БАРИМТ 1
Гантулгын Ган-Эрдэнэ нь 1991 оны төмөр хонь жилийн 11-р сарын 29-нд Улаанбаатар хотод мэндэлсэн.
БАРИМТ 2
Түүний өндөр нь 192см бөгөөд жин нь 177кг юм. Энэ нь дундаж сүмочдаас хамаагүй том биетэй гэсэн үг. Сүмо бөхчүүдийн дундаж өндөр нь 185см байдаг бол жин нь 148кг байдаг байна.
БАРИМТ 3
Хүүхэд байхдаа Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат аваргын дор жүдо бөхийн бэлтгэл сургуулилт хийдэг байсан бөгөөд Ж.Мөнхбат аварга түүний сүмо бөхөөр амжилт гаргаж болохыг нь анзаарч харснаар Тоттори Жохоку ахлах сургуульд суралцуулж сүмо бөхийн ирээдүйн их аварга болгохоор Япон улс руу илгээж байсан.
БАРИМТ 4
Улмаар тус сургуульдаа одоогийн дээд зиндаанд барилддаг Ичиножо Ичинноровтой хамт суралцсан бөгөөд хүүхэд байхаасаа л тэд хоорондоо хүчтэй өрсөлдсөөр ирсэн.
БАРИМТ 5
Тус сургуульд гурав дахь жилдээ сурч байхдаа ахлах сургуулиудын дунд зохиогддог сүмо бөхийн тэмцээнд түрүүлж үндэсний аварга болсон.
БАРИМТ 6
Анх мэргэжлийн сүмод 2011 онд элсэж байсан бол 2013 онд Жүрёо зиндаанд дэвшин орж цолтой бөх болсон. Түүний барилдааны онцлог нь барицанд хүрж өөрийн том бие, бяр хүчээ ашиглан дэвжээнээс түрэн гаргах юм.
БАРИМТ 7
2015 оны 5-р сарын башёод Макүүчи буюу дээд зиндаанд анх удаагаа түрүүлснээр Озэки цол хүртсэн.
БАРИМТ 8
Тэрээр энэ түрүүгээ мэргэжлийн сүмод анх орсон цагаасаа хойш 25 дахь башёо дээрээ авсан байдаг. Энэ амжилт нь түүнийг хамгийн хурдан дээд зиндаанд түрүүлсэн гурав дахь бөх болгосон. (Асашёрюү болон Таканохана нар 23 дахь башёо дээрээ дээд зиндаанд түрүүлж байсан)
БАРИМТ 9
Анх сүмод элсэхдээ Магаки дэвжээнд хаарьяалагдсан бөгөөд Вакамишо гэх нэрний дор барилдаж эхэлсэн.
БАРИМТ 10
Анхны гурван башёодоо нийт гурван ялагдал хүлээсэн бөгөөд Жонокүчи, Жонидан, Санданмэ зиндаануудад зөвхөн нэг л башёо барилдсаны дараа Макушита зиндаа руу дэвшин гарсан.
БАРИМТ 11
2012 оны 1-р сард Макушита зиндаанд гарч ирснээсээ хойш хүссэн хэмжээгээрээ барилдаж чадахгүй байсан тул Магаки дэвжээнээс гарч Исэгахама дэвжээ рүү шилжин орсон.
БАРИМТ 12
Тус шилжилт нь Магаки дэвжээ нь Исэгахама дэвжээний хажууд маш жижиг дэвжээ бөгөөд бэлтгэл хийх орон зай дутмаг мөн бэлтгэл хангаж өгөх өндөр цолтой бөхчүүд байхгүй байсан тул өөрөөсөө илүү бөхчүүдтэй бэлтгэл хийж өсөн дэвжихийн тулд байсан.
БАРИМТ 13
2013 оны 7-р сарын башёод 6-1 гэсэн амжилттайгаар башёог өндөрлүүлснээр 9-р сарын башёод Жүрёо зиндаанд дэвшин барилдахаар болсон.
БАРИМТ 14
Жүрёо зиндаанд дэвшмэгцээ нэрээ Тэрүнофүжи болгон өөрчилсөн бөгөөд тус нэр нь дэвжээнийх нь аваргууд болох Тэрүкүни, Асахифүжи нарын нэрсийн нэгдэл юм.
БАРИМТ 15
Дээд зиндааанд дэвшсэн анхны башёодоо 2-7 гэх тааруу амжилттайгаар башёог үргэлжлүүлж байсан ч үлдсэн зургаан өдөрт бүгдэд нь давснаар анхны башёодоо качи-коши хийж байсан.
БАРИМТ 16
2015 оны 1-р сарын башёод Озэки цолтой Гоеидо, Кисэносато болон Сэкивакэ Цолтой Аоияама нарыг өвдөг шороодуулж 8-7 гэх харьцаатай тэмцээнийг өндөрлүүлснээр “Дайчин барилдаанч” гэх шагналыг хүртсэн нь түүний анхны шагнал байв.
БАРИМТ 17
Дараагийн башёод нь Сэкивакэ цолтойгоор барилдан Хакүхо Даваажаргал аваргын 36 дараалан ялагдал хүлээгээгүй амжилтыг нь зогсоож байсан.
БАРИМТ 18
Дээд зиндааны анхны түрүүгээ 12-3 гэсэн харьцаатайгаар түрүүлж авсан бөгөөд ярилцлага өгөхдөө нүдэндээ нулимстайгаар “15 настай байхдаа сүмо бөхийг зурагтаар үзээд мэргэжлийн бөх болохыг үнэхээр их хүссэн. Улмаар би Японд хүүхэд байхдаа мөрөөдлөө даган ирсэн. Харин одоо мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж чадлаа” хэмээн хэлж байжээ.
БАРИМТ 19
Тус тэмцээний дараа Озэки цолыг хүртсэн бөгөөд Саняаку цолтойгоор зөвхөн дөрвөн башёо барилдсан тэрээр тус цолыг хүртсэн нь түүхэн дэх хамгийн бага башёо саняаку цолтойгоор барилдаж Озэки цолонд хүрсэн бөх болсон.
БАРИМТ 20
Гэвч түүний замнал үргэлж дардан байгаагүй бөгөөд 2017 оны 11-р сарын башёод өвдөгний маш хүнд бэртэл авсан бөгөөд улмаар цолоо алдаж доороосоо хоёр дахь буюу Жонидан зиндаа хүртэл чансаа уруудсан. Тус хугацаанд бөөрний чулуунаас болж мөн хэсэг хугацаанд тэмцээнийг өнжиж байсан. Мөн энэ нь Озэки цолонд хүрч байсан бөх хамгийн ихээр чансаа доошилсон тохиолдол болж байв.
БАРИМТ 21
2019 оны 3-р сарын башёогоос эхлэн гэмтлээ бүрэн эдгээж буцаад барилдаж эхэлсэн. Түүний барилдаанууд өмнөх Тэрүнофүжиг үнэхээр санагдуулж байлаа. Улмаар 2020 оны 7-р сарын башёогоос эхлэн 14 башёо дээд зиндаанаас гадуур өнгөрөөснийхөө дараа буцаж Макүүчид барилдаж эхэлсэн. Эхнийхээ тэмцээнд 13-2 харьцаатай башёог өндөрлүүлж дахин нэг удаа дээд зиндаанд түрүүлсэн.
БАРИМТ 22
Озэки цолыг авах болзол нь 3 башёогийн нийлбэр даваа нь 33 байх ёстой байдаг бөгөөд Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нь тус нөхцөлийг давуулан биелүүлж 43 даваа авснаар нэр төртэйгөөр хуучин цолоо энэ оны 3-р сард эргүүлэн авсан. Мөн тэрээр Озэки цолноос доош цолтойгоор дээд зиндаанд гурван удаа түрүүлсэн анхны бөх болсон.
БАРИМТ 23
Зодог тайлсныхаа дараа ч сүмо бөхийн ертөнцөд үлдэж багшлах сонирхолтой тул Японы иргэншил авах тал дээр хүсэлт гаргасан. Мөн 2018 онд Монгол бүсгүйтэй гэрлэсэн хэдий ч 2021 он гартал олон нийтэд зарлаагүй.
БАРИМТ 24
2021 оны 7-р сарын башёод амжилттай сайн барилдсанаар сүмо бөхийн түүхэн дэх 73 дахь, Монгол улсаас төрөн гарсан 5 дахь их аварга боллоо.
Сэтгэгдэл (751)