлээхгүйгээр монголчуудын амьдрал үргэлжилнэ. Багахан ч гэсэн үйлвэрлэл явуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэхийг чармайх ёстой. Хувийн хэвшлийн ганц нэгхэн аж ахуйн нэгж нь бол чармайгаад эхэлсэн юм билээ. Хэдэн жилийн өмнөөс тэд газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар нэрж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 30 орчим хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Газрын тосны бүтээгдэхүүнээрээ бусдаас хараат улсын хувьд энэ бол бодлогоор дэмжих ёстой үйлдвэрлэл байгаа биз? Тэгээд ч 2018 онд Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын хүрээнд “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын таатай бодлогоор дэмжих”-ээр болсон байдаг юм. Гэтэл нефтийн бүтээгдэхүүн гаргаж байсан аж ахуйн нэгжүүдийг захиалгат хуулиар түүхий эдэд нь татвар тавьж, хаалгыг нь бариулсаар хэдэн сар өнгөрлөө. Энэ нь зөвхөн дотоодын ганц нэг үйлдвэрлэгчдийн эрх ашигийг зөрчөөд байгаа юм биш. Учир нь, Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд түүхий эдээ гаднаас импортлоно гэсэн үг. Газрын тосны дайвар бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татвар ногдуулснаар нэг ёсондоо ирэх жилүүдэд ашиглалтад орох Газрын тос боловсруулах үйлдвэрийн амыг бас барих санаархал юм. Тэгвэл энэ бүхэн хэнд ашигтай вэ? Мэдээж шатахуун импортлогчдод л ашигтай. Тиймээс л тэдний лоббигоор газрын тосны бүтээгдэхүүнүүдэд онцгой татвар ногдуулсан гэж байгаа юм. Импортлогчоос үйлдвэрлэгч улс болохын тулд эхлээд түүхий эдэд ногдуулдаг онцгой татварыг чөлөөлөх ёстой нь эндээс харагдаж байгаа биз ээ.
Газрын тосны дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахын тулд ямархуу лобби явагдаж байсныг эргэн санацгаая. Түүхий эд импортлогчид олон тэрбумын татавараас чөлөөлөгдөж байна, энэ мөнгөөр сургууль цэцэрлэг барья гээд хууль санаачлагчид хийгээд хууль санаачлагчдыг лоббидогчид хэлж байсан. Нэг ёсондоо түүхий эд импортлоод дотооддоо дизел түлш үйлдвэрлэж хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийг эсэргүүцэж байсан тэдний хамгийн чангаар хашгирч байсан үг нь “Олон тэрбумын татварын чөлөөлөлт” байсан юм. Тэгвэл энэ хуулийн лоббиг ил далдаар хийж байсан шатахуун импортлогчид хуулийн цоорхойгоор хэрхэн олон тэрбумын татвараас чөлөөлөгдөж байсан тухай тоон үзүүлэлтийг танд хүргэе.
Онцгой албан татварын хуульд автобензин, дизель түлшийг импортлон оруулж ирж байгаа хилийн боомтуудаас хамааруулан 0 татвартай болгосон. Өөрөөр хэлбэл, Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Эрээнцаваар автобензин, дизелийн түлш импортловол онцгой албан татварын хувь хэмжээг 0 болгосон Засгийн газрын тогтоол байдаг.
Энэ тогтоол хэрэгжсэн үед буюу 2018-2021 онд 5.5 сая тонн дизель болон автобензин импортлогдсон байдгаас 50 хувь нь буюу 2.8 сая тонн бүтээгдэхүүн онцгой албан татварын хөнгөлөлттэй горимоор гаалийн бүрдүүлэлт хийгджээ. Бүр тодруулбал, “Магнайтрэйд”, “НИК”, “УБТЗ”, “СодМонгол”, “Шунхлай” зэрэг импортлогчид 1.7 сая тонн буюу нийт хэмжээний 63.5 хувийг хилийн боомтын 0 татварын нөхцөлтэйгээр гаалийн бүрдүүлэлтээ хийсэн байгаа юм. Эндээс зөвхөн дизель түлш нь 215.3 мянган тонн байсан бөгөөд энэ нь 60.3 тэрбум орчим төгрөгийн онцгой татвар төлөх хэмжээний түлш гэсэн үг. Гэтэл импортлогчид хөнгөлөлт эдэлдэг хилийн боомтуудаар импортлосноор зөвхөн түлшнээс гэхэд л ийм хэмжээний татвараас “бултаж” чадсан байх нь ээ.
Алслагдсан орон нутагт газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх гэсэн Засгийн газрын энэ шийдвэр импортлогчид ингэж олз болж байна.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (1)