БАРИМТ 1
Георгий Малхазович Зантарая нь 1987 оны 10-р сарын 21-нд Зөвлөлт Холбоот Улсын (одоогоор Гүрж улсын) нутагт Гали гэх жижиг хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүнийг дөрвөн настай байхад түүний гэр бүл Гүрж болон Абхазуудын дунд өрнөж байсан зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан Украин улс руу нүүсэн.
БАРИМТ 3
Ингэснээр түүний Украин улсыг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа төлөөлөн барилдах үүд хаалга нээгдсэн.
БАРИМТ 4
Замналынхаа эхэн үед эрэгтэйчүүдийн -60кг (хамгийн хөнгөн жин) жинд барилддаг байсан бол яваандаа жин өгсөж -66кг жинд барилдах болсон.
БАРИМТ 5
Түүний өндөр нь 172 см бөгөөд тэрээр хөнгөн жингийн тамирчид дундаа өндөрт тооцогддог. Энэ нь ч түүний барилдааны онцлогтой сайтар зохицдог.
БАРИМТ 6
2009 он бол түүний замналын хамгийн амжилттай жил байсан бөгөөд тэрээр тус жилдээ Роттердамын ДАШТ-нд амжилттай оролцон түрүүлснээр 22 настайдаа дэлхий нийтэд өөрийгөө таниулсан.
БАРИМТ 7
Мөн тус жилдээ Тбилисид зохиогдсон Европын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө 2012 оны олимпын аварга ОХУ-ын Арсен Галстяантай барилдаж ялагдал хүлээн мөнгөн медаль хүртсэн.
БАРИМТ 8
Шинэхэн дэлхийн аварга болсон Украин залуу дараа жилийнхээ Токиогийн дэлхийн аваргад мөн амжилттай оролцож хагас шигшээ барилдаанд өмнөх жилийн Европын аваргад ялагдал хүлээсэн Арсен Галстяныг цэвэр ялснаар дэлхийд хоёр жил дараалан финалдсан.
БАРИМТ 9
Гэвч аваргын төлөөх барилдаанд Узбекистан улсын тамирчин дэлхийн хошой аварга, олимпын гурван удаагийн хүрэл медальт Ришод Собировд үндсэн цагт хоёр Ваза-Ари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээж дэлхийн аваргын мөнгөн медальтан болсон.
БАРИМТ 10
Жилийн дараа Парисын дэлхийн аваргад дэлхийн хошой аварга болох зорилготойгоор ирсэн тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчин Азийн хошой аварга Чой Гванг-Хеонд Юүко үнэлгээгээ алдсанаар тэрээр тус жилдээ дэлхийн хошой аварга болох боломжгүй болсон.
БАРИМТ 11
Гэвч хүрэл медалийн төлөөх барилдаанд та бидний танил ДАШТ-ий хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жинийг ялснаар дэлхийн иж бүрэн медальтай болсон.
БАРИМТ 12
Гурван жил дэлхийгээс медаль хүртсэн түүний нэр 2012 оны олимпын наадамд түрүүлэх магадлалтай тамирчдын таавар дунд зүй ёсоор яригдаж байв.
БАРИМТ 13
Харамсалтай нь тэмцээний хоёрдугаар тойргийн барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Италийн тамирчин Элио Вердед ялагдал хүлээснээр эхний олимпын наадмаа медальгүй өндөрлүүлсэн. Тус олимпын дараагаар дээд жинрүүгээ өгсөн -66кг жинд барилдаж эхэлсэн.
БАРИМТ 14
2013 оны ДАШТ-нд шинэ жиндээ оролцож өөрийгөө тус жинд зохицож барилдаж чадна гэдгээ хангалттай харуулан хүрэл медаль хүртсэн. Энэ нь түүний 4 дэх дэлхийн медаль байв.
БАРИМТ 15
Тус тэмцээнд чансаа доогуур байсан тул дэлхийн чансааг тэргүүлж байсан МУГТ Д.Төмөрхүлэгтэй эхний тойрогтоо учраа тааран барилдаж улмаар ялалт байгуулсан.
БАРИМТ 16
2014 оны ДАШТ-нд уламжлал ёсоор амжилттай оролцож хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын гурван удаагийн хүрэл медальтан болсон. Тус тэмцээний дагах барилдаанд мөнхийн өрсөлдөгч Ришод Собировыг ялсан.
БАРИМТ 17
2015 оны Астанад зохиогдсон ДАШТ-ий хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Израилийн бөх Голан Поллакад ялагдсанаар түүний таван ДАШТ дараалан медаль хүртсэн цуврал өндөрлөсөн.
БАРИМТ 18
Ид үедээ барилдаж байхдаа хараа гаргаж биеэ шидэх, толгой дээрээ эргэх гэх мэт техникүүдийг сайтар эзэмшсэн байсан тул өрсөлдөгч бөхдөө ховорхон үнэлгээ алддаг тамирчин байв.
БАРИМТ 19
2016 оны олимпын наадамд мөн л хүлээлт өндөртэй очсон боловч хоёрдугаар тойрогтоо Португалийн бөхөд ялагдсанаар олимпоос медаль авах сайхан боломжоо алдсан.
БАРИМТ 20
Тус тэмцээний дараа түүний зодог тайлах тухай цуурхал нэлээн гарч байсан хэдий ч 2017 болон 2018 онуудын ДАШТ-үүдэд хүрэл медалийн төлөө барилдаж 2018 онд дэлхийн зургаа дахь медалиа хүртсэнээр өөрийгөө зодог тайлах болоогүй гэдгээ олон нийтэд батлан харуулсан.
БАРИМТ 21
2020 оны Токиогийн олимп бол түүний хувьд олимпын медаль хүртэх сүүлийн боломж байсан боловч мөн л тэрээр хоёрдугаар тойрогтоо Словений бөх Адриан Гомбочид ялагдал хүлээснээр замналынхаа сүүлийн олимпын наадмыг өндөрлүүлсэн.
БАРИМТ 22
ДАШТ-ээс зургаан удаа медаль хүртсэн тэрээр олимпын наадамд гурван удаа оролцохдоо дөнгөж нэг удаа ялалт байгуулж байсан нь түүнийг олимпын дэвжээн дээр ямар муу барилддаг нэгэн бэ гэдгийг харуулж байна.
БАРИМТ 23
Тэрбээр 34 насандаа Дэлхийн аварга нийт зургаан медальт, Европын хошой аварга, Европын наадмын аварга, Мастерсын аварга гэх амжилттайгаар тамирчны замналаа өндөрлүүллээ.
БАРИМТ 24
Мөн тэрээр IJF-ийн цуврал тэмцээнүүдийн Гранд Слам төрлийн тэмцээнд нэг ч удаа түрүүлж байгаагүй
Сэтгэгдэл (2)