Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн сангийн Хадгаламжийн дансанд хадгалдаг. Энэ мөнгө өнөөдрийн байдлаар 350 тэрбум төгрөг байгаа. Харин эмийн сан, хувийн эмнэлгүүдэд хийх гүйлгээг арилжааны банкаар хийдэг. Энэ гүйлгээг хийдэг найман данс Эрүүл мэндийн даатгалын санд байдаг. Тодруулбал, ХААН, Төрийн банк, Голомт, Худалдаа хөгжлийн банк, ХАС, Чингис хаан, Үндсэний хөрөнгө оруулалтын банкинд ЭМДС данс нээжээ.
Эдгээрээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 24.5 тэрбум, Чингис хаан банкинд 30.6 тэрбум буюу энэ хоёр банкинд нийтдээ ЭМДС-гийн 55.1 тэрбум төгрөг байгаа юм байна. Гэсэн ч энэ хоёр банк өнгөрсөн оноос хойш тус сангийн төлбөрийн хүсэлтийг биелүүлэхгүй байгаа учир ЭМДС шүүхэд хандсан байна.
ЭМДС өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Чингис хаан банкийг өгч, 27.8 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүхээс ЭМДС-гийн нэхэмжлэхийг хангуулахаар шийдвэр гарсан боловч, Чингис хаан банк давж заалдсан учир дараагийн шатны шүүх хурлыг хүлээж байгаа юм байна.
Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд ЭМДС мөн л Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 25.4 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гарган Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгсөн байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл графикийн дагуу төлөхөөр эвлэрэх санал гаргасан юм байна. ЭМДС-гийн шийдвэр гаргах дээд шатны байгууллага болох ЭМЯ, Монголбанк зэрэг нь ҮХОБ-нд байршуулсан даатгалын хөрөнгийг яаралтай, хурдан хугацаанд төлүүлэх чиглэл өгсөн учраас ЭМДС анхан шатны шүүхийн гаргасан эвлэрэх саналыг хүлээж аваагүй юм байна. ЭМДС-гийн дэд дарга Г.Гийхнарангийн хэвлэлд өгсөн ярилцлагаас эш татахад, “Монголбанк банкуудын талаарх мэдээллээ нээлттэй өгч байгаад 2019 оноос хойш төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үнэлгээгээ нээлттэй байршуулахаа больсон. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх талаар Монголбанк мэдээлэл өгөөгүй” ажээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)