УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд мөнгөн дэвсгэртийг томруулах боломжийн талаар судлахыг үүрэг болгосон. Энэ дагуу Монголбанкнаас 50 мянга болон 100 мянгатын дэвсгэр гаргахад улсын эдийн засагт хор хөнөөлгүй бөгөөд гаргах боломжтой хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл эдийн засагчдаас улсын мөнгөн дэвсгэртийг томруулбал мөнгөний ханш үнэгүйдээд зогсохгүй эдийн засагт томоохон хүндрэлүүд авчирна. Манай улс мөнгөн дэвсгэртээ томруулах нөхцөл байдалд хүрээгүй хэмээж буй.
Мөн энэ талаар эдийн засагч Д.Ангар өөрийнхөө байр суурийг цахим сүлжээнд илэрхийлжээ. Тэрбээр "50,000 болон 100,000 төгрөгийн шинэ дэвсгэрт гаргах ямар ч шаардлагагүй. Иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо гүйцэтгэхээ бараг больсон шүү дээ. Дансаар шилжүүлэх, АТМ, мобайлаар гээд дийлэнх тохиолдолд бэлэн бусаар төлбөр тооцоо гүйцэтгэж байга. Харин авлига, хээл хахууль л бэлэн мөнгөөр явж байгаа байх.
50,000 болон 100,000 төгрөгийн шинэ дэвсгэрт нь зөвхөн авлигад л ач холбогдолтой. Өөр ач холбогдол үнэхээр байхгүй шүү.
Эдийн засаг хүнд байна, аж ахуйн нэгжүүд дампуурч байна, ажилгүйдэл нэмэгдэж байна. Асуудал цаашид улам хүндрэх төлөвтэй байна. Өмнө нь шийдэх зөндөө ажил байхад Монголбанк маань ийм өчүүхэн асуудалд улайран дайрч байгааг үнэхээр ойлгохгүй юм" гэлээ.
Сэтгэгдэл (2)