Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын явуулын цэгтэй таниллаа. Тэрбээр "Нийт оюутан залуучууддаа гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж МУИС-ын номын сан дээр ирж ажиллаж байна. Хувийн хэвшлийнхэн тодорхой хэмжээнд урамшлууллын арга хэмжээ авснаар оюутнууд их идэвхтэй хамрагдаж байгаа юм байна.
Иргэд мэдээлэл авч байгаа байх Европын орнуудад коронавирусийн дөрөв дэхь давалгаа явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал тийм амар биш байна. Манай улсын хувьд цаг алдаагүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдрийг хүртэл хатуу хол хорио давихгүйгээр явлаа. Хичээлийн шинэ жилээ нээж чадлаа. Эрүүл мэндийн яамны надад өгч байгаа мэдээллээр долоо хоногт 20 хувиар халдварын тоо тогтмол буурч эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасч байна. Эхний хоёр тун вакцины үр дүн дээрээ тулгуурлаад, вакцины үйлчлэл тодорхой хэмжээнд багасаж байгаа учраас бүүстер тунг хийлгэх нь туйлын чухал. Ингэж байж бид нарын хувьд үе шаттай нээж байгаа эдийн засгаа цаашид илүү үе шаттай нээж чадна.
Мөн шат дараалж дэглэмийн үе шатыг бууруулж байгаа. Энэ дэглэм буурч "Шар" түвшин рүү орж чадвал бидний дунд маргаантай байдаг "Дабльстандарт" гээд яригдаад байгаа зүйл яригдахгүй. Зарим байгууллагын үйл ажиллагааг нээж, зарим зүйлийг нээж болохгүй гэж байгаа учраас л энэ зүйл үүсээд байгаа. Тиймээс энэ асуудал дээр бүүстер тунгийн асуудал чухал байна.
Харамсалтай нь энэ тал дээр манай залуучууд их идэвхгүй хамрагдаж байна. Нийт иргэддээ дахиж хандаж хэлэхэд бүүстер тун буюу энэ гурав дах тунгийн асуудалд бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш энэ өөрөө эдийн засгийн, нийгмийн харилцааны туйлын чухал зүйл. Дэлхий дээр вакцинаас өөр бодож олсон зүйл хараахан алга. Тиймээс вакцины гурав дах тундаа идэвхтэй хамрагдаж хөл хориогүйгээр цаашдаа энгийн амьдрал руу алхам алхмаар орох, эдийн засгаа алхам алхмаар нээх ийм нөхцөл байдлыг үүсгэхийн төлөө бүх нийтээрээ хичээе гэж уриалж байна.
АНУ болон бусад улс бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байна. Бидний хувьд энэ асуудалд маш нягт хандах ёстой. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын суурин төлөөллөгч болон АНУ-ын элчин сайдтай уулзсан. Хүүхдийн вакцины асуудал дээр бид саналаа тавьчихаад байж байгаа. Гэхдээ энэ тал дээр ДЭМБ-ын саналыг үндэслэж хийнэ гэсэн бодолтой байгаа. Бүүстер тунгийн хувьд бид зорилтод бүлгийн 50 хувьд хүрч байж халдварын давалгаа дахин үүсэхгүй байх магадлалтай гэж үзэж байгаа. Тийм учраас гурав дах тун их чухал байна гэж ойлгож болно. Дөрөв дэхь тунгийн талаар судалгаанууд хийгдэж байгаа. Ер нь бид нэг зүйлтэй эвлэрэх хэрэгтэй болж байна. Цар тахал бид нартай цаашид их урт хугацаанд байх нь тодорхой байна гэж ДЭМБ хэлж байна.
Тийм учраас цаашдаа бид нэг жилд нэг удаа вакцин хийлгэдэг, мөн эм бэлдмэл сайн гарвал бид эм бэлдмэлээ уугаад амь насанд аюултай биш өөрийгөө хамгаалж чаддаг ийм л онцлогтой амьдралын хэв маяг руу бид орох нь байна. Тиймээс өнөөдрийн байдлаар бол вакцин хамгийн чухал байна. Дэлхий дээр болон Азийн бүс нутагт вакцинжуулалтын дундаж хурд удаан байгаа одоо хүртэл.
Нэгэнт бид вакцинжуулалтаар тодорхой хэмжээнд урд нь явж байгаа учир тодорхой хэмжээнд эдийн засгаа эхэлж нээх боломж гэж үзэж байгаа. Монгол Улсад халдварийн тоо буурах тусам хил хязгаар нээгдэнэ. Халдварийн тоо буурах тусам инфляцтай холбоотой саад бэрхшээл арилна. Монгол Улсад халдварийн тоо буурах тусам аялал жуулчлал нэмэгдэж илүү эдийн засаг нээгдэх боломжтой.
Халдварын тоо буурах тусам дэглэм буурна гэдэг маань энгийн амьдрал руугаа орж иргэд, аж ахуйн нэгжүүдэд тустай байх нөхцөл байдал руу орно гэсэн үг. Тиймээс хамтдаа чаддаг бүх зүйлээ хийж цаашдаа цар тахлыг сөрж алхам алхмаар энгийн амьдралдаа орох нь туйлын чухал байгаа. Тиймээс манай оюутнуудын идэвх туйлын чухал байна" гэлээ.
А.Сүх