Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван хоёр хөршөөс ШХАБ-т элсэхийг санал болгосон талаар өмнө нь ярьж байсан. Тэгвэл уг байгууллагад элсэх талаар улс төрийн түвшинд дахин яригдаад эхэллээ. ШХАБ-д элссэнээр манай улсад эдийн засаг болон гадаад харилцаанд ямар эрсдэл бий болж болзошгүй талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай 2020 оны арваннэгдүгээр сарын 5-нд ярилцаж байсныг дахин хүргэе.
-Гадаад харилцааны сайд хэд хоногийн өмнө хийсэн мэдээллийнхээ үеэр хоёр хөрш ШХАБ-т элсэх санал тавьсан талаар онцолсон. Хоёр хөршөөс ШХАБ-т нэгдэхийг шахамдуулж байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-ШХАБ бол дэлхийн том байгууллагуудын нэг мөн. Хамтын ажиллагааны хүрээг харахад дэлхийн хүн ам, эдийн засаг, цэрэг, улстөрийн томоохон хүчин, бүлэглэл гэж хэлж болно. Тэгэх тусмаа бидний хувьд ШХАБ-т алсыг харж байж элсэх эсэхээ шийдэх нь чухлыг илэрхийлж байна би хувьдаа үзэж байгаа. Учир нь энэ нь Монгол Улсын алс ирээдүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг гээд бүх талын үйл ажиллагаанд холбоотой асуудал. Учир нь өнөөдөр дэлхий геополитикийн хувьд эргэлзээтэй байдалд байна. 1990-ээд онд социалист систем задран унасанаас хойш дэлхийн эдийн засаг, улстөрийн гол тоглогч нь АНУ байсан.
Энэ нэг тулгуурт нөхцөл байдал цааш хэвээр үргэлжлэхгүй гэдэг нь бараг тодорхой болчихлоо. Үүний нөгөө талд алдсан гоеполитикийн нөлөөллөө сэргээх сонирхолтой ОХУ, сүүлийн жилүүдэд эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болсон БНХАУ зогсож байна.
Манай хоёр хөршийн хувьд олон улсын тавцанд өөр өөрийн сонирхолтой нь тодорхой.
Социалист систем задран унасанаар ЗХУ олон улсын тавцанд нөлөөллөө алдсан ч цэргийн хүчирхэг гүрэн хэвээр үлдсэн. ОХУ-ын хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахын зэрэгцээ дэлхийн тавцан дахь өөрийн нөлөөллийг эргүүлэн сэргээхийг хичээж байна. БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлт сайжирсан, дэлхийн голлох цэрэг, эдийн засгийн гүрэн болсон, түүнийгээ улам бэхжүүлэхийг хичээж байгаа. Үүнд суурилаад манай хоёр хөрш улс төр, цэрэг, эдийн засгийн томоохон хүчийг өөртөө бий болгож түүнийгээ өргөжүүлэхийг хичээж байгаа нь дэлхийг шинэ хуваагдал, геополитикийн шинэ тэнцвэр рүү бий болох нөхцөл байдлыг үүсгэж байна гэж харж болохоор байгаа юм.
Иймээс Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд геополитикийн томоохон тоглогчдын тоглолт цаашид хэрхэн үргэлжлэх, үр дагавар нь юу байхыг харж байж бид үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ Монгол Улсын язгуур эрх ашигт үндэслэн шийдвэрлэх нь чухал.
Хоёр хөршийн хувьд геополитикийн хоёр том тоглогч учраас бүс нутаг, дэлхийн тавцанд өөрсдийн нөлөөллийг бий болгох гэж хичээж байгаа нь зүйн хэрэг. Тэр ч үүднээс олон улс орныг нэгтгэх санаа зорилго агуулж байгааг буруутгах аргагүй. Их гүрнүүдийн ашиг сонирхол ийм л байдаг. Цаашид ч ийм байсаар байна.
-ШХАБ-ыг эсэргүүцдэг олон хүн бий. Хэрэв энэ байгууллагад нэгдлээ гэхэд эдийн засгийн хувьд яг ямар үр дагавар, болгоомжлол бий болох бол?
-Дээр дурдсанчлан 1990-ээд оны эхээр социалист систем задран унасантай холбогдуулан ОХУ-ын дэлхийн тавцан дахь байр суурь алдагдаж, эдийн засаг нь доройтсон. Гэсэн ч цэргийн асар том хүчирхэг гүрэн хэвээр байсан учраас эдийн засгаа сэргээх, дэлхийн хэмжээний тоглогч болохын тулд тодорхой эрсдэл гаргаж БРИКС-ыг бий болгосон юм. Энэ нь ОХУ-н хувьд социалист системийн үеийн ЭЗХТЗөвлөлийг орлох зорилготой бол ШХАБ нь бүс нутаг, цаашилбал дэлхийд улс төрийн нөлөөллөө нэмэгдүүлэх боломжийг бий болгох тулгуур нь юм. Манай улсын хувьд уг байгууллагад элсвэл өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад бодлогоо эргэн харах шаардлагатай болно.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад бодлогынхоо тулгуур зарчимд хоёр хөрштэйгөө эвтэй найртай хамтын ажиллагаатай байх нь нэн тэргүүний зорилго гэдгээ тусгаж өгөхөөс гадна дэлхийн улс орнуудтай тэгш харилцах ёстой гэж заасан. ШХАБ-т элссэнээр олон тулгуурт гадаад бодлого, ҮАБ-ын үзэл санаа зэргийг эргэж харах шаардлага гарна.
Нэг талаар бусад орны интеграцид нэгдэн орж эдийн засгаа хөгжүүлэх боломж байгаа гэж харж байгаа нь буруутгах аргагүй мэт боловч ШХАБ-н анхны үндсэн зорилго, одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд эдийн засгийн томоохон төслүүд тэр бүр байдаггүй нь харагдаж байгаа.
Мөн эдийн засгийн ашиг хонжоо хайж ШХАБ-т элсэх нь маш гэнэн хэрэг болно гэж би хувьдаа үзэж байгаа. Тодруулбал ШХАБ-т элсэх гол шалгуур нь дээр дурдсан Монгол Улсын урт хугацааны язгаар эрх ашиг байх ёстой. Энэ нь богино дунд хугацааны эдийн засгийн ашиг хонжооноос дэндүү том зүйл.
Нөгөөтээгүүр, дэлхийн бусад улс оронтой харилцах, хамтын ажиллагаанд сул тал бий болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийд өрсөлдөж байгаа хоёр талын нэгд нь илүү их хамааралтай болно гэж ойлгож байна. Бид үүнийг одоо хөнгөн хуумгай шийдэх нь дэлхийн геополитикийн чиг хандлага хэрхэх нь тодорхойгүй байгаа үед засаж болохгүй алдаанд хүргэж болзошгүй. Угтаа бол бид ирээдүй хойчдоо гадаад бодлогынх нь орон зай, сонголтыг үлдээх ёстой. Үүний тулд Монгол Улсын хувьд олон тулгуурт гадаад харилцаа, төвийг сахих зэрэг одоо хэрэгжүүлж байгаа бодлого илүү зохимжтой байх. Учир нь бид хөгжиж байгаа, цөөн хүн амтай, буурай улс шүү дээ. Ийм улсын хувьд өөрийгөө урт удаан хугацаанд тусгаар, бие даасан, өөрийн гэсэн онцлогтой Монгол Улсыг авч үлдэх нь геополитикийн гол зорилго байх ёстой.
-Тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалах нь манай улсын геополитикийн гол зорилго байх ёстой-
-Геополитик, гадаад бодлого гэж их ярилаа. ШХАБ-т элсвэл манай улсын хувьд гадаад бодлого нь хязгаарлагдмал, магадгүй хараат болохыг үгүйсгэхгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа. Мөн АНУ хийгээд Европын холбооны улсуудаас тодорхой шахалтууд ирэх байх?
-Олон тулгуурт гадаад бодлого, гуравдагч хөрш гэж ярьж байгаа энэ үед тодорхой хэмжээний хязгаарлалт үүснэ гэж харж байгаа. Энэ талаар манай улсын гадаад бодлогын талын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх нь зөв байх.
Ер нь дэлхий нийтийн томоохон өрсөлдөөн, хуваагдлын нэг талд нь багтах юм байна. Ингэснээр нөгөө талаас биднийг харах харц өөрчлөгдөж, хязгаарлагдана гэсэн болгоомжлол байна. Гэхдээ заавал ШХАБ-т элсэх ёстой гэхээс илүү хоёр хөрштэйгөө тэртэй тэргүй урт хугацааны найрсаг хамтын ажиллагаатай шүү дээ. Хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд харилцаж байгаа. Энэ бүгд нь хоёр хөрштэйгөө харилцах харилцааны дээд шат учраас хангалттай гэж үзэж байна. Энэ түвшиндээ үргэлжлүүлэн харилцаад явахад болохгүй зүйл байхгүй.
-ШХАБ-д нэгдсэн улсуудын хувьд эдийн засаг, гадаад бодлогод нь ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Геополитикийн гэх тодотголтой ярьж байгаа учраас энэ нөхцөл байдлаар нь харвал ШХАБ одоо ч хүчирхэг, ирээдүйд ч хүчирхэг байх нь тодорхой. Энэ байгууллагад дэлхийн хүн ам, эдийн засгийн хүчин чадлын дийлэнх нь хамрагдаж байна. Дээр нь эрчтэй хөгжиж байгаа гол орнууд энэ байгууллагад байдаг. Тухайлбал, Энэтхэг, Хятад, Орос улсууд байгаа нь энэ байгууллагын хүчин чадлыг илэрхийлж байгаа хэрэг.
Мэдээж тодорхой хугацааны дараа БНХАУ дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэдэг нь тодорхой. Энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал юм. Түүнчлэн Өмнөд, хойд хөрш цэргийн хүчээр дэлхийд эхний гуравт багтдаг ийм л том байгууллага. Эдийн засгийн хөгжлийн хувьд БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг томоохон улсууд өөрийнхөө эдийн засгийг улам бэхжүүлэх, бүс нутгийн нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд ялангуяа Хятад улс далай болон их газрын чиглэлээр өөрийнхөө нөлөөллийг нэмэгдүүлэхийг хичээж байгаагаас харвал эдийн засгийн дам нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ШХАБ тэр улсад ийм эдийн засгийн дэмжлэг үзүүлээд хөгжсөн гэсэн томоохон зүйл миний мэдэхээр одоогоор байхгүй. Үүнээс гадна тухайн улс орнуудын хувьд цэрэг, улстөр, эдийн засгийн шийдвэр гаргалтууд нь зөвшилцлийн түвшинд байдаг. Тодорхой улс орон эсэргүүцвэл шийдвэр гаргадаггүй зарчмаар хурал нь явагддаггүй гэж ойлгосон. Сая ШХАБ-ын яриа хэлэлцээрийн түнш гэсэн тодотгол бүхий хоёр улсын хооронд үл ойлголцол, дайн байдлааны нөхцөл байдал үүссэн шүү дээ. Үүнд ШХАБ ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг харах нь чухал.
-Ямар зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-ШХАБ-ын зорилго нь бүс нутгийн аюулгүй байдал, хил хоорондын маргаан, салан тусгаарлах үзэл, терроризмын эсрэг байгуулагдсан эвсэл гэж ойлгодог. Гэвч сүүлдээ үйл ажиллагаа нь өргөжиж, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй яригдаж байгаа нь үнэн.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)