УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судлахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд даалгаж байсан. Уг асуудал хэсэг яригдаад намжсан ч дахин сэвэгдэж эхэллээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч 50, 100 мянган дэвсгэр гаргахад манай улсад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэвч том мөнгөн дэвсгэртээр асуудлыг шийднэ гэж үзэж байгаа нь эдийн засагт улам хор хохиролтой гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Ингээд уг асуудлаар Эдийн засагч Д.Амгалангаас авч байсан байр суурийг дахин хүргэе.
-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн мягмар гарагт том дэвгэртэй мөнгө хэвлэн гаргах талаар судлахыг Монголбанкинд үүрэг болгосон. Манай улсад том мөнгөн дэвсгэрт хэвлэх шаардлага үүссэн юм уу?
-Иргэдийн дундаж цалингийн хэмжээ бага, инфляци өндөр байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа импортын бараа хил гаалийн асуудлаас үүдэн гацаж, үүнээс үүдэлтэй тээврийн зардлын хөлс өсөх, хомсдол бий болж, шатахууны суурь үнэ өссөн эдийн засаг эмзэг байгаа энэ үед том мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг эдийн засагт улам их хортой.
-Ер нь ямар үед гаргадаг юм бэ?
-Том мөнгөн дэвсгэртийг манай улсын хувьд төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Манайд эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд ийм байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр засаг эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа байж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ шүү дээ.
-Хэрэв мөнгөн дэвсгэртээ томруулбал төгрөг үнэгүйдэж, иргэд худалдан авах чадваргүй болно гэж зарим эдийн засагчид хэлсэн байна лээ?
-Төр засгаас явуулж байгаа бодлого шийдвэр өөрөө алдаатай, эдийн засгийн бус замаар явж ирсний дүнд төгрөг үнэгүйдэх хэлбэр рүү шилждэг. Улмаар иргэдэд төгрөг үнэгүйдэх нь гэдэг бодол төрж, төгрөгт итгэх итгэл буурснаар ам.доллар руу шилжүүлэх байдал бий болох эрсдэлтэй. Дээр нь жижиглэнгийн үнэ хойшид бүхэлчлэх хэлбэр рүү шилждэг юм. Хамгийн гол нь өнөөдөр ямар цаг үе билээ гэдгээ бодох ёстой. Хэт уламжлалт, бурангүй бодлогыг сонгож болохгүй.
Өнөөдөр дэлхийн улсууд бэлэн бус тооцоо, дижитал хэлбэр рүү шилжих хөдөлгөөнд орж байна. Гэтэл бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярьж байгаа нь асар их санхүүгийн мэдлэг чадвар сул, хоцрогдолтой байгаагийн илрэл. Ялангуяа хууль тогтоох байгууллагын дарга нь ийм зүйл яриад сууж байна гэдэг харамсалтай л байна.
-Дэлхийн хөгжингүй улсууд ирэх он гэхэд бэлэн бус мөнгөний тогтолцоонд шилжих тухай ярьж байна. Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх зэрэг санхүүгийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гол зүйл нь бэлэн бус мөнгөний тогтолцоо гэж ойлгож болох уу?
-Тийм. Ер нь бэлэн мөнгөний харилцааг том зургаар дэлхийн хандлагатай харьцуулж яривал санхүүгийн гэмт хэрэгт үзүүлэх гэмт хэргийг ихэсгэж байгаа юм. Тухайлбал, хээл хахууль, татварас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх, терроризмыг санхүүжүүлэх зэрэг хууль бус мөнгөний гүйлгээ зэрэг энэ талын сөрөг үр дагаврыг улам нэмэгдүүлнэ гэсэн үг. Дэлхийн улс орнуудын Засгийн газар бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна.
Тухайлбал, Канад улс 2022 он гэхэд 100 хувь бэлэн мөнгөгүй технологийг нэвтрүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Мөн Швед, Япон, АНУ зэрэг дэлхийн хөгжингүй улсууд цаг үеийн нөхцөл байдалд тохирсон бэлэн бус мөнгөний хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртээ томруулах талаар яриад сууж байгаа нь учир дутагдалтай юм.
-Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй учраас эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй гэдгийг тооцоолж байгаа байх?
-Сая Монголбанк бодлого гаргаж, мөн ам.долларын хадгаламжийн хүүг зогсоож байгаад арга хэмжээ авсан шүү дээ. Энэ нь долоодугаар сараас эхлэн хэвэндээ орсон. Хэрэв мөнгөн дэвсгэртээ томруулах шийдвэр гаргавал тэр ажлаа үгүй хийж байна гэсэн үг. Тэгэхээр буцаад л төгрөгийн ханш нь доллар руу шилжинэ. Энэ хэмжээгээр төгрөг улам үнэгүйднэ. Тиймээс арай ч ийм шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна.
-Өмнө нь 20 мянган төгрөгийн дэвсгэрт хэвлэх үед эдийн засагт хэрхэн нөлөөлж байсан бэ?
-Тэр үеэс эхлээд л төгрөг үнэгүйдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулаад байна гэдэг эдийн засаг буруу тийш явж байгаа нэг хэлбэр. Өнөөдөр АНУ-д 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийн өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байгаа үед ийм алхам хийнэ гэдэг буруу.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)