ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Маш том сургамж бидэнд байгаа. Тавдугаар сарын 22-ноос орон нутгийн хөл хөдөлгөөнийг нээсэн. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Үүнээс өмнө орон нутгууд эко байсан.
Өнгөрсөн долоо хоногт миний бие орон нутагт албан томилолтоор ажиллаад ирлээ. Энэ үеэр өмнө эко байсныг хэлж байсан. Хоёрдахь том давалгаа тавдугаар сарын 22-ноос хойш үүссэн нь хөдөлгөөний эрчимтэй холбоотой. Ялангуяа Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн.
Тухайн үед хүүхдүүдээс шинжилгээ авахгүйгээр өөрөөр хэлбэл, аав, ээж нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бол орон нутаг нэвтрүүлж болохоор байсан. Гэтэл зарим орон нутаг хилийн бүс дээр 0-17 насны хүүхдүүдээс түргэвчилсэн шинжилгээ аваад нэвтрүүлж байгаа. Тэндээс эерэг гарах тохиолдол нэлээдгүй байна гэж байгаа. Наадмын дараа орон нутгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэл байгаа. Үүнд, хаа хаанаа маш ухамсартай хандах хэрэгтэй.
Шинжилгээ авах гээд байна гэхээсээ илүүтэй өөрсдийг нь хамгаалах гээд байгааг иргэд сайтар ойлгох хэрэгтэй. Далд байсан шинж тэмдэг илэрвэл алслагдсан аймаг, сумдад эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрнэ.
Аймаг, сумдын нэгдсэн эмнэлгүүд үндсэн тусламжийн үйлчилгээгээ үзүүлж чадахгүйд хүрсэн. Орон нутгийн эмнэлгүүдэд эрчимт эмнэлгийн эмч нарын хүрэлцээ муугаас хоёрхон эмчтэй ээлжилж ажилладаг байх жишээтэй” гэлээ.
У.Тэргэл