БАРИМТ 1
Паралимп нь анх 1880 оноос эхэлсэн түүхтэй ч 1945 онд нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнүүдийг системтэй эмчлэх, нөхөн сэргээх зорилгоор тэдний дунд спортын тэмцээн зохион байгуулсан нь паралимпийн хөдөлгөөн хөгжих суурийг тавьсан гэж үздэг байна.
БАРИМТ 2
Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам энэ сарын 25-ны өдөр Токио хотноо нээлтээ хийлээ.
БАРИМТ 3
Токио-2020 паралимпийн цомыг Японы пара хүндийн өргөлтийн тамирчин Карин Морисаки, тэргэнцэртэй теннисний тамирчин Юүи Камижи, боччагийн тамирчин Шүнсүкэ Үчида нар асааж, наадмыг эхлүүлэв.
БАРИМТ 4
Энэ удаагийн паралимпийн нээлт "Бидэнд жигүүр бий" гэх ерөнхий санааг дэлхий нийтэд харуулахыг зорьсон байна.
БАРИМТ 5
Токио-2020 паралимпийн наадамд спортын 22 төрлөөр 4400 тамирчин 539 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
БАРИМТ 6
Харин энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцож байна. “Рио-2016” олимпийн наадамд 159 улс оролцож байжээ.
БАРИМТ 7
Паралимпод Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс анх удаа оролцож байна.
БАРИМТ 8
Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан.
БАРИМТ 9
Нээлтийн ёслолын үеэр IPC буюу Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Андрью Парсонс “Эцэст нь бид энд ирсэн гэдэгт итгэхгүй байна. Олон хүн энэ өдөр тохионо гэдэгт эргэлзэж байсан. Олон хүн энэ бүгдийг боломжгүй гэж бодож байсан. Гэхдээ олон хүний хүчин чармайлтын ачаар дэлхий дээрх хамгийн их өөрчлөлт дагуулсан спортын арга хэмжээ нээлтээ хийж байна. Бид бүхэл дэлхийг өөрчлөхийг хүсч байна” хэмээжээ.
БАРИМТ 10
Токио хот паралимпийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан анхны хот болов.
БАРИМТ 11
Олон улсын паралимпын хорооны ивээл дор дүрвэгсдийн баг албан ёсоор хоёр дахь удаагаа оролцож байгаагаараа онцлог байлаа.
БАРИМТ 12
Паралимпийн дүрвэгсдийн багийн туг баригчдаар Алиа Исса болон Аббас Карими нар сонгогдсон байв.
БАРИМТ 13
Андрью Парсонс дүрвэгсдийн багийн талаар ярихдаа “Энэ зургаан тамирчин дайны хөлд нэрвэгдсэн, эрхээ эдэлж чадахгүй байгаа дэлхийн 82 сая хүнийг мөн, хөгжлийн бэрхшээлтэй 12 сая хүнийг төлөөлж байна” гэж тодорхойлжээ.
БАРИМТ 14
Дүрвэгсдийн багийн араас Афганистан улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр цэнгэлдэхэд залжээ. Хэдийгээр улс оронд нь нөхцөл байдал тогтворгүй, паралимпийн тамирчид нь Токиод ирж чадаагүй ч тэдний хүндэтгэн энэ арга хэмжээг зохион байгуулжээ.
БАРИМТ 15
Афганистаны тамирчдын талаар Андрью Парсонс энэ долоо хоногийн эхээр “Бид тэднийг Токиод байлгахыг хүсч байгаа ч харамсалтай нь, боломжгүй. Гэхдээ тэд сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байна” гэв.
БАРИМТ 16
Энэ удаагийн наадам жендерийн оролцоог тэгш хангах зорилгоор наадмын хөтөлбөрт багтсан спортын эмэгтэй тамирчдын тоог нэмжээ.
БАРИМТ 17
“Рио-2016” паралимпийн эмэгтэй тамирчид 36 хувийг эзэлж байсан бол тус наадамд оролцогчдын 44.6 хувийг эмэгтэй тамирчдаар бүрдүүлсэн байна.
БАРИМТ 18
Цар тахалаас үүдэн паралимпийг үзэгчгүй зохион байгуулж байгаа. Зөвхөн дасгалжуулагч, багийн гишүүд, албаны цөөн хэдэн хүн оролцож байгаа юм.
БАРИМТ 19
Энэ удаагийн паралимпийн наадамд Монгол Улсаас спортын 6 төрөлд 11 тамирчин эрхээ аван оролцож байна.
БАРИМТ 20
Манай улсын хувьд анх “Сидней-2000” пара наадамд оролцож байжээ. Харин “Бээжин-2008” зуны паралимпийн наадмын байт харвааны төрөлд Д.Баатаржав алтан медаль хүртэж байсан түүхтэй.
БАРИМТ 21
Энэ удаагийн наадамд манай улсаас Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ, Д.Саруултөгс,П.Энхманлай, З.Ганбаатар, А.Мөнхбат, С.Ядамдорж, Н.Алтанцэцэг болон Б.Цагаанбаатар триатлоны төрөлд шүүгчээр оролцож байгаа юм.
БАРИМТ 22
Монголын баг тамирчид “Michel & Amazonka”-ийн урласан хувцсаар гоёж, нээлтэндээ оролцсон. Багийн туг баригчдаар жүдо бөхийн тамирчин А.Мөнхбат, байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ нар жагссан юм.
БАРИМТ 23
Токио зуны паралимпын наадмын триатлоны тэмцээнийг өнөөдөр Монголын шүүгч Б.Цагаанбаатар дэнслэнэ. Тэрбээр паралимпын наадам шүүсэн анхны монгол шүүгч болж байгаагаараа онцлог болж байна.
БАРИМТ 24
Андрью Парсонс ярианыхаа төгсгөлд “Паралимпчуудаа, Та бүхэн энд ирэхийн тулд цус, хөлс, нулимс гээд бүхнээ зориулсан. Харин одоо та бүхэн авьяас, ур чадвар, хүч чадал, шийдэмгий байдлаа дэлхий нийтэд харуулах цаг ирлээ. Дэлхийн нийт одоо та бүхнийг аварга, баатар, найз, хамтран зүтгэгч, роль модель, зүгээр хүн гэдгээр дахин таних цаг ирлээ. Та бүхэн хүн төрөлхтний хамгийн шилдэг нь. Зөвхөн та л өөрийгөө хэн болохыг шийдэх цорын ганц хүн юм шүү” гэжээ.Токио-2020 паралимпийн тэмцээн есдүгээр сарын 5-ны өдөр хаалтаа хийнэ.
Сэтгэгдэл (1)