Бензний үнэ автомат горимд шилжиж буйтай холбогдуулан УУХҮ-ийн дэд сайд, Шатахууны үнийн зөвлөлийн дарга О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.
О.Батнайрамдал: "2021 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээр санхүүжүүлэх асуудлыг Монгол банктай хамтран шийдвэрлэхдээ зах зээлийн нөхцөл байдалтай бодитой мэдээллийг сурталчлан таниулах талаар ажлын зөвлөмж гаргалаа. А92 бензин зах зээлийн горим руу шилжих ёстой. Өргөн хэрэглээний А92 бензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажимаар шилжүүлэх бодлого баримтлан ажиллах зөвлөмж гарсан. Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг 30-45 хоног болгосон. Мөн автомат үнийн тооцоолол руу шилжих талаар ярилцлаа. А92 бензинийг зургаан сарын дундаж өртөгөөр тооцоологдож бодогдоно. Үнийн дүнд төр, хувийн хэвшил оролцохгүй автомат үнийн тооцоолол руу шилжиж байна гэсэн үг. Нийт үнийн 5 хувиас хэтрэхгүй буюу 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар үнийн тооцоолол, заагийг санал болгосон байгаа. Бензиний буурах таамаг 72-59, 83-81 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа" гэлээ.