Ардчилсан намаас ээлжит 4/11 мэдээллийн үеэр хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тодруулбал, Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өргөтгөсөн хурлыг зохион байгуулах, Засгийн газар авлигын эсрэг ажлын хэсэг байгуулах, Улсын Дээд шүүхээс С.Баярцогт нарын хэргийг буцаасан асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн манлайллыг авч, томоохон асуудлыг шийдэх ёстой. Тиймээс биш Замын-Үүдэд гүйж очоод хаалганы хэрүүл, нисэх онгоцны нээлтэд оролцох зэргээр жижиг асуудалд оролцох учиргүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Монгол төрийн зангараг дутаж байна.
Ерөнхий сайд та хилийн боомт дээр хаалганы хэрүүл хийх хүртэл жижгэрч байгаа бол төр ямар их завхарсан, ямар хариуцлагагүй болсныг тод харуулж байгаа хэрэг. Энэ бол төрийн тэргүүн, Ерөнхий сайдын хийх ажил биш. Монголд өнөөдөр шийдэх ёстой маш олон том асуудлууд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татахад бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Эдийн засгаа тэлж, хэрэгждэггүй хууль дүрмийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой.
Хууль завхруулж, ажил хийдэггүй төрд алба хашиж буй яам агентлагийн дарга нарт хариуцлага тооцооч. Бүрэн эрх нь танд байгаа. Мөн Засгийн газар авлигын индексийг хоёр оронтой тоонд авчрах том зорилго тавилаа.
Ардчилсан нам Засгийн эрхийг барих хугацаанд 120 дугаарт жагсч байсан авлигын индексийг 72 хүртэл бууруулж байлаа. Гэтэл сүүлийн зургаан жилд Монгол Ардын нам төрийн эрхийг барихад авлига, хүнд суртал цэцэглэсэн. Энэ дүнг бид биш олон улсын байгууллагууд үнэлж гаргадаг. Авлигын индексээр Монгол Улс 111 дүгээрт жагсч хойш ухарсан. Асуудлаа олж харж байгаа нь сайн хэрэг боловч ажлаа хийх арга нь зөв байх ёстой.
Авлигатай тэмцэх газар гэх бие даасан, УИХ-аас байгуулдаг байгууллага байхад Засгийн газар зэрэгцээд авлигын эсрэг ажлын хэсэг байгуулах шаардлагагүй. Хэрэв Засгийн газар нь авлигын эсрэг ажлын хэсэг байгуулбал институц хоорондын зөрчил үүснэ.
Тиймээс Авлигатай тэмцэх газраа татан буулга. Эсвэл Засгийн газар бие даасан байгууллагатай болохоор болбол хуультай болго. Монголд өнөөдөр авлигатай тэмцдэг төрийн байгууллага багадаагүй” хэмээлээ.
Сэтгэгдэл (738)