Коронавирус цар тахалтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг Хятадын талаас гаргасан.
Хоёр тал ярилцсаны үр дүнд өнөөдрөөс нүүрс тээврийн жолооч нараас коронавирусний шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө. Энэ шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд маргаашаас богинын нүүрс тээвэр эхэлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс Монголын хилээр нүүрс тээврийн хэрэгсэл гарахад болон Хятадаас эргэж орж ирэхэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, халууныг хэмжиж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, хяналт шалгалт сайтар тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.