Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн биелэлт гүйцэтгэлийг танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар ипотекийн зээлд 512 тэрбум төгрөг олгосон. Нийт 6917 өрх энэ зээлд хамрагдсан. Мөн үүний нөлөөгөөр барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86.6 мянган хүн ажлын байраа хадгалж үлдсэн байна.
Эхний улиралд манай улсын эдийн засаг 15 хувиар өслөө. 2019 онтой харьцуулахад 3 хувийн цэвэр өсөлттэй байна. Энэ оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх зорилгодоо хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна гэж харж байгаа.
Аж ахуй нэгжийн орлогын албан татвар энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна. 2020 онтой харьцуулахад 57 хувиар өсжээ. НӨАТ мөн л өсөж, 2019 оны буюу ковидын өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчдийн тоо хоёр дахин өссөн нь үүнд нөлөөлсөн.
АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харвцуулахад 135 хувиар, 2019 оныхтой харьцуулахад 24,2 хувиар өссөн. Энэ татвар Ирээдүйн өв сан болон Тогтворжуулалтын санд хадгалагддаг гэдгийг онцлох хэрэгтэй.
Гэвч бидэнд эрсдэл байсаар байна. Замын-Үүд, Гашуунсухайдад гарсан гацааны улмаас нүүрс тээвэр дараалан хоёр сар доголдсон. Энэ нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Гашуун Сухайт боомт дээр жолооч нарыг урд хилээр цаашид гаргахгүйгээр хилийн бүсэд солилцож байхаар шинэ терминал барих ажил эхэлсэн. Наадмын амралтаар ч зогсоолгүй үргэлжлүүлж байна.
Дэлхий нийтээрээ Засгийн газрууд хөрөнгийн зах зээлээ дэмжсээр байна. Мөнгөний нийлүүлэлт олон оронд нэмэгдэв. Эдийн засгийн өсөлттэй хамт инфляц АНУ, Европт ажиглагдаж эхэллээ. Иймд инфляцын эсрэг мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ Төв банкууд мэдээлж эхэллээ. Манай улсад инфляц 7 хувь байна. Төв банк энэ онд инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байна.
Төлбөрин тэнцлийн тухайд эхний улиралд 245 сая ам.долларын эерэг баланстай байна. Сүүлийн арван сарын турш төгрөгийн ханш ам.долларын эсрэг маш тогтвортой байна. Тэгэхээр ханшаар дамжуулан манай инфляцад үзүүлэх сөрөг нөлөө байхгүй. Харин хил дээр ачаа тээврийн механик гацаа үнэд нөлөөлсөн. Манай хоёр хөршид авто замын ачаа тээвэр ихээхэн ачаалалтай байна. Манай улсын нийт ачаа тээврийн 80 хувь нь Замын-Үүдэд ногддог. Цаашид өөр горимоор ачаа тээврийг хэвийн татах болможийг бүрдүүлж байна" гэлээ.
Р.Алтан