БАРИМТ 1
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Өмнө нь Улаанбаатар хотын иргэдэд хийсэн шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан. Аймаг орон нутгийн хувьд сүүлийн хоёр долоо хоногт тогтвортой өсч байна. Харин одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч, 17.6 хувьд хүрлээ.
БАРИМТ 2
Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод бүртгэгдэх тохиолдлын тоо 400-аас доош орох боломжтой гэх тооцоолол бий. Гэсэн хэдий ч нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 50 гаруй хувь нь аймаг, орон нутагт бүртгэгдэж байна.
БАРИМТ 3
Орон нутгаас хэд хэдэн аймагт өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Ховд аймагт өвчлөл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд бууралгүй, тогтвортой өсөж байгаа.
БАРИМТ 4
Өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа учраас бид богино хугацаанд тооцоолол хийж байгаа. Хүн амын хөдөлгөөнтэй холбоотой эрсдэл хэвээр байгаа. Тиймээс дараа дараагийн тооцоолол дээр нөхцөл байдал яаж эргэх нь тодорхойгүй.
БАРИМТ 5
Манай улсын хүн амын 60 орчим хувь нь коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Иймд үлдсэн 40 хувь нь халдвар авах эрсдэлтэй.
БАРИМТ 6
Вакцины халдвараас хамгаалах үр нөлөө нь 75-90 хувь байдаг тул вакцинд хамрагдсан хүн амын 10-25 хувь нь халдвар авах эрсдэлтэй тул батлагдсан тохиолдол цааш нэмэгдэнэ.
БАРИМТ 7
Ямар ч вирус гадаад орчинд гараад амьдрах чадвараа маш хурдан алддаг. Тиймээс коронавирус гадаргуугаас халдварлах байдал харьцангуй бага гэх судалгаа дэлхий нийтэд яригдаж байна.
БАРИМТ 8
Дельта хувилбарын тухайд агаар дуслын замаар буюу бусад хувилбартайгаа ижил байдлаар халдварлана. Өөрөөр хэлбэл, халдвар тархах зам адилхан тул сэргийлэх арга нь ч адилхан. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа сайн барьж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Гадаргуу дээр хүрсэн тохиолдолд заавал гараа савандаж угаах, угаагаагүй байхдаа нүүр, ам, хамартаа хүрэхгүй байх дадлыг хэвшүүлэх ёстой.
БАРИМТ 9
Ямар нэг байдлаар коронавирусний аль нэг хувилбараар үүсгэгдсэн давлагаа гарвал эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэх эрсдэл бий. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал нэлээд төвөгтэй болдог. Тэгэхээр хүний нөөцийн асуудал ч яригдана.
БАРИМТ 10
ХӨСҮТ дээр тодорхой хэмжээний үндсэн орон тооны ажилчдаас гадна 50 орчим резидент эмчийг дайчлан ажиллуулж байна. Нөхцөл байдалтай уялдуулан эмч нарыг хаана дайчлах асуудлыг тухай бүрд нь шийднэ.
БАРИМТ 11
Одоогийн нөхцөл байдлын тухайд тандалт, хавьтал судлалын ажиллагаа болон судалгааны ажилтай холбоотой нэмэлт хүний нөөц зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс бид анагаахын сургууль төгссөн болон анагаахын оюутнуудыг дайчлан гэрээт ажилтнаар ажиллуулж хүний нөөцийн зохицуулалтыг хийж байна.
БАРИМТ 12
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан: Мутацад орсон Альфо хувилбар 180, Бета хувилбар 130, Дельта хувилбар 124 оронд бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад дельта хувилбарын коронавирусээр долоон хүн өвчилсөн. Тэдгээр хүнийг тусгаарлаж тандалтын арга хэмжээг авч байна.
БАРИМТ 13
Коронавирусний мутацлагдсан хувилбараас дельта нь хамгийн эрсдэл өндөртэй буюу хурдан тархаж байна. Өнгөрсөн долоо хоногт дельта хувилбар дэлхийн 111 оронд бүртгэгдээд байсан бол долоо хоногийн дотор нэмж 13 улсад бүртгэгдсэн. Мөн дельта хувилбар нь альфа хувилбараас тархах чадвар 60 хувиар илүү хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
БАРИМТ 14
Дэлхийн хүн амын ердөө 26 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан. Африк болон зарим улс орон нийт хүн амынхаа дөрвөн хувийг л вакцинд хамруулсан.
БАРИМТ 15
Гуравдугаар тунгийн хувьд бид вакцины үр нөлөөг эхэлж анхааралтай судлах шаардлагатай.
БАРИМТ 16
Халдвар тархаж байгаагийн гол шалтгаан нь хүн амын хөдөлгөөн. Тиймээс наймдугаар сард ямар нэг байдлаар найр, хурим хийж олуулаа цуглахгүй байхыг хүсье.
БАРИМТ 17
Бид хичээвэл вакцины үр нөлөө сайн гарна. Одоогоор манай улсын хүн амын 58 хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Энэ нь маш сайн үзүүлэлт. Гэхдээ вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс энэ вирусийн мутаци үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлж байна. Мөн эмнэлгийн ачааллыг нэмж байгаа нь шалтгаанд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байна.
БАРИМТ 18
Үнэхээр вакцин хийлгэж болохгүй шалтгаантай иргэд байгаа. Гэхдээ хийлгэх боломжтой ч вакциныг эсэргүүцэж байгаа иргэд бий. Коронавирусний аль ч вакциныг хийлгэсэн тухайн хүнийг уг өвчнөөр хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална.
БАРИМТ 19
Коронавирусний мутацад ороогүй хувилбарын нууц үеийн хугацаа 5.2 өдөр байсан бол дельта хувилбар 4.4 өдөр болж богиносжээ. Мөн хүнд халдварлах хугацаа анхны хувилбар дээр 10.9 өдөр байсан бол дельта хувилбарынх 7.3 өдөр байна.
БАРИМТ 20
Коронавирусний дельта хувилбараас сэргийлэхэд вакцин их чухал. Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар вакцины хамгаалах чадвал дельта болон альфа хувилбарт ижил бөгөөд нас барах, эмнэлэгт хэвтэн эрсдэлийг бууруулж чадаж байна гэж үзсэн. Харин вакцины нэг тунг хийлгэсийн хүмүүсийн хувьд Дельта хувилбараар өвчлөх эрсдэл 33 хувь, Альфа хувилбараар өвчлөх эрсдэл 50 хувиар буурсан байна.
БАРИМТ 21
Коронавирус олон эрхтэн систем буюу судас, амьсгалын зам, хоол боловсруулах зам, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг тул архаг хууч өвчтэй хүмүүс халдварт өртөхгүйн тулд анхаарах ёстой. Халдвар авсан хүмүүс мөн дур мэдэн вирусийн эсрэг эм хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Учир нь вирусийн эсрэг эм хэрэглэснээр “эмийн дасал” гэж зүйл үүсдэг. Өөрөөр хэлбэл, эмийн дасал болсон тохиолдолд өөр вирусийн халдвараар өвчлөхөд эмийн үр дүн үйлчлэхгүй байх сөрөг нөлөөтэй.
БАРИМТ 22
ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох: Монгол Улсад хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 7,400 ор байна. Харин орон нутагт дахь эмнэлгийн орны тоо маш бага. Тиймээс орон нутагт халдвар нэмэгдсээр байвал орны хүрэлцээ тодорхой хэмжээнд асуудалд орно. Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчний хангалт хязгаарлагдмал буюу халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн маш цөөхөн.
БАРИМТ 23
Хэрэв халдвар өнөөдрийн түвшнээс хоёр дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүний тоо өсвөл хамгийн түрүүнд орон нутагт төвөгтэй байдалд орохоор байна. Тиймээс бид үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Орон нутагт өмнө нь нийт 1,000 давж байсан үе бий. Энэ нь өнөөдрийн аймгуудад бүртгэгдэж буй 600, 700 тохиолдол бага мэт харагдаж байгаа ч нийслэлээс давсан үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Тиймээс халдвар нэмэгдвэл орон нутаг дахь эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд доголдол гарах нь гарцаагүй болчхоод байна.
БАРИМТ 24
Зарим аймгаас хүнд хүмүүсээ нийслэл рүү шилжүүлэх хүсэлт тавьж эхэллээ. Орон нутгийн эрүүл мэндийн тусламжийг чадавх Улаанбаатарын нэгдсэн эмнэлэгтэй харьцуулах боломж байхгүй бид өнөөдрөөс эхлэн анхаарах ёстой. Хэдийгээр бид орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулж байгаа ч тэр нөөцөөс давсан буюу бидний бэлтгэлээс давсан асуудал үүсвэл тэнд маш хүндрэл үүснэ.
Сэтгэгдэл (1)