УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ч.Өнөрболор, Х.Булгантуяа, П.Анужин нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл Үндэсний аюулгүй байдал хийгээд Монгол Улсын хүн амын удмын санд ноцтой аюул учруулж болзошгүй талаар иргэд шүүмжилж хуулийн төслийг эгүүлэн татахыг шаардаж байна. Мөн зарим гишүүдийн зүгээс ч уг хуулийн төсөл батлагдвал олон сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй хэмээн үзсэн юм. Ингээд олны анхаарал татаад буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөрөнгө оруулалтын босго өндөр байгаа учраас хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна гэж гишүүд хуулийн төсөл боловсруулж орж ирсэн юм билээ. УИХ дээр цөөн саналын илүүгээр дэмжигдсэн. Миний хувьд хөрөнгө оруулах гэж байгаа хүн 100 мянган ам.доллараас доошгүй мөнгөөр хөрөнгө оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хаалттай хэлэлцэх ёстой байсан. Учир нь хөрш орны харилцаа гадаад бодлогод нөлөөлдөг учраас хаалттай явуулах ёстой гэсэн горимын санал гаргасан ч гишүүд дэмжээгүй. Визтэй холбоотой асуудлыг ганц зоосны нүхээр харж болохгүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Цэнхэр паспортны ч бил үү нэр бүхий гишүүдийн санаачилсантай адил хуулийн төслийг хэдэн жилийн өмнө чуулганаар зүтгүүлж байгаад унаж байсан юм. Тиймээс анхаарч үзээч ээ гэж хэлсэн.
Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
Түүнээс биш оршин суух визтэй холбоотой асуудлыг оруулж ирж болохгүй гэж хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хувьд хууль эрх зүйн орчин нь дутуу байна гэхээс илүү авлигаа болих хэрэгтэй.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)