2006-2015 оны хооронд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага судалгаа хийж 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олжээ. Энэ судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдворууд илэрсэн нь Хүннү судлалд шинэ эх хэрэглэгдэхүүн бий болгосон “шинэ нээлт” болсон юм. Археологийн малтлага судалгааны ажлын дараа олдвор хэрэглэгдэхүүний сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээний ажил бүрэн хийгдснээр олдворуудыг анх удаа олон нийтэд танилцуулан үзүүлэхээр болж байна. Энэхүү үзэсгэлэнд Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байгаа юм.
Сэтгэгдэл (5)