Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье. Зуны амралт дуусаж, есдүгээр сарын 1-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор та бүхэн маань сургууль танхимаа харах гэж, ангийн найз, багш нартайгаа уулзах гэж догдлон байгааг ойлгож байна.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуусаа, монголчууд эртнээс эрдэм ном дээд баян хэмээн эрдэм номыг чухалчлан дээдэлж ирсэн билээ. Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах мэдэхэд туйлбартай зүтгэх аваас зорьсон эрдэм, үйлс бүтдэг жамтай.
Багш, оюутан, сурагчид, нийт ард иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье" хэмээлээ.
Сэтгэгдэл (3)