“Рио Тинто” компани Монголын талтай зөвшилцөж, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх санал гаргажээ.
Тодруулбал, энэ сарын 10-нд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсэн.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг тусгасан байна. Цаашлаад, гүний уурхайн төслийн явц, удирдлагатай холбоотой илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг уг дүгнэлтээс харах боломжтой юм.
Ялангуяа, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан.
Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны тайлбар хүслээ. Мөн далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэхийг шаардлаа. Та бүхний хүсэж байгаачлан Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг батлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарсан байхад бид далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч, батлах боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн" гэсэн тайлбар өгсөн юм.
Тэгвэл ажлын хэсгийн дээрх мэдэгдлийн дараа Рио-Тинто компани Засгийн газартай зөвшилцөх санал гаргасан нь тус компанийг манай улсын хандсан хөндлөнгийн шинжээчдээс гадна хэд хэд байгууллагаас шалгаж эхэлсэнтэй холбоотой аж.
Ингэхдээ тэдний зүгээс рояалтиг хэвээр үлдээж, зээлийн хүүг бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин Оюутолгойн ажлын хэсгийнхний хувьд далд уурхайн бүтээн байгуулалт иргэдэд өгөөжтэй, Монголын талд ашигтай байлгахаар зорьж ажиллаж байгаа билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (10)