УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж, УИХ-ын дарга Г.Занданшатар боловсролын салбарыханд хандаж, баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
-УИХ-ын эрхэм гишүүд ээ, нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн багш нараа, Монгол Улсын нийт ард иргэд ээ. Монгол Улсад орчин цагийн боловсролын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээс Монголынхоо үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд, Монголынхоо нийт ард түмэнд түүхэн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвгүүлье. Эрдмийн гэгээ мөнхөд мандахыг өргөн дэвшүүлье. 20, 21 дүгээр зууны шинэ Монголын бахархам ололтын нэг бол орчин цагийн боловсрол, гэгээрлийн салбар үүсэж хөгжиж, монголчууд дэлхий дахинтай шинэ эрх тэгш харьцах болсон түүхэн үйл явдал юм. Чухамдаа өнгөрсөн зуунд монгол түмэн шинэ цагийн эрдэм боловсрол эзэмшиж, соёлжиж гэгээрсэн. 20 дугаар зууны эхэнд гэхэд манай хүн амын дөнгөж 1 хувь нь уншиж, бичиж байсан гэсэн судалгаа түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Хэдийгээр монголчууд эрдэм боловсролыг дээдлэдэг, өөрийн гэсэн түүх соёлтой, цэцэд мэргэдтэй байсан ч сурах сургууль, орчин цагийн боловсролын нэгдсэн тогтолцоо тэр үед байхгүй байсан. Гэсэн ч Монгол Улс 1970 он гэхэд бүх хүн бичиг үсэг мэддэг анхны азийн орон болж, Юнескогийн батламж гардан авсан түүхтэй. Орчин үеийн боловсрол, соёл шинжлэх ухааны ололт амжилтыг монголчууд харьцангуй богино хугацаанд эзэмшсэн. Монголын тал нутагт эрдэм номын үр шим асар хурдтай дэлгэрсэн. Улмаар бид үйлдвэр, уурхай байгуулж, хот суурин сүндэрлүүлж, соёл урлаг, спортоор Монголоо мандуулж, иргэнээ сансарт нисгэж, их бүтээн байгуулалтаар шинэ монголыг цогцлоосон.
Иймээс орчин цагийн боловсролыг эзэмшиж эрдмийн шимээр эх орноо мандуулсан нэгэн зууны түүхээ бид сэргэн мандалтын зуун гэж хэлэх бүрэн үндэслэлтэй. Одоогийн байдлаар 1500 хүүхдийн цэцэрлэгт 232 мянган багачууд хүмүүжиж, 850 гаруй ерөнхий боловсролын сургуульд 720 мянган орчим хүүхэд суралцаж, 88 их дээд сургууль, колежид 150 мянган оюутан залуус эрдэм номд шамдаж байна. Сургалтын эдгээр байгууллагад 70 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгч ажилладаг. Өдгөө бид шинэ зууны технологийн дөрөвдүгээр хувьсгалын үеийн сургалтын арга зүйг монголынхоо онцлогт тохируулан нэвтрүүлж, дижитал боловсрол, шинэ эдийн засгийн мэдлэг эзэмших эрин үед амьдарч байна.
Цахим технологийн ололтыг эзэмшиж боловсролын салбартаа шинэчлэл хийх, шинээр сэтгэх замаар орчин үеийн дэлхий дахинтай өрсөлдөх шинэ боловсролыг хүүхэд багачууддаа хүртээх шаардлага бий боллоо. Шинэ монгол, шинэ ирээдүйн төлөө төр засагтайгаа УИХ-тай хамтран зүтгэхийг уриалая. Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчид боловсролын салбарын зүтгэлтнүүдэд хүүхэд залуус, иргэддээ бие оюун, сэтгэлийн эрдмийг бат шингээж, түүгээрээ дамжуулан тэднийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх эрхэм үйлсэд тань амжилтыг дээдийг хүсэн ерөөе. Монгол эх оронд минь эрдэм ухааны үр шим өнө мөнхөд дэлгэрэх болтугай. Эрдмийн цахиур хагалахад хөгжлийн гал бадармой.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)