БАРИМТ 1
Есдүгээр сарын 10-нд саунд жингээ хасаад байж байтал хөөх шийдвэр гарсан байсан. Хөөгдөх мэдрэмж муухай байсан. Хоёр хоногийн дараа сорил тэмцээн болох байсан. “Чамайг ингээд хөөхөөр шийдвэр гарсан” гээд л хэлэхэд нь би энд яах гэж жингээ хасаж байгаа билээ гээд үнэхээр тэнэг санагдсан. Тэгээд шууд гэр рүүгээ харьсан.
БАРИМТ 2
Тухайн үед хаахан уур хүрсэн. Маргааш нь хэвлэлийн бага хурал хийхийг нь үзэхэд яг нүдэн дээр хүмүүс өөр болчихож байна лээ. Амжилт гаргаад ирэхээр ахын дүү, ахын дүү гээд тэвэрдэг атлаа жаахан буруу юм хийхэд шууд газартай нь дэвсдэг юм байна. Миний алдаа. Өөрийн болчимгүй явдлаас болж, буруу хүмүүстэй нийлсэн. Хамгийн гол нь архи уусан. Сахилга бат алдсанаас болоод намайг хөөсөн гэж бодож байгаа. Би гомдохгүй байна. Хөөсөн нь бол тэд нарын хувьд зөв шийдвэр.
БАРИМТ 3
Миний хувьд бол сүүлийн дэлхийн аварга байсан юм. Сая би олимпод орж Монголын ард түмнийг баярлуулж чадаагүй. Энэ дэлхийн аваргаар баярлуулахыг маш их хүссэн. Тэгээд л бэлтгэлээ хийж байсан. Би 60 кг-д дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Сая 57 кг-д жин их хассан. Ерөнхийдөө ядарсан. Дасгалжуулагч Төрбат багш “Зүүмээр хуралдах гэж байна. Чиний талаар ярилцана” гэж хэлсэн. Арай ч хөөчихгүй байлгүй дээ гэсэн тэгээд л хөөчхөж байна билээ. 19 хүн удирдах зөвлөлд байдаг гэсэн. Тэр 19 хүн нь хуралдаад 100 хувийн саналаар хөөсөн. Нэгэн нь ч намайг өмөөрч үг хэлээгүй гэсэн. 100 хувийн саналаар би хөөгдчих шиг байна билээ.
БАРИМТ 4
Надтай хамт олимпод явсан багийн ахлагч Чинзориг ах тэр хурал дээр “Э.Цэндбаатарын толгойг дандаа илсээр ирсэн” гэж хэлсэн гэсэн. Би уг нь ахаа гээд хүндэлдэг байсан. Миний нүд рүү харж гоё ярьчихаад, цаагуураа ингэж ярьсныг нь сонсоод эвгүй л санагдсан. Тэгээд истаграмаар би, өө ахаа баярлалаа гэж хэлээд л блоклосон. Харьцаад байх шаардлага байхгүй.
БАРИМТ 5
Би боксдоо хайртай учраас хэнийг ч үзэн ядахгүй. Надад харамсаад байх зүйл ч алга. Би зөвхөн урагшаагаа л харна. Хэн намайг юу гэж бодох, надад ямар ч хамаагүй. Надад хайртай хүмүүс минь байна. Гэр бүл минь байна. Бүх хүн байна. Юунд харамсах юм. Гэр бүлийнхэн миний хүү зүгээр чадна л гэж байна билээ. Би одоо урагшаагаа л харна. Мэргэжлийн бокс гэж сайхан юм байна шүү дээ.
БАРИМТ 6
Манай боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон. Тухайн өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ерөнхийлөгчөөр сонгогдоод, Мөнхбаяр ерөнхийлөгч буугаад, би анх удаа тийм хуралд сууж үзсэн л дээ. Х.Нямбаатар сайд бид нарыг хоол идүүлсэн. Тэгэхэд бол янз бүрийн уулт болоогүй. Тэгээд бүгд тарцгаасан.
БАРИМТ 7
Харин боксын холбооны удирдах зөвлөлд байсан Чинзориг ах, Отгондалай ах, Сэрдамба ах, тэд нарын найзууд байсан баяраа тэмдэглэсэн. Өөр газар суусан л даа. Нью Йорк гээд газар орсон. Тэгээд тэндээ вино, виски энэ тэр уусан. Дүү нар бага уугаарай гээд Чинзориг ах бид хоёр вино уусан. Би ах нараа хүндлээд вискинээс хоёр л татсан. Цаашаа бол бүгд назгайрсан. Тэгээд ерөнхийдөө тарах болоод тэгээд гаднаас Мөнхчулуун гээд ах, том Идэрбат ах нар ороод ирсэн. Тэгээд бид нар гар бариад тоглоом шоглоом хийгээд. Тэгээд би Идэрбат ахтай текний тэнд нэлээн их юм ярьсан. Тэгэхэд +91 кг жинд тоглодог байсан Мөнхчулуун ах цаана орилоод л, хүн амьтан алгадаж бариад байсан. Агсан тавиад байгааг нь би бол анзаараагүй. Ерөнхийдөө өшиглөж мөшиглөөд байсан юм. Оки ах болиочээ гээд намайг хэлэхэд, зүгээр ирээд унагаачихаж байгаа юм. Тэгээд би цохиод унагаахад нь бүр гайхаад. Та нар чинь яагаад байгаа юм бэ. За за би явлаа гээд гарсан. Тэгсэн араас +91 кг жинд тоглодог байсан Идэрбат ах бариад авсан. Тэгээд Идэрээ ахтай нэлээн их зууралдсан байхгүй юу. Бүр уур хүрээд болдоггүй. Тэгээд “За за би явлаа явлаа. Та нар бол новшийн юм байна” гээд жоохон хараал хэлсэн. Чи ах нарыгаа хараалаа гээд намайг зуурчхаад тавьдаггүй. Тэгээд миний уур хүрээд. За зүгээр байгаарай. Би муу үгүй гавьяат шүү гэсэн чинь чам шиг гавьяат байдаг юм уу гээд, миний гавьяатын тэмдгийг нүдэн дээр барьж байгаад хоёр тийшээ хуваачихсан. Үүнээс л бүх зүйл эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд нэлээн зодолдсон.
БАРИМТ 8
Идэрбат ахтай зодолдоод би доор нь ороод, тэр үед хэн ч намайг салгаагүй. Би зодуулсаар л байсан. Ах нар нэг нэгээрээ намайг цохиод л байсан. Мөнхчулуун ах хажуу талаас цохиод, Идэрээ ах зодоод л би хоёр гурван удаа ухаан алдсан байсан. Тэгээд хамгийн сүүлд цохиулахдаа нэг минут 30 секунд ухаан алдаж унасан байна лээ. Тухайн үед би лайв хийе гэж бодоогүй. Тэгэхдээ үнэхээр их гомдсоон. Цус гарчихсан. Нээх сүртэй биш санагдсан л даа надад. Хэн ч намайг өмөөрөөгүй, хэн ч намайг салгаагүй.
БАРИМТ 9
Би тэд нартай л уух ёсгүй байсан. Үүнд л өөрийгөө маш ихээр буруутгаж байгаа. ДАШТ болох гэж байхад ах нартай уудаг нь л миний буруу. Би өөртөө маш их харамсаж байна. Гол нь намайг зодож байхад яагаад салгаагүй юм болоо гэдэгт уур хүрсэн.
БАРИМТ 10
Би яг тэр лайвыг хийхийн өмнө “хууль гэж байдаг шүү, би бол та хоёртой цагдаа гэж ярихгүй” гэтэл өөдөөс цагдаагаа дууд л даа, хуулийн чинь дээр бид хоёр байдаг юм” гээд ус асгасан. Тэгээд л нэг нэгээрээ ирж алгадах юм. Өө ямар эвгүй юм бэ хоёр ах гэж хэлээд би цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байх хугацаанд дахиад л алгадаж байсан.
БАРИМТ 11
Хэн ч өмөөрөхгүй байхаар нь өөр рүүгээ харуулж байгаад 10 секундын лайв хийсэн. Би бүх юм аа санаж байгаа шүү дээ. Би Э.Цэндбаатар байна. Энэ хоёр намайг зодсон хоёр ах байна гэж хийнгүүтээ, би бодсон л доо. За лайваар ч яах вэ дээ. Угаасаа 2-3хан хүн үзэж байсан. Тэгээд л би устгачихсан. Хүн яаж татсан юм бүү мэд. Тэгээд нөгөө хоёр ахыг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Тэгээд би гэртээ харьсан. За за нээх сүртэй юм болоогүй байлгүй дээ гээд л унтаад сэрсэн. Маргааш нь аймар сонин сонин мэдээлэл цацагдсан байсан. Би шууд л үгүйсгэсэн. Хэзээний юм гаргаж ирээд байгаа юм ДАШТ болох гэж байхад гээд л. Би ч гомдоогүй л дээ хоёр ахад.
БАРИМТ 12
Би нэг юманд л аймар уур хүрсэн. Энэ гавьяатын тэмдгийг би 10 жил хөдөлмөрлөсний үр дүнд Монголын ард түмэн намайг шагнасан гэж ойлгодог. Гэтэл голоор нь таслаад хаянгуут нь уур хүрсэн. Надад гавьяатын тэмдэг хүнддээд байгаа юм байлгүй дээ. Би Идэрээ ахыг нэг л цохисон. Миний цохих няслах төдий байлгүй дээ. Хамгийн гол нь нэг нь зодож болно шүү дээ. Ингээд л цохингуут хажуу талаас ирээд л цохих юм. Нэг нь араас ирээд боох юм.
БАРИМТ 13
Зодолдох гэж байхад Сэрдамба ах надад бага уугаарай гэж хэлсэн. Би бага л уусан. Хамгийн гол нь би гурван удаа цохиулж, гурван удаа ухаан алдаж унасан. Цохиулахад толгой нэлээн манарсан. Ах нарынхаа өөдөөс хараад хоёр гурван удаа бол цохиулж чадна. Миний ах нар ухамсрын шанаа өгвөл баярлалаа гээд л авна. Нэг насаар ах байсан ч бүгдийг нь хүндэлнэ. Харин намайг арай хэтрүүлчхээд байдаг юм уу гэж санагддаг. Та нар энэ тэр гэж ерөөсөө тэгж хэлдэггүй. Би сайн байна уу ахаа, сайн байна уу ахаа гээд л хэлдэг. Би хэнд ч гомддоггүй. Намайг үхээсэй гэж бодож байгаа хүн байсан ч би ахаа гээд мэндлээд хүндлээд явж чадна. Хэнд гомдох юм бэ. Надад тийм хүмүүжил байхгүй.
БАРИМТ 14
Нэг лайв хийгээд бүх зүйл орвонгоороо эргэчихлээ. Би нэг л юм ойлголоо. Миний аав жаахан уудаг хүн байсан. Аав маань уухаа болиод л нүдэн дээр гоё болсон. Би одоо хоёр охинтой. Хоёр охин, Монголынхоо ард түмний төлөө энэ архи гэдэг новшийн зүйлээс татгалзана. Би хоёр охиныхоо төлөө архинаас гарна. Би тэнд архи уусан нь миний алдаа байхгүй юу. Миний буруу. Буруугаа бол өөртөө л өгье дөө. Би эрүүл байсан бол, тойроод л гарч байх байсан.
БАРИМТ 15
Би мансууруулах бодис, хар тамхи хэрэглэж байгаагүй. 14 хоногтоо нэг допингийн шинжилгээ өгдөг. Шалдан гүйсэн тухайд бол тухайн үед таньдаг найзууд дуудаад би очсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн л эмнэлэгт сэрсэн. Яг үнэндээ бол миний амьдралын хамгийн новшийн зүйл бол энэ. Би энэ явдлын дараа амиа хорломоор санагдсан. Хүмүүс намайг юу гэж бодох болоо гэхээс л амиа хорломоор санагдсан. Ахиж би тэнд байсан хүмүүстэй харьцаагүй.
БАРИМТ 16
Надаас мансууруулах бодис илрээд шүүхээс зохих хэмжээний шийтгэл аваад 20 хоног баривчилгаанд суусан. Би тэнд байхдаа их зүйл ойлгосон. Хүний эрх чөлөө гэж ямар гоё юм бэ. Хүн ер нь хутганы ирмэг дээр л алхаж байдаг юм байна. Жоохон хазайх юм бол асуудалд орчих гээд. Эсвэл зүгээр мөрөөрөө алхаж яваа хүн дээр хажуу талаас мөргөх ч юм уу. Гай гэж байдаг юм байна гээд их олон зүйл бодсон.
БАРИМТ 17
Намайг зодсон хоёр ах болохоор дүүгээ ингэчихлээ. ДАШТ-нд нь явуулаад өгөөч гээд бичгээр бас хүсэлт өгсөн юм билээ. Хоёр ах маргааш нь эрүүлжихээс гарч ирээд надаас уучлал гуйсан. Би яг үнэндээ тэр хоёр ахад гомдохгүй байна. Хамгийн гол нь би тэнд архи уусан нь миний л буруу. Гэхдээ миний арван жил хөдөлмөрлөсөн гавьяатын тэмдгийг хуваасанд л гомдоод байгаа юм. Одоо энэ дэлхийн аварга болохоор Монголын ард түмнийг баярлуулах сүүлийн боломж.
БАРИМТ 18
2016 оноос хойш мэргэжлийн боксоос санал ирсэн. Би яваагүй. Уг нь явсан бол, Н.Төгсцогт ах шиг амжилт үзүүлээд явж байх байсан. Гэтэл би Монголдоо амьдраад олимпын аварга болох зорилго тавьсан.
БАРИМТ 19
Одоо бол холбоо шинэчлэгдсэн. Намайг өмнө нь аймар их анхаардаг байсан. Батнасан ах ялангуяа дэлхийн аваргын медальтай болгосон. Гавьяат тамирчин болгосон. Би Батнасан ахад баярлаж явдаг. Бас гомдож ч явдаг. 2015 онд насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж байсан байхгүй юу. Тэгээд би Ази, Дэлхийн аваргад явах байсан. Гэтэл би түрүүлчхээд байхад мөнгөн медаль авсан тамирчныг авч явсан. Би ах нарыгаа ринген дээр хожиж байж л цаашдын тэмцээнд орох эрхээ авдаг. Хэрвээ намайг дүү нар минь хожвол би маш их баярлана. Би Оки ахыг хожихдоо МУГТ, Азийн аварга, Дэлхийн аварга болох юм байна гэж өөрийгөө бодсон. Өөрөөсөө илүү тамирчинг хожихоор урам ордог юм билээ. Гэхдээ хоёрдугаар байранд орсон Идэрээ ахыг аваад явсан. Тэр үед би шантраад боксоо больё гэж бодсон. Угаасаа намайг дэмжихгүй юм байна гээд л. Миний оронд явсан Идэрээ ах хоёр тэмцээнээс хоёулангаас нь медаль аваагүй ирсэн.
БАРИМТ 20
Ёсзүйн алдаанаас болж намайг дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн. Би олимпын тэтгэлэг авч үзэж байгаагүй. Тэтгэлэг авахыг хүсдэг байсан. Риогийн олимпоор орж байхад тэтгэлэг өгчих болов уу яах бол гээд их боддог байсан. Одоо олимпын хорооны дарга чинь Э.Бадар-Ууган ах шүү дээ. Миний хүндэлж явдаг ах. Би Э.Бадар-Ууган ах, Сэрдамба ах хоёр байгаа учраас би бокст орсон. Энэ хоёрыгоо насан туршдаа хүндэлж явах болно.
БАРИМТ 21
Би Монгол Улсын төрийн далбаа, төрийн дууллыг олон улсад эгшиглүүлэх зорилготой. Монголчууд ийм шүү гэдгийг харуулахыг хүсдэг юм. Би Мэргэжлийн бокс руу нэг алхам ойртох нь энэ дэлхийн аварга. Би дэлхийн аваргаар л Монголын ард түмнийг баярлуулна. Би АНУ-д очиод Цэндбаатар гэж яригдахгүй шүү дээ. Монгол Улс л гэж яригдана. Тиймээс Монгол Улс гэдэг нэрийг л өндөрт өргөмөөр байна.
БАРИМТ 22
Би сэтгэлзүйчтэй уулзаж байсан. Гэхдээ надтай ойлголцож чадахгүй байсан. Мэдэхгүй ээ. Миний бодолтой санал нийлэхгүй байх шиг байсан. Миний багш намайг багаас бэлдэж гаргаж ирсэн. Миний багш Энхтайван гэж хүн байдаг. Талийгаач Банди багш маань өрсөлдөгч тамирчны алдааг хардаг, тамирчнаа мэдэрдэг. Аймар нервтээд амрах гээд буугаад ирэхээр эхлээд миний хүү тайвшир, багшийнхаа үгийг маш сайн сонсоорой гэдэг. Яг тэр хэлснээр нь тоглохоор хождог байсан. Би ринген дээр уурлаж байхад хажуу талаас багш нь хараал хэлээд загнаад байхаар тоглолт гардаггүй.
БАРИМТ 23
Азийн аваргаас өмнө шалдан гүйсний дараа л шигшээ багаас хасагдсан. Шигшээ багт байхад 670 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Түүнээс хойш цалин аваагүй. Харин ШШГЕГ-ын харьяа Сүлд спорт хороо миний алдааг уучлаад ажлуулж байгаа. ДАШТ-ний хүрэл медаль 450 мянган төгрөг байдаг. Ажнай корпорацийн Чанцал даргатай алалцаж байж 600 мянган төгрөг авдаг. Би нэхэж авдаг. Заримдаа гуйж байж авдаг.
БАРИМТ 24
Мэргэжлийн боксод тоглох эрх 2016 онд л надад нээлттэй байсан. Хүрээд ир байр, бүх зардлыг чинь даая, чи гарын үсэг зурахад л болоо гэж байсан. ДАШТ-ний өмнө АНУ-д очиж бэлтгэл хийж үзсэн. Надад маш их таалагдсан. Одоо ч эрх маань нээлттэй байгаа.
Сэтгэгдэл (29)